Тавантолгой станцыг ВО хэлбэрээр барина

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Тавантолгой станцыг ВО хэлбэрээр барина

Өмнийн говийг эрчим хүчээр хангах тухай асуудлаар ЭБЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.ЦЭРЭНПҮРЭВ-тэй Г.Идэрхангай ярилцлаа.  

Говийн бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг 2016-2018 онд ашиглалтад оруулахаар төлөв­лөж  байсан ч дөрвөн жилээр наашлуулах  шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Хугацааг ингэж нааш татсан нь “Оюутолгой” төслийн бү¬тээн байгуулалт зогсонги байдалд оро­хоос сэргийлсэнтэй холбоотой юу?

Бид анх Оюутолгой ордыг ашиглахад дээд талдаа 280 МВт-ийн эрчим хүч шаардлагатай гэж төлөвлөж байсан. Үүнийг эхний ээлжинд эрчим хүчний шугам татах замаар  шийдвэрлэе, дараа нь Тавантолгой орд дээр  600 МВт-ийн цахилгаан станц барья гэж тооцоолж, төлөвлөсөн юм. Энэ чиглэлийн судалгаа ч явуулсан.  Гэтэл цаг хугацаа, нөхцөл байдал, ажлын явцаас шалтгаалаад говийн бүсэд цахилгаан станц барих ажлыг шуурхайлах шаардлага гарч байна. Цахилгаан станцыг  Оюутолгой, эсвэл Тавантолгойд барих гэсэн хоёр хувилбарыг холбогдох яам, байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг судалж байгаа.
Өөрөөр хэлбэл, цахилгаан станц барих хугацааг Засгийн газар нааш  татаж, барилгын ажлыг нэн даруй эхлүүлэхээр шийдвэрлэсэнтэй уялдуулан манай яам станцыг чухам хаана барихыг зургадугаар сард багтаан шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Ингэснээр цахилгаан станцын бүтээн байгуулалт 2012 онд эхлэх боломж бүрдэнэ.   

Тавантолгой орд дээр цахилгаан станц барихаар танай яам анх төлөвлөсөн. Үүнийг Тавантолгой төдийгүй Оюутолгой ордыг түшиглэж байгуулах үйлдвэр аж ахуйн газрууд төдийгүй орон нутгийг эрчим хүчээр хангах зорилготой гэсэн өргөн агуулгаар хардаг  хүмүүс бий?

Говийн бүсийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх бодлогыг ЭБЭХЯ, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой зөвшилцөөд Засгийн газарт оруулахдаа Тавантолгой орд дээр цахилгаан станц барихаар төлөвлөсөн юм. Гэвч судалгаа хийх явцад усан хангамжийн нөхцөл байдал тун төвөгтэй байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулах болсон. Усны хайгуул, судалгаа хийгдэж буй ч эцсийн дүгнэлт  гараагүй байна. Тиймээс усны нөөц боломжоос шалтгаалж Оюутолгойд цахилгаан станц барих ажлыг хариуцуулна гэж хэлэх эрт байна. Мэдээж уурхайгаа түшиглэн цахилгаан станц барих нь зохистой гэж салбарын яам үзэж байгаа. Энэ асуудлаар  манай яам болон Эрчим хүчний газар, “Эрдэнэс МГЛ” компанийн удирдлага болон  “Оюутолгой” компанийн эрчим хүчний судалгааны баг хамтран хоёр үе шаттай судалгаа хийж байна. Эцсийн үр дүн гарахаар цахилгаан станцыг хаана барих нь илүү тодорхой болно. Түүнээс наана энэ тэнд барина гэж шууд хэлэх боломжгүй. Судалгаагаа маш сайн хийж, үндэслэлүүдээ зөв гаргах ёстой. Олон улсын туршлагатай экспертүүд, орон нутгийн зүгээс  судалгааг үр дүн сайтай хийх тал дээр бидэнд зөвлөж байгаа. Газрын гүний усыг хамаагүй ашиглаж болохгүй, Тавантолгой ордын уурхайг түшиглэн байгуулах баяжуулах, угаах үйлдвэрт ус хэрэгтэй. Энэ бүхнийг зөв хуваарилах хэрэгтэйг  сануулж, зөвлөж байгаа. Эхний үе шатны судалгаа дуусаад одоогоор хоёр дахь үе шат руугаа ороод явж байна. Төрийн өмчийн хороо Сингапурын нэр хүнд бүхий компанийг зөвлөхөөрөө ажиллуулж байгаа юм билээ. Энэ компанийн хөндлөнгийн дүгнэлт ч бас  гарах ёстой.    

Цахилгаан станц барихын тулд эхлээд ТЭЗҮ үнэн зөв хийгдэх ёстой. Энэ тал дээр ахиц гарч байна уу?

Тийм ээ. Цахилгаан станц  барихын тулд юуны өмнө Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах шаардлагатай. Үүний өмнө урьдчилсан судалгаанууд хийгдэнэ. Хэрэв  Тавантолгойд барихаар бол  цахилгаан станцад шаардагдах урт хугацааны усан хангамжийг шийдвэрлэх, шаардлагатай нэмэлт судалгаа хийх, холбогдох ТЭЗҮ  боловсруулах, байгаль орчны үнэлгээ зэргийг ойрын үед хийх хэрэгтэй болно.
 “Оюутолгой” компани “Оюутолгой” төслийн тусгай зөвшөөрөлтэй талбай болон түүний ойр орчимд цахилгаан станц  барих сонирхолтой байгаа. Энэ компани  усны нөөц, байгаль орчин, ТЭЗҮ-тэй холбоотой ажлуудыг тодорхой хэмжээгээр хийчихсэн. Цахилгаан станц барих нөхцөл бүрдсэн тохиолдолд хөрөнгө оруулагчид болон Засгийн газрын зүгээс тодорхой ажлууд хийгдээд явах нь тодорхой.
Ерөнхий том утгаар бол цахилгаан станцыг Тавантолгой ордод түшиглэн  барьж, говийн бүсийг эрчим хүчээр хангах нь зүйтэй гэдэг талаас  бид харж байгаа.  

“Оюутолгой” компанийн барилгын ажил гүйцэтгэх хугацаанд шаардагдах эрчим хүчийг БНХАУ-аас авахын тулд Монгол-Хятадын хил хүртэл 220 кВ хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих зөвшөөрлийг танай яам өгч байгаа гэсэн?

“Оюутолгой” компани цахилгаан станц барих ажлыг эхлэхээс өмнө буюу дөрвөн жилийн хугацаанд БНХАУ-аас шугамаар эрчим хүч импортолно, дараа нь Монгол нутаг дээрээ дэд станцаас эрчим хүч гаргаж авна гэсэн үүрэг хүлээсэн. Үүний дагуу төлөвлөж, ажиллаж байгаа байх. Компанийн зүгээс эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх хугацааг холбогдох яамнаас шахаж, шаардаж байгааг бид ойлгож байна.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Тэгэхээр бид эрчим хүчний асуудлыг нь шийдэж өгөхгүй, хойшлуулаад байх нь зохимжтой биш. Сонгууль ч ойртож байна. Ингэсээр байгаад хэдэн жилийг ардаа орхичих юм бол уурхайн ашиглалтаас авахуулаад  үйлдвэрлэлийнх нь өртөг зардал хүнд байдалд орно.

Бээжин хотноо болох хоёр улсын Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалтаар цахилгаан станцтай холбоотой асуудлуудыг хөндөж ярих юм билээ. Хэрвээ уулзалтаар  тодорхой шийдэлд хүрэхгүй бол 2011 оны сүүлээр “Оюутолгой” төсөл санхүүжилтгүй болох нөхцөл үүсч болзошгүй гэсэн мэдээлэл гарсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

Би хувьдаа төслийн санхүүжилттэй холбоотой асуудлыг Бээжинд болох хуралтай шууд уялдсан гэж үзэхгүй байна. Манай яам 2009 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хороотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ дагуу хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд, түүн дотроо ашигт малтмал, уул уурхай, эрчим хүчний салбарт хэрхэн ажиллахаа тохиролцдог уулзалтууд хийж байхаар болсон. Бээжинд болох энэ удаагийн уулзалтын хүрээнд мэдээж говийн бүсийг эрчим хүчээр хангах асуудал, цаашлаад нүүрсний  экспортыг хөндөж ярина.  

Эрчим хүчний шугам, цахилгаан станц гэсэн хоёр замаар говь нутгийг эрчим хүчээр хангах зорилготой гэж хэлж болох уу?

Тийм л дээ. Эхний ээлжинд цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн агаарын шугамыг, дараа нь тогтвортой, найдвартай эх үүсвэр бүхий цахилгаан станцыг орд газар түшиглэн барина гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний ээлжинд  Улаанбаатараас  Мандалговь, Тавантолгой, Оюутолгой руу өндөр хүчдлийн шугам татах тендерт “М-Си-Эс интернэшнл” ХХК     гүйцэтгэгчээр шалгарч ажлаа эхлүүлсэн.  Гэхдээ эрчим хүчний том хэрэглээг  зөвхөн энэ шугамаар хангаж дийлэхгүй. Тиймдээ ч Хятадаас шугамаар дамжуулж, цахилгаан эрчим хүч авах зөвшөөрлийг  “Оюутолгой” компанид олгосон. Гэхдээ энэ компани  дөрвөн жилийн дараа орон нутгийн цахилгаан станцаас эрчим хүчээр хангагдах ёстой.
Мандалговь, Оюутолгой, Таван¬толгойн шугам буюу Улаанбаатар хотоос Тавантолгойд хүрэх эрчим хүчний шугам эргээд төвийн бүс рүүгээ холбогдоно. Бид хоёр талын ач холбогдлыг харж байна. Нөгөө талаас “Оюутолгой”-н   гүний уурхайн аюулгүй байдлыг сайн бодолцож, гурван талын эрчим хүчний хангамжтай болж байна гэсэн үг. Тавантолгой дээр баригдах станц, Улаанбаатараас говь руу татах эрчим хүчний шугам, Хятадаас орж ирэх эрчим хүчний шугам гэсэн гурван гол шугам  уурхайн найдвартай ажиллагааны  эх үүсвэр болох учиртай.

Таны хэлж байгаачлан эдгээр эрчим хүчний шугам говийн бүс нутгийг цахилгаан, эрчим хүчээр бүрэн хангах боломжтой юу?

Тэгж ойлгож болно. Бидний тооцоогоор говийн бүс нутгийн эрчим хүчний томоохон хэрэглэгчид Тавантолгой, Оюутолгой уурхайн эрчим хүчийг цахилгаан станцаар хангаж, илүүдэл хэрэглээг Цагаансуваргын орд руу өгнө. Мөн тодорхой хэмжээний эрчим хүчийг баруун тийшээ буюу Даланзадгадаар дамжуулаад “Нарийнсухайт”, “Өмнийн говийн элс”, “Чинхуа МАК”, “Монголын Алт” компанийн уурхайнуудад  нийлүүлнэ гэсэн бодлоготой ажиллаж байна.
Мэдээж, эрчим хүчний импортыг бид хориглох гээгүй. Гэхдээ тусгаар улсын аюулгүй байдал, тэр дундаа эрчим хүчний салбарын хөгжлөө бодох юм бол дотоодын эрчим хүчний эх үүсвэр бий болгож, дотоодын ажилчид маань нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд олон талын ач холбогдолтой юм.

Концессийн гэрээгээр эхлүүлж байгаа томоохон бүтээн байгуулалт бол Могойн голын дулааны цахилгаан станц. Харин говийн бүсэд баригдах цахилгаан станцыг  Концессийн гэрээний аль хэлбэрээр барих вэ?

Концессийн тухай хууль батлагдсаны дараа нийтлэг үйлчилгээний томоохон бүтээн байгуулалтууд эрх зүйн зохицуулалтын хувьд боломжтой болсон. Тавантолгой ордод цахилгаан  станц барихдаа  ч Концессийн  тухай хуулийн хүрээнд шийднэ. Яг түүн дээр төрийн зүгээс цахилгаан станцыг ВО буюу барих, ашиглах,өмчлөх хэлбэрээр байх уу, эсвэл хөрөнгө оруулагч нь  бариад, ашиглаад, шилжүүлэх, өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч нь хөрөнгөө нөхөж авсны дараа тухайн цахилгаан станцыг төрд шилжүүлэх хэлбэртэй  ВОТ байх уу гэдгийг ТЭЗҮ, судалгаа гарсны дараа эцэслэн шийдвэрлэх байх.  Тавантолгой станцыг барих, өмчлөх, ашиглах ВО хэлбэрээр барина гэсэн шийдвэр гарсан. Энэ бол байж болох хувилбар. Засгийн газрын 198 дугаар тогтоолоор Концессийн гэрээгээр бүтээн байгуулах 121 төслийг баталсан. Үүн дотор эрчим хүчний салбарын 12 томоохон объект багтаж байгаа.  

Цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулсны дараа  мэргэжлийн боловсон хүчин, ялангуяа дотоодын инженер, техникийн ажилтнууд ажиллах шаардлагатай болох байх. Салбарын яамны зүгээс үндэсний боловсон хүчин бэлтгэх тал дээр  анхаарч байна уу?

600 МВт-ын цахилгаан станц гэдэг манайдаа л том. Түүнээс биш Хятадад баригдаж байгаа цахилгаан станцуудтай харьцуулахад дундаж л станц. Манай орны эрчим хүчний хэрэглээ, ачаалал, горим зэргээс хамаараад цахилгаан станцад том турбин тавихгүй байх. Дулааны асуудал чухлаар тавигдахгүй учраас дан цахилгаан үйлдвэрлэх зориулалтын систем баригдана. Энэ утгаараа  600 МВт-ийн  цахилгаан станц барьсны дараа  л   ажиллах хүчний тухай ярих хэрэгтэй болов уу. ТЭЦ-4 шиг олон зуун хүн ажиллахгүй байх.
Үндсэндээ 200 гаруй хүн л шаардагдана. Тэр хэмжээний боловсон хүчнийг орон нутаг болоод Улаанбаатарт бэлдэх боломжтой. Хөрөнгө оруулагч шаардлагатай гэж үзвэл өөрсдөө 20-30 мэргэжилтэн ажиллуулж болно. Дотоодын инженер техникийн ажилтнууд маань чадвартай. Энэ ажлыг хийх бүрэн боломжтой. Ухаахудагийн уурхайн 18 МВт-ийн цахилгаан станцыг үндэсний инженерүүд л барьж байна шүү дээ.  

Шинэ станцууд Даланзадгадын цахилгаан станц шиг эвдрэл гэмтэл их гарч, хэл ам дагуулан, орон нутгийн иргэдийг хохироохгүй гэсэн баталгаа хэр байна вэ?

Даланзадгадын цахилгаан станц 2000 онд ашиглалтад орсноос хойш жил бүр л орон нутгийнхныг зутрааж, яамныхныг өвлийн хүйтнээр нааш цааш явуулан баахан асуудал үүсгэдэг. Үүнийг засч залруулах гэж өчнөөн ажил хийлээ. Төр засгаас ч хөрөнгө мөнгө гаргалаа. Гэсэн ч  цахилгаан станцын үйл ажиллагаа сайн жигдрэхгүй байна. Менежментийн баг Даланзадгадад ажиллаж байгаа. Энэ станцын тухайд хоёрхон тоноглолтой. Хоёулаа байнга ажиллаж байх ёстой. Дээр нь оргил ачаалал, хэрэглээний өсөлттэй холбогдуулан шинэ блок нэмэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Орон нутаг үүнийг зохион байгуулж, 3 МВт-ийн  өргөтгөлийг цахилгаан станц дээрээ хийж байна. Даланзадгадын цахилгаан станц 6 МВт-ийн  хүчин чадалтай байсан бол одооноос 9 МВт  болох юм.  Оны өмнө ашиглалтад орно.                     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж