Шүүмжилвээс, өнөөдөр Монголын төр ажилгүйдлийн тухай ярих нь эрс цөөрсөн. Дэлхийн банк, Олон улсын валютын сан л “Танай ажилгүйчүүдийн тоо төд хүрлээ” гэсэн мэдээ шивнэхгүй бол нийгэм, эдийн засгийн ийм нэгэн үзүүлэлт байдгийг умартсан бололтой. Ажилтай ч, ажилгүй ч амьжиргааны ерөнхий түвшин сайн байгаа гээд тайвширсан уу. Аль эсвэл хувийн хэвшлийнхний асуудал гээд тоохоо больсон уу, бүү мэд. Харин жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар зээл авсан бизнес эрхлэгчид ажлын тайландаа ам бүлийнхнээ оролцуулаад ч атугай тоон дүн харуулж, “Ажлын байр шинээр бий болголоо” гэцгээдэг.
Хүн ам, орон сууцны улсын тооллогыг өнгөрсөн онд эхэлж, саяхан дүнг нэгтгэн товхимол болгосон байна. Тооллогын дүнгээр ажилгүйдлийн түвшин нийслэлд 16.5 хувь, хөдөөд 13 хувь, улсын хэмжээнд 15.3 хувьтай байгаа ажээ. Түүнчлэн 15 ба түүнээс дээш насны хүн амын дотор ажил эрхэлж байгаа хүний тоо 911 664, ажилгүй иргэн 164 116, нийт ажиллах хүчний тоо 1 075 780-д хүрсэн гэсэн дүн мэдээ гарчээ. Энд тэндхийн хурал зөвлөлгөөн дээр жижүүрийн мэдээлэлд урсан гардаг тоотой харьцуулбал арай бодитой байж мэдэх юм. Гэхдээ Монгол Улсын нийт хүн амын тал хүрэхгүй хувь нь л ажиллах хүчин болж тооцогддогийг бодохоор чамламаар ч юм шиг. Хүн амын тоо улам нэмэгдэж, түүний дотор ажиллах хүчин нэмэгдэж чадвал хөгжил ирнэ. Тэгэхээр гурван сая ч хүрэхгүй хүн амтай хэрнээ 100 гаруй мянган хүнээ ажилгүй байлгаж байгаа нь асуудал биш гэж үү.
“Оюутолгой” ХК-ийн хувьд монгол иргэдийг хүчээ ажилд авахдаа ямар нэгэн зуучлагч хувь хүмүүстэй хамтарч ажилладаггүй. Ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон, сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдагаараа давуу талтай. Тус компани нээлттэй ажлын байруудыг цаг тухайд нь өдөр тутмын сонинууд болон холбогдох вэб сайтуудаар олон нийтэд нээлттэй зарладаг. Ажилтан сонгон шалгаруулах үйл явцад хүлээн авсан өргөдлүүдийг нягталж шалгах, сонгогдсон нэр дэвшигчидтэй хоёр шатны ярилцлага хийх, мөн дараагийн шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчдийн талаар өмнөх ажил олгогчдоос нь тодорхойлолт авах зэрэг ажиллагаа багтдаг. Сонгон шалгаруулах комисс нь гурваас доошгүй гишүүнээс бүрддэг тул ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг ганц хүн дангаар бус комисс гаргадаг юм билээ. Мөн ажилд орох өргөдөл гаргахад ямар нэгэн төлбөр, хураамж авдаггүй учраас чирэгдэл учруулах нь бага.
Оюутолгой ХК-ийн сүүлийн үеийн ажлын заруудыг харахад улирлын онцлогоос шалтгаалан барилга, угсралтын ажил гүйцэтгэх түншүүдээ хайж байгаа бололтой. Тухайлбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Дархан-Уул аймгийн Дархан суманд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх, хамтран ажиллах байгууллагуудыг урьсан байна.
Түүнчлэн барилга угсралтын чиглэлээр залуусыг сургаж, мэргэжлийн чиг баримжаа олгох, дадлагажуулах талаар онцгой анхаарал тавин ажиллаж байгаа. Үүнд БСШУЯ-ны төлөөлөл Оюутолгой төслийнхөнтэй яриа хэлэлцээр хийснээр эхний ээлжинд буюу энэ онд 1000 орчим, ирэх онд 1500 мэргэжилтэн бэлтгэхээр болсон билээ. Одоогоор мэргэжлийн сургалтын 36 төв дээр шинэ анги нээж, 24-өөс дээш насны иргэдийг суралцуулахаар төлөвлөгөөтэй аж. “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх эхний ээлжийн мянган хүнийг БСШУЯ, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан бүртгэсэн. Үүнд 11 мэргэжлийг хамруулсан бөгөөд бетон арматурчин 77, өрөг угсрагч 119, сантехникч 159, гагнуур 120, цахилгаан 141, хүнд механизмын засварчин 99, оператор 100, уурхайн цахилгаанчин 40 мэргэжилтэн бэлтгэж эхлээд байна. Мөн замын барилгын 60, төмөр замын 40, уурхайн ашиглалтын чиглэлээр 20 хүн бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлүүдээр нийт 975 хүнийг суралцуулах төлөвлөгөөтэй юм билээ. Хэдийгээр сургалтын бүх зардлыг “Оюутолгой” ХХК хариуцаж буй ч төгсөгчдийг бүгдийг нь Оюутолгой төсөлд ажиллуулах боломжгүй. Тиймээс бэлтгэгдсэн ажилтнуудын зарим хэсгийг аж ахуйн нэгжүүдэд зуучилж байгаа ажээ.
Оюутолгой төслийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор үлэмж өсөлт харагдаж буй салбаруудын нэг нь барилгын салбар юм. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо 2009 онд 1063 байсан бол өнгөрсөн онд 1451 болон өсчээ. Бүхэл бүтэн 37 хувийн өсөлт. Энэ чамлахаар тоо биш ээ. Цаашилбал, тэд 2009 онд 279.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол өнгөрсөн онд 350.8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна. Эндээс мөн 26 хувийн өсөлт харагдаж байна. Мөн өнгөрсөн оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд замын барилга, тоног төхөөрөмжийн импорт 586 хувь, барилгын хаалга, цонхны үйлдвэрлэл 250 хувь, цементийн үйлдвэрлэл 100 хувь, бетон үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн байгаа юм. Энэ бүхний цаана хэчнээн хүн ажлын байртай болж, ашиг орлогоо нэмэгдүүлсэн нь төслийнхөнд биш монголчуудад хэрэгтэй байсныг хэлэх нь илүүц биз. Мэдээж Оюутолгой төслийн ажилд оролцоогүйгээр Монголын барилгын салбар баларчих гээд байсан гэж энд хэлэх гээгүй. Гэхдээ араг яс шиг сэрийсэн барилгын карказ, ажил нь зогссон кранууд, төрөөс хөрөнгө оруулалтаар боломжийн хэмжээнд дэмжээд ч өөдөлж өгөхгүй байсан нь үнэн биз дээ. Барилгын компанийн захирлууд гүйцэтгэх ажлаа хайна, хөрөнгө санхүүжилт олно. Ажилчид нь цалингаа голно гээд асуудлууд нь одоо хүртэл “шүдний өвчин” хэвээрээ байгаа. Харин гэрээгээ сайн хийгээд, хөрөнгө оруулалтыг хангалттай өгвөл яаж ажилладгийг манай барилгачид гадныханд гайхуулж байгааг магтах нь зүйтэй.
“Оюутолгой” ХК-ийн үндсэн ажилтан болох нь нэр төрийн хэрэг төдийгүй ажлаас гарсны дараа ч их зүйлийг мэдэж хоцордог бололтой. Тухайлбал, тус компанийн ажилтан бүр ёс зүйн журмын болон компанийн эрхэмлэх зүйлс,үүрэг хариуцлагын мэдэгдэл зэрэг манайд төдийлөн танил бус зүйлүүдтэй яг л хуулийн зүйл, заалтуудыг судлах адил танилцах ёстой байдаг юм билээ. Тэрхүү журмаа зөрчсөн тохиолдолд ажлаас халах хүртэл сахилгын арга хэмжээ авдаг гэнэ. Журамд Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчихгүй байхаас эхлээд ажиллагсад, албан тушаалтан, захирлуудтай холбогдолтой ашиг сонирхлын зөрчилдөөнтэй холбоотой ажлын горимыг ч тусгай заалт болгон оруулсан байдаг ажээ. Түүнчлэн “Албаны бололцоог ашиглан хувьдаа ашиг олоход ашиглахыг үл зөвшөөрнө”, “Захирлууд, албан тушаалтан, ажиллагсдын зүгээс компанид ажиллах үед болон дараа нь компанийн нууц мэдээллийг хадгалах талаар хүлээх үүрэг” гэхчлэн сонирхолтой бөгөөд заавал байх шаардлагатай олон заалтыг тусгасан байдаг юм билээ. Ерөнхийдөө “Оюутолгой” компани Монголын эдийн засаг, хөгжлийн хувьд үнэт зүйл болсны учир тэнд ажиллахыг хүсэгчдэд хатуу шаардлага тавих нь зүйн хэрэг. Манайхан шаардлага сул, сахилга бат тааруу, эрх чөлөө хязгаартай байхад “дуртай”-г нуугаад яах вэ. Харамсалтай нь өнөөг хүртэл “хөгжиж буй” гэсэн тодотголтой, гурван сая хүрэхгүй иргэнээ дүүрэн жаргалтай амьдруулж чадахгүй байгаагийн “нууц” нь үүнд байгаа ч юм билүү, хэн мэдлээ.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин