”Путинизм”-ын золиос болсон Оросын тэрбумтан

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

”Путинизм”-ын золиос болсон Оросын тэрбумтан

 “ПУТИНИЗМ”-ЫН ЗОЛИОС БОЛСОН ОРОСЫН ТЭРБУМТАН

Оросын аюулгүйн албаныхан 2003 оны аравдугаар сарын нэгэн нартай өдөр Сибирийн нисэх онгоцны буудал дээр явж байсан Оросын хамгийн баян олигархид буу тулгаж, “Зогс! Гараа өргө. Эсэргүүцвэл буудна” хэмээн хашгирчээ. Дараа нь хууль сахиулагчид өнөөх эрийг зүүн Сибирийн Чита муж дахь Зөвлөлтийн үед ашиглалтад орсон нэгэн шорон руу ачсан юм. Түүний тэрбумаар тоологдох хөрөнгийг Оросын төр хураан авч, харин гэр бүл нь мартагдан хоцорсон байна.

Энэ бүхэн болж өнгөрснөөс хойш долоон жилийн дараа мань эр нүүрэндээ инээмсэглэл тодруулан шүүхийн танхимд орж иржээ. Түүнийг дэмжигчид болох олон зуун хүн гудамжинд жагсаж, зургийг нь өндрөөс өндөрт өргөн хашгирч эхэллээ. Оросын цагдаа нар тэднийг нэн даруй тараахын тулд чамгүй хөдөлмөр гаргасан аж. Шүүгч ялын тогтоол уншиж байх үед олигархи байсан өнөөх хүн харин цаасан дээр ямар нэгэн зүйлийг татлан бичээд завгүй сууж байгаа нь хэвлэлийнхний анхаарлыг татсан билээ. Яг л шүүгчийн хэлэх зүйлийг урьдаас мэдсэн юм шиг үл тоомсорлож байсан энэ эрхэм хожим нь “Би үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлнэ гэдгээ бүр анхнаасаа ойлгож байсан юм шүү” хэмээн нэгэн ярилцлагадаа онцолжээ.

Оросын газрын тосны олигархи Михайл Ходорковский дэлхийн хамгийн баян 20 хүний нэгд тооцогдон дөнгөж 40 нас хүрч байх үедээ анх баривчлагдсан юм. Түүний эцэг, эх химичид байсан учир тэрбээр багаасаа химийн шинжлэх ухааныг сонирхож, 1981 онд Д.Менделеевийн нэрэмжит Москвагийн хими, технологийн их сургуульд элсэн оржээ. Гэвч дараа нь салбараа сольж эдийн засгийн тэнхим рүү шилжсэн байна. Өөрчлөлтийн салхи гарсан 1980-аад оны сүүлчээр М.Ходорковский Оросын анхны хувийн банк “Менатеп”-ийг байгуулжээ. Тухайн үед архины үйлдвэрлэлд хийсэн хөрөнгө оруулалтын ашгаараа “Менатеп”-ийг хөл дээр нь босгосон гэх яриа бий. ЗХУ 1991 онд задран унасны дараа Борис Ельцин Орос оронд өмч хувьчлалыг идэвхтэй өрнүүлсэн. Чухам тэр үед төрийн мэдлийн томоохон нэгжүүдийг хямд үнээр худалдан авсан цөөн тооны баячуудын нэг нь М.Ходорковский болсон байна. Түүний хамгийн амжилттай наймаа бол 1995 онд газрын тосны компани “ЮКОС”-ыг 350 сая ам.доллараар худалдан авсан нь юм. Энэ үеэс М.Ходорковский ганцаараа дэлхийн газрын тосны бүтээгдэхүүний гурван хувийг мэддэг болов. Уг нь Оросын газрын тосны салбарынхан хүрээндээ шинэ баячуудыг оруулах дургүй, эрх мэдлээ хуваалцахыг хүсдэггүй байсан боловч М.Ходорковский л тийшээ шургалж чаджээ. Тухайн үед Оросын Сангийн яаманд төсвөөс санхүүжих ёстой үйлдвэрүүдэд оруулах хөрөнгө байсангүй. Тиймээс “Менотеп” тэргүүтэй арилжааны банкуудаас зээл авч, оронд тэдэнд жилийн 12-15 хувийн хүү төлдөг болж. Харин арилжааны банкууд үйлдвэрүүд рүү хөрөнгө оруулахын оронд “Зээлийн бичиг” нэртэй хоосон цаас гаргаж, Сангийн яамнаас төлж байгаа хүүг зүгээр л авчихдаг байжээ. Иймэрхүү байдлаар төрийн мөнгийг хууль бусаар авсан гэх олон баримтыг Оросын эрх баригчид хожим дэлгэсэн юм.

Хамгийн ашигтай ажиллаж байх үедээ “ЮКОС” компанийн нийт хөрөнгө нь 40 тэрбум ам.доллараар тоологдож байжээ. Тус компанийг 2003 онд “Сибнефть”-тэй нэгтгэсэн бөгөөд газрын тосны үйлдвэрлэлээрээ дэлхийд дөрөвдүгээрт орох болсон юм. “ЮКОС”-ын шатахуун түгээх станцын салбарууд Монголд хүртэл байсан. М.Ходорковский Жорж Буштай тохиролцож, “ЮКОС”-ын хувьцааны 40 хувийг “ExxonMobil”, “Chevron”-д худалдахаар болж байв. Тэрбээр гадны хөрөнгө оруулагчдыг Орос руу татаж, түүгээрээ дамжуулан Оросын компаниудыг олон улсын зах зээл дээр гарч ирэх боломжийг бүрдүүлэх эхний алхмыг хийжээ. Мөн ийнхүү хөрөнгөжихийнхөө хэрээр улс төрд оролцож эхэлсэн байна. Шалтгаан нь тун энгийн. Засгийн газрын хэмжээний газрын тосны хэлэлцээрүүд хийхэд эрх баригчдад нөлөөлөх зорилготой.

Харин В.Путин Кремлийн босгыг өндөрсгөж, хатуу хяналт тогтоож эхлэх үедээ татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр буруутгаж, шоронд  хорьсон анхны олигархи нь М.Ходорковский болжээ. ЗХУ-ын задралаар ашиг олж, баяжсан хүмүүсийг “намнах” ажиллагааг олон улсын шинжээчид “Путинизм” хэмээн нэрлэдэг. “Путинизм”-ын хомрогонд Орост автомашины худалдаагаар тэргүүлдэг Борис Березовский, хэвлэлийн магнат Владимир Гусинский гэх мэт олон хүн өртсөн. Гэхдээ тэдний хувьд барууны орнууд руу дүрвэн гарсныхаа ачаар одоо эрх чөлөөтэй амьдарч байна. Харин М.Ходорковскийн ээлж удахгүй ирнэ гэж хүлээх хүний тоо өдөр ирэх бүр цөөрсөөр байгаа юм. В.Путины засаг захиргааг шүүмжилж, түүнтэй сөргөөцөлдөн байр суурийг нь тогтворгүй болгож байгаа хүмүүст Кремль өчүүхэн ч зай завсар гаргаагүй билээ. Кремлийн удирдагчид эдийн засгийн шинэчлэл хийж, газрын тосны экспортоо төрийн бүрэн хяналтад оруулахын тулд бүх хүчээ дайчилсан. Гэхдээ нөгөө талаас М.Ходорковский В.Путин дургүйцсээр байхад Оросын сөрөг хүчний намыг санхүүжүүлж, илт дэмжих болсон нь ийнхүү хэрэгт орооцолдохын цондон болжээ.

М.Ходорковский болон түүний хамтрагч Платон Лебедев нарыг 2003 онд “ЮКОС”-ын үйлдвэрлэсэн 212 тонн газрын тосыг луйвардан авч, орлогоосоо гурван тэрбум рубль буюу 97.5 сая ам.долларыг нуун дарагдуулсан хэрэгт буруутгажээ. Үүнтэй холбоотой шүүх хурал он дамнан үргэлжилсний эцэст 2005 онд М.Ходорковскийд найман жилийн хоригдох ял оноосон байна. Уг нь тэрбээр Оросын Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль болохоос хэдхэн сарын өмнө суллагдах байв. Хэрэв эрх чөлөөтэй болсон бол В.Путиныг “5:0”-дож чадах л байлаа. Гэтэл 2009 онд М.Ходорковскийтой холбоотой хоёр дахь хэрэг гарч ирсэн нь 27.7 тэрбум ам.доллар хувьдаа завшиж, 12.5 тэрбум ам.долларын мөнгө угаасан гэх. Эцэст нь тэрбээр 13 жил хоригдох ял сонсч, өөр шорон руу шилжлээ.

Энэ бүх хугацаанд М.Ходор­ковс­кий өөрийн гэм буруугүй гэдгийг дахин дахин нотолж, өөрийнх нь эсрэг үүсээд буй хэрэг цаанаа улс төрийн нөлөөтэй болохыг онцолсоор ирсэн юм. Харин татвараас зайлсхийсэн хэргийнхээ талаар “ЮКОС”-ыг бут ниргэх зорилготой тэрбумтнууд В.Путины ард бий” хэмээн онцолсон байна. Тэрбээр өөрийгөө В.Путины засаг захиргааны хүнд суртал, авлигад идэгдсэн үйл ажиллагааных нь золиос хэмээн нэрлэжээ. Хэ­дийгээр Оросын Засгийн газар М.Ходорковскийг эдийн засгийн гэмт хэрэгтэн болгон буруутгаж байгаа боловч судалгаагаар түүнийг Оросын улс төрд хамгийн нөлөөтэй ялтан гэдгийг харуулдаг. Харин барууны шинжээчид Кремлийн бодлого шүүхийн тогтолцоондоо хүртэл нөлөөлж байгаагийн илрэл нь “ЮКОС”-ын тэргүүн хэмээн дүгнэдэг. Тэр ч байтугай нэгэн дипломатч 2007 оны дөрөвдүгээр сард Вашингтон руу илгээсэн захидалдаа “В.Путин засгийн эрхэнд байгаа цагт М.Ходорковский шо­ронгоос гарахгүй” хэмээн бичжээ. Энэ тухай “Wikileaks” дэлгэсэн юм. Туулсан замнал нь М.Ходорковскийг авторитар дэглэмтэй Оросын хү­ний эрхийн төлөө тэмцэгч, тэрс үзэлтэн болголоо. Тэрбээр “Арабын орнуудад болж байгаа ардчиллын төлөөх хувьсгал Орост давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Манай улсыг ардчилсан тогтолцоотой гэж ярьдаг. Хэрэв үнэхээр ардчилал байдаг  бол хүчирхэг хүн ганцхан байна гэж хэзээ ч ярихгүй шүү дээ” гэжээ. Уг нь бизнесмэн байсан М.Ходорковский одоо тэрс үзэлтэн болсон. Өөрийнх нь эрх ашиг хөндөгдөхийн хэрээр тэр Оросын эрх баригчдын “бурангуй” явдлын эсрэг цогтой тэмцэгч болох замыг эргэлт буцалтгүй сонгожээ. Тэрбээр “Тодоос тод гэрэлтчихээд дараа нь унтрах нь асч ядан цогшихоос илүү” гэж нэгэнтээ хэлсэн байдаг.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж