
Ерээд оны дундуур Азийн орнуудад нүүрлэсэн эдийн засгийн хямралыг Вьетнам, Өмнөд Солонгос улсын иргэд шунал гээчийг мартаж, өөрт ноогдсон аяга будаагаар гол зогоож байж амжилттай даван туулсан байдаг. Эмэгтэйчүүд нь чихэн дэх ээмэг, хуруун дахь бөгжөө хандивлах гээд банкны үүдэнд урт дараалал үүсгэдэг байсан гэсэн. Яг үүн шиг биднийг нэрвэсэн шатахууны хомсдолд ч ингэж хандах ёстой гэнэ. Гэхдээ ээмэг, бөгжөө бариад гүйлдэж чадахгүй ч гэсэн өдрийнхөө хэрэгцээгээр бага багаар шатахуун авахад л хомсдол арилах нь. Хүн бүр хөдөө гадаа явж, нар салхинд гарах тухай бодлоо энэ зундаа толгойноосоо аваад хаячихад л овоо хэмнэлт гарна даа. Түүнээс бус одоо болтол нефтийн ганц ч үйлдвэргүй байгаа энэ тэр бол огт нөлөөлөөгүй юм байна. Бас шатахууны импортын хэмжээг нэмж чадахгүй байгаа төр, засаг ч буруугүй аж. Цаадуул чинь ч сүүлийн үед шулуухан хэлж байгаа шүү дээ. “Хэдий болтол төр, засаг үүнтэй хутгалдах юм. Нэгэнт л хувийн хэвшлийнхэн энэ салбарыг авч яваа болохоор тэдний л мэдэх хэрэг” гэж. Тэгэхээр ингэж л ойлгогдож байна. Нэгэнт жолооч нар хар амиа бодоод ШТС-уудыг хоослоод байгаа учраас карт, талон тарааж зохицуулахаас өөр аргагүй юм байна. Овоо босгосон нь ч, бас дээр нь суусан шаазгай нь ч ард түмэн юм байна.
Н.МӨНХТӨВШИН