Хоёр сар хоригдсоны эцэст хэдхэн хоногийн өмнө барьцаагаар суллагдсан Аи Вэй Вэйг 12 сая юань буюу 1.8 сая ам.долларын татвар болон торгууль төлөхийг шаардлаа. Үүний таван сая юань нь татварын өр, үлдсэн долоон нь сая торгууль гэнэ.
Өнгөрсөн даваа гаригт тэрбээр энэ шийдвэрийг хүлээж авсан бөгөөд өмнөд хөршийн татварын хуулийн дагуу дээрх мөнгийг төлж барагдуулаагүй тохиолдолд ял шийтгэл хүлээнэ. Аи Вэй Вэйн найз бөгөөд өмгөөлөгч нь болох Лю Сио Юаны хэлснээр ирэх сарын долооноос өмнө шүүхийн ямар нэг шийдвэр гарч магад. Барьцаанд гаргахдаа хатуу анхааруулсны дагуу нэрт зураач өөрөө хэвлэлийнхэнд ганц ч үг дуугарахгүй байгаа юм.
2008 оны Бээжингийн Олимпийн “Шуувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг гаргасан түүнийг Хятадын эрх баригчдын бодлогыг шүүмжилснийх нь төлөө баривчилсан хэмээн гэр бүл, найз нөхөд нь үзэж байгаа. Өрнөдийн улсууд түүнийг суллахыг удаа дараа шаардсаар байсан билээ. Өчигдөр ХБНГУ-ын Канцлер Анжела Меркель Хятадын удирдагч Вэн Жибаог Берлинд хүлээн авч уулзах үеэрээ Аи Вэй Вэйг сулласанд талархаж буйгаа илэрхийлсэн юм.