Программ хангамжийн салбарт төр, хувийн хэвшил түншилнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Программ хангамжийн салбарт төр, хувийн хэвшил түншилнэ

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Я.Сод-Эрдэнэ Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Ууганбаяр нар хамтарч ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ үеэр Б.Ууганбаяр хэлэхдээ “Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооний нийт төлөөллийн өмнөөс санамж бичигт гарын үсэг зурж байгаад баяртай байна. Программ хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгч, нийлүүлэгчдийг холбох,  чанар чансааг сайжруулах, нийт программ хангамжийн үйлчилгээ эрхлэгчдийнхээ эрх ашгийг хангах талаар хамтарч ажиллана гэдэгт найдаж байна” гэв.

Программ хангамжийн салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа учир дутагдалтай тухай салбарынхан нь ярьдаг. Тэд энэ салбарт түншилж ажиллах хэд хэдэн ажил зохион байгуулж буйн нэг нь маргааш болох олон талт уулзалт юм. “Программ хангамжийн салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” уулзалт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд 09.00 цагт эхлэх ба төрийн байгууллага, хувийн хэвшил болон программ хангамжийн салбарын төлөөлөл оролцох ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж