Монголын улс төрд тавтай морил, МАХН

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Монголын улс төрд тавтай морил, МАХН

Н.Энхбаярын өдрүүд үргэлжилж байна. Намынхаа нэрийг авчихлаа. Үүнд Ардын намынхан эгдүүцэж, шүүхэд хандах гэнэ. Уг нь  энэ бол жинхэнэ аюул биш юм шүү дээ. Үндсэн хуулиар үзэл бодлоороо эвлэлдэн нийлэх эрх чөлөөг нь олгочихоод, эрхээ эдлэхээр нь шүүхдээд явдаг ямар ёс байна аа. Харин ч нэг нам нэмэгдэхээр улс төр хөгжиж, цэвэр өрсөлдөөнийг “төгөл­дөр­шүү­лэх” бус уу. МАХН-ын бүтэц, бүрэлдэхүүнийг ха­рахад ёстой л үзэл бодлын нэгдэл гэж хэлж болохоор байдаг. Уг нь Н.Энхбаярынхан гэвэл арай өөр бүл бүрдэх учиртайсан. Заавал Ардын намаас гэлтгүй Ардчилсан намаас ч МАХН-ыг чиглэсэн нүүдэл хийхийг үгүйсгэх аргагүй. Энэ нам үзэл бодлын хувьд фашист, коммунист, юу ч байсан хуулийн бүрэн эрхтэй этгээд болчихлоо. Дээд шүүхийн шийдвэрээс өөр юу үүнд нөлөөлөх юм бэ.  Дээд шүүхийн гаргасан шийдвэртэй хол­боотой­гоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Н.Энх­баяртай хардацгааж байна. Яг үнэндээ Дээд шүүх ийм шийдвэр гаргаж чадсан нь засаглалыг хувааж ардчилсан  Ерөнхийлөгчтэй болсных. Түүнээс биш улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд “Юун Үндсэн хууль” гээд нэрийг нь дарж хэвтчихээд гүрийгээд өгөхгүй байж чаддаг шүү дээ.

Манай эртний хөрш ОХУ хүртэл ийм “зовлонтой” учраад хуулийн дагуу шийдвэрлэсэн. Тухайлбал өнгөрсөн оны гуравдугаар сарын 22-нд Оросын Коммунист нам, Эв нэгдлийн хөдөлгөөнийхөн Хүний эрхийн байгууллагуудтай хамтарч “Хилэгнэлийн өдөр”-ийг зарласан. Энэ үеэр “Өөр Орос” намын экс гишүүн, либерал удирдагч Ерөнхий сайд асан Михайл Касъянов, экс шадар сайд, ОХУ-ын дэд Ерөнхий сайд Борис Немцов, Төрийн дум дахь “Бидний гэр Орос нам”-ын экс дарга Владимир Рыжков, “Яблоко” намын залуучуудын жигүүрийн удирдагч асан Илья Ящин нар нэгдсэн. Яг манайхан шиг авлигад идэгдсэн төрийг голлон шүүмжилдэг хөдөлгөөн юм билээ. Онцлог нь энэ хөдөлгөөнийг зөвшөөрөхгүйгээр үл барам, тас цохихоор оролдсон В.Путин “Улс төрийн боолчлол хийж байна” хэмээн буруудсан. Мөн тэрбээр сөрөг намуудын идэвхид хориг тавьж, бүс нутгийн бие даасан эрхийг хааж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг нь хүртэл хязгаарлаж байсныхаа төлөө Ерөнхийлөгч Д.А.Медведевт ”Захир­гааны систем нь хуучирсан байна” хэмээн  шүүмжлүүлсэн билээ. Иргэний эрхийн багш байсан эдүгээ­гийн Ерөнхийлөгч өөрөөсөө үе мултарсан “экс”-ийг ийнхүү дай­руулан хэлсэн нь шинэ арга барилыг сануул­сан хэрэг. Дараа нь 2010 оны арванхоёрдугаар сарын 13-нд тэд­ний байгуулсан “Ард түмний эрх чөлөө нам”-ыг албан ёсоор хүлээн зөв­шөөрсөн. Тэд Кремлийн “оршин суугчид” буюу эрх баригчдыг түлхэн уна­гах зорилгын дор нэгдэж буй нь ма­най “Эх орон, шударга ёс, эв нэгдэл” хөдөлгөөнийхтэй “өнцөг нийлээд” байгаа юм. Харин “Эрх баригч хос”-ын далд тэмцлийн хэлбэр хувьд тэднийх монголчуудаас суралцахад илүүдэхгүй биз ээ.

Одоо Н.Энхбаяр “Би МАХН-ын дарга байна” гээд хэнтэй ч уулзах бүрэн эрхтэй боллоо. Гадаад ертөнц хуучин танилаа халуун дотноор хүлээн авах нь ойлгомжтой. Тэгтлээ Монголын улс төр дотор ороод хуучин МАХН нь МАН нэртэй болсныг мэдэх биш. Мэдсэн ч “Танай нам Ардын намтай хонзонтой билүү” гээд доош орж, дотогш  өнгийхгүй. Жишээ нь Ардын намынхан “Соц Интерн”-д шинэ нэрээрээ бүртгүүлэхдээ МАХН-ын  нэрийг устгуулсан гэж үү. Ээ мэдэхгүй, аягүй бол бүртгэлтэй л тууж яваа бий вий. Хамтарсан Засгийн газрын гэрээнд ч намын нэр сольж өөрчлөлт хийснийг нь санахгүй байна. Тэгэхээр хууль эрх зүйн хүрээнд, бичиг баримтын баахан зөрчил гарч ирж мэдэх юм. Парламентад нэг суудалтай МАХН-ыг одоо хялайж харах хэрэггүй. Ц.Шинэбаяр УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшиж, тэр чигээрээ дараагийн сонгуультай золгох гэж байна. Гэтэл МАХН-ын нэрээр ороод, МАН-ын нэрээр гарч буй бусад нөхдийн хувьд “асуудал”-тай шүү дээ. Монгол Ардын нам 1921 онд төрөөд 1924 онд “нүд аньсан”. Түүнийг хүчээр сэргээн босгож нэрийг нь хэрэглэж байгаа. Гэтэл МАХН 1924 оноос эхлээд 89 жил “амьдарсан”. Одоо дахин мэндэлж байна гээд бодохоор аль нь урт настай байна даа. Эвгүйгээр эргэхэд хамтарсан Засгийн газарт Ардын нам суудалгүй болохуйц процедурын алдаа гарсан байвал яах вэ гэхчлэн бодоход бүр ч эргэлзээтэй байгаа биз.

“Малд л асуулгүйгээр тэмдэг тавь­даг” хэмээн өөрийг нь МАХН-ын Бага хур­лын гишүүнээр бүртгэсэнд уурсаж бай­сан тэрбээр одоо Ардын намаас хэн эхэлж МАХН-д ирэхийг инээмсэглэн харж сууна. Ирэхээр нь юу гэж хэлэ­хээ ч зэхчихсэн. Ямартай ч тэс өөр Н.Энхбаяр МАХН-ыг даргалж байна. МАХН-д амжилт хүсье. Монголын улс төрд тавтай морил.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж