Бид л буруутай юм байна

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Газрын тосны газрын даргын хэлснээр бол ийм л болж таараад байна. Ард түмэн шатахууны хомсдол үүсгэсэн гэнэ. Салбарын яам, бас импортлогчид бол ард түмнээ шатахуунаар хангах гэж өдөр  шөнөгүй чадах яда­хаараа хичээж байгаа аж. Өрх толгойлсон, олон хүүхэдтэй ядарсан эмэгтэй шиг л хүнд нөхцөлд ажиллаж байгаа гэж мань дарга зурагтаар уйлагнав. Үнэхээр тэр аргаа баржээ. Хөөрхийг өрөвдөв. Бид л дүүрчихсэн тэнэг хүмүүс юм. Сүүлийн 20 орчим жилийн турш Газрын тосны газрынхан яаж ажиллаж, ямар үр дүн гаргасныг хэн ч мэдэхгүй байгаа нь үнэн. Аягүй бол даргаар нь хэн гэдэг хүн ажилладгийг ч мэдэхгүй дээ. Одоо гэхэд л хар. Монгол хүнд л  байдаг гэх нэгнээсээ өрсөх гэж уралддаг зангаар хүмүүс ШТС-уудаас шатахуун авахдаа хэрэглээнээсээ илүүг нөөцөлсөөр байгаад хомсдол үүсгэчихсэн байна. Сайд, дарга нар маань биднийг тэжээх гэж яаж зүдэрч байгаа билээ. Аргаа барсандаа үе дамжин, газрын гүнд хадгалж ирсэн баялгаа хүртэл үнэ хүргэж өгчих гээд л толгой өндийх завгүй байна. Гэтэл бидний байж байгаа царай энэ. Шатахуун ч гэх шиг ялих шалихгүй юмаар саад болоод сууж байдаг…

Ерээд оны дундуур Азийн орнуудад нүүрлэсэн эдийн засгийн хямралыг Вьетнам, Өмнөд Солонгос улсын иргэд шунал гээчийг мартаж, өөрт ноогдсон аяга будаагаар гол зогоож байж амжилттай даван туулсан байдаг. Эмэгтэйчүүд нь чихэн дэх ээмэг, хуруун дахь бөгжөө хандивлах гээд банкны үүдэнд урт дараалал үүсгэдэг байсан гэсэн. Яг үүн шиг биднийг нэрвэсэн шатахууны хомсдолд ч ингэж хандах ёстой гэнэ. Гэхдээ ээмэг, бөгжөө бариад гүйлдэж чадахгүй ч гэсэн өдрийнхөө хэрэгцээгээр бага багаар шатахуун авахад л хомсдол арилах нь. Хүн бүр хөдөө гадаа явж, нар салхинд гарах тухай бодлоо энэ зундаа толгойноосоо аваад хаячихад л овоо хэмнэлт гарна даа. Түүнээс бус одоо болтол нефтийн ганц ч үйлдвэргүй байгаа энэ тэр бол огт нөлөөлөөгүй юм байна. Бас шатахууны импортын хэмжээг нэмж чадахгүй байгаа төр, засаг ч буруугүй аж. Цаадуул чинь ч сүүлийн үед шулуухан хэлж байгаа шүү дээ. “Хэдий болтол төр, засаг үүнтэй хутгалдах юм. Нэгэнт л хувийн хэвшлийнхэн энэ салбарыг авч яваа болохоор тэдний л мэдэх хэрэг” гэж. Тэгэхээр ингэж л ойлгогдож байна. Нэгэнт жолооч нар хар амиа бодоод ШТС-уудыг хоослоод байгаа учраас карт, талон тарааж зохицуулахаас өөр аргагүй юм байна. Овоо босгосон нь ч, бас дээр нь суусан шаазгай нь ч ард түмэн юм байна.

Н.МӨНХТӨВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж