хоногийн ойтойгоо золгох гэж байгаа ч энэ асуудал нийгмийг үймүүлж
эхэллээ. Эрх баригч хүчин болох Ардын намын өмчлөх гээд байсан МАХН
гэдэг нэрийг өөрийн болгохын тулд зургаан сарын турш уйгагүй хөөцөлдсөн
Н.Энхбаяр, Н.Удвал, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр тэргүүтний “нар гарч”
байгаа. Тэд албан ёсоор намынхаа үйл ажиллагааг эхлэж буй тухайгаа
уржигдар хэвлэлийн бага хурал хийж тунхагласан. Харин одоо тэд дотооддоо
албан тушаалын томилгоо хийгээд завгүй байна. Тэднийг ийнхүү баяраа
тэмдэглэж, бялуугаа хувааж байх хооронд намынхаа нэрийг шударгаар авсан
эсэх талаар нь нийгэмд маргаан дэгдэж эхэллээ. Учир нь Үндсэн хуулийн
Цэцийн дунд суудлын хуралдаанаас “Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6
дугаар заалт Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан. Энэ
шийдвэр Ардын намын ашиглаж байсан МАХН хэмээх нэрийг өөр улс төрийн
хүчин ашиглах боломжгүй гэдгийг баталгаажуулсан. Тиймээс ч тухайн үед
МАХН-ынхан “Төрийн эргэлт хийгээд ч болтугай МАХН хэмээх нэрийг авахдаа
л авна” хэмээн “шүд зууж” байсан удаатай. Тодорхой шийд гаргасан
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг давж гаргасан Улсын дээд шүүхийн
шийдвэр Үндсэн хуулийн Цэцийн дээр “хөх тэнгэрээс гадна Улсын дээд шүүх
байдаг” гэдгийг бэлхнээ гэрчилж өглөө. “Үүгээр Н.Энхбаяр эрх мэдлээ
алдсан ч хууль хяналтынхныг гартаа атгаж байгаагаа нотолж чадлаа” гэх
хүмүүс ч байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ер нь хэнбугай ч байсан
гаргах шийдвэрт нь нөлөөлж чадахгүйгээр хараат бус эрхээ тунхаглуулсан
Улсын дээд шүүхээс “МАХН-ыг улс төрийн нам боллоо” хэмээн яаран, сандран
мэдэгдсэн. Энэ нь эцэстээ Улс төрийн намуудын тухай хуулийн 10 дугаар
зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасан “Хуульд заасан шаардлагыг хангаагүй,
баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд намыг улсын бүртгэлд бүртгэхээс
татгалзах үндэслэл болно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн болж таарч байгаа
юм.
Үүнийг хуульчид дараах баримтаар нотолж байна. Улсын бүртгэлийн тухай
хуулийн 16 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад “Хуулийн этгээдийн нэр өөр
хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэлийн
байгууллагаар шалгуулж, баталгаажуулсан баримтыг үндэс болгож намын
шинэ нэрийг баталгаажуулна” хэмээн заасан байдаг аж. Гэтэл МАХН нэрийг
албан ёсоор бүртгэж баталгаажуулсан гэгдээд байгаа Улсын дээд шүүх
болон намынхаа нэрийг бүртгүүлэхийг хүсэгчдийн аль, аль нь Улсын
бүртгэлийн ерөнхий газраас МАХН хэмээх хуулийн этгээдийн нэр давхардсан
талаарх лавлагааг аваагүй нь тогтоогджээ. Мөн “дээр дурдсан баримт
бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлээгүй, дутуу тохиолдолд бүртгэх байгууллага
нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж уг
хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад ч байдаг аж.
Тиймээс Улсын дээд шүүх Улсын бүртгэлийн тухай хуулийн зүйл заалтыг
ноцтой зөрчсөн үйлдэл гаргасаныг нэр бүхий хуульчид баталж байна. Гэтэл
Н.Энхбаяр энэ дамжлагыг алгасч, харин Улсын дээд шүүх хуулиа зөрчин байж
МАХН хэмээх нэртэй намыг бүртгэсэн нь тодорхой боллоо. Тиймээс улс
төрийн тавцанд шинээр мэндэлсэн гэгдээд буй МАХН-ын нэрийг хууль бусаар
өгсөн учир уг нам хууль бусаар байгуулагдсан гэж хуульчид үзэж байгаа
юм. Хуульчдын дунд “Н.Энхбаяр намынхаа нэрийг удахгүй хураалгаж, гар
хоосон үлдэнэ” гэсэн яриа газар авч байна. Тэгэхээр Н.Энхбаярын “Намын
нэр авах асуудлыг сунжруулсан нь бидний буруу биш, Ардын намынхны л
буруу. Ардын намынхан энэ хугацаанд МАХН гэсэн товчлолтой нэрийг бидэнд
өгөхгүй гэж их хичээсэн. Тухайлбал, МАХН гэсэн товчлол бүхий 60-70
нэрийг халаасалж үзсэн. Яагаад чи ингэж байгаа юм гэхээр “Н.Энхбаяр,
Ц.Шинэбаярт өгөхгүйн төлөө авсан юм. Ха ха ха” гэсэн яриалцлага хүртэл
өгч байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь намын бусад өндөр албан
тушаалтнуудтайгаа нийлж хуулийг өөртөө тохируулж, “Хуулиндаа ингээд
заачихсан учир МАХН нэрийг өгөх боломжгүй” гэж дураараа тайлбарлаж ч
байсан. Хуулийн зүйл заалтууд хоорондоо уялдаатай байдгийг мартаад
ганцхан нэг зүйл заалтыг өөртөө ашигтайгаар тайлбарлаж намын нэрийг
бүртгэх асуудлыг улсын чанартай том асуудал болгож хувиргаж байсан
луйвар нь илэрлээ” хэмээж байсан нь ийнхүү өөрийнх нь толгой дээр
буулаа. Тэрбээр үүнийгээ хэрхэн тайлбарлах бол гэдэг сонин байна. Хуулиа
дагаад Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан оноосон нэрээ аваагүй намд
тамга тэмдэг олгохгүй гэж зүтгэх нь гарцаагүй. Харин Н.Энхбаяр Улсын
дээд шүүхээс гардсан гэрчилгээгээ өөдөөс нь барьж гүйх нь тодорхой.
Ямартай ч энэ зунжин улс төр бужигнаж, Н.Энхбаяр бухимдаж, Улсын дээд
шүүхийнхэн хулмалзаж өнжих нь бололтой. Яг үүнтэй зэрэгцээд Улс төрийн
намуудын тухай хуулийн 15 дугаар зүйлийн зургаад заалтад зааснаар Ардын
намын өмчлөлд байх ёстой МАХН хэмээх нэр өнөөдрийн байдлаар хэний нэр
дээр бүртгэлтэй байгаа нь олон нийтийн сонирхлыг зүй ёсоор татаж
эхэллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ардын намын хуучин кадруудын
нэгний нэр дээр МАХН гэсэн нэр бүртгэлтэй байдаг аж.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин