Сонгуулийн цахим хуудастай болов

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Сонгуулийн цахим хуудастай болов

“Монгол Улсын сонгуулийн зураглал” цахим хуудсыг нээх ажиллагаа Төрийн ордонд боллоо. Уг ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Сонгуулийн ерөнхий хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр  байгууллага хамтран зохион байгууллаа.
Цахим хуудсанд УИХ-ын 1992, 1996, 2000, 2004, 2008 оны сонгуулийн мэдээлэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993,1997, 2001, 2005, 2009 оны сонгуулийн дүнг байрлуулсан байна. Эндээс сонгуулиудын нэгдсэн ерөнхий  дүн,  түүний задаргаа зэргийг аймаг, хот, тойрог  тус  бүрээр гаргаж,  нэр дэвшигчдийн нэр, нас, хүйс, нэр дэвшүүлсэн нам, авсан санал зэрэгтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой аж.

Уг цахим хуудсыг бүтээхдээ Гүүглийн газрын зураг /GoogleMaps/, хүснэгт /Google Docs Spreadsheets/, сайт /Google sites/ зэргийг ашиглажээ. Ингэснээр судлаачдад тухайн газар нутгийн байршил, координатыг тогтооход хялбар байх юм байна.

Ийм цахим хуудастай болсноор сонгуулиудын дүнтэй олон нийт өргөн танилцахын зэрэгцээ түүнд дүн шинжилгээ, судалгаа хийх боломж нээгдэж байгаа ажээ.

“Монгол Улсын сонгуулийн зураглал” цахим хуудсыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны захиалгаар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд Улс төрийн боловсролын Академи боловсруулжээ.

Өнөөдөр үдээс хойш ашиглалтад бүрэн орох уг цахим хуудсанд www.electionmap.mn хаягаар орж танилцаж болох ажээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж