Дараа нь үзэгчдийн суудал, асар зэрэг дотоод тохижилтын ажлыг хэрхэн хийж байгааг сонирхохоор дотогш орлоо. Тэнд уг нь олон хүн байсан. Гэхдээ ихэнх нь талбай дээр бэлтгэл хийж буй гүйлтийн тамирчид. Засварын ажил хийж байгаагаас дөрвөн эмэгтэй л байв. Тэд тугны суурийг будаж байлаа. Ямартай ч өнгөрсөн жил цагаан өнгөтэй байсан тугны суурь энэ жил ягаан өнгөтэй болж байгаа юм байна лээ. Наадмын дэвжээ аль хэдийнэ ногоорчихож. Зүлгийг тайрч, тэгшлэх ажлыг наадам дөхөхөөр буюу ирэх сарын 9-ний орчимд хийх ажээ. Наадмын талбай, иргэдийн суух асар, саравч урьдын л хэвээр байв. Ер нь бол өмнөх жилүүдэд хийдэг л будаг шунхны ажлуудаа давтаж байна. Хүмүүс “Наадамчдын суудаг сандлын дээгүүр тэр чигт нь сүүдрэвч барвал зүгээр” гэх. Гэсэн ч цэнгэлдэхийг засах төсөвт үүний мөнгийг тусгаагүй. Дотоод засварын ажлыг ахалж буй хүн нь биднийг очиход байхгүй байв. Тугны суурийг будаж байсан эмэгтэйчүүдийн хэлж буйгаар үзэгчдийн сандлыг хамгийн түрүүнд буджээ. Одоо төв асарын “нүүр”-ийг будаад л дотоод заслын ажил дуусах аж. Харин дараа нь цэнгэлдэхийн гадна талын ханыг будах юм байна. Ямартай ч тэд засварын ажлаа ирэх сарын 5-ны дотор дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэж байлаа.
Цэнгэлдэхийн 51 хувийг эзэмшдэг “Төв цэнгэлдэх” ХХК өөрийн хөрөнгөөр зүүн талд нь автомашины талбай, худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглах асфальтан талбай барьж байгаа юм билээ. Одоо дөнгөж хөрсийг нь хуулж дуусаж байгаа аж. Биднийг очих үеэр засварын ажил хийж байгаа хүн байгаагүй. Гэхдээ энэхүү шороотой хэсгийг асфальтаар хучаад наадамчдын хөлөөр босдог шороо тоос багасна гэсэн бодол төрсөнгүй. Тоосоор дээлээ гоёдоггүй наадам ч гэж юу байх вэ. Харин энэ жил цэнгэлдэхийн зам дээр хашаа хатгасан “Сүлд” авто салоны хашаан дахь хоёр павилоныг цэвэрлэж, ариутгаад хуушуурын цэгүүдийг төвлөрүүлэх бөгөөд гаднах хашаанд нь ширээ, сандал засах ажээ.