Нийгмийг үзэл баримтлалын хувьд хоёр хэсэгт хуваасан, албан тушаал, баялгийн хуваарилалтыг ч хоёр талд ялгасан өнөөгийн хагарлын эх үндсийг бүрдүүлж байгаа сонгуулийн тогтолцоог өөрчилж, улс төрийн намуудад гарааны тэгш нөхцөл олгохоос нааш улс төрд эрүүл уур амьсгал бий болохгүй гэдгийг бид өөрсдөө сайн мэддэг. Харин үүнийг засч залруулах дээрээ хүрэхээр өнөө л эрх мэдэл бүхий хоёр намын амыг хараад сууж байна. Иргэдийн эрх ашгийн төлөөлөл, хууль батлах, шийдвэр гаргах үйл явц дахь оролцоо тэгэхээр бидэнд хангалттай гэж үү?!
Аливаа шинэчлэлд чиглэсэн нийгмийн захиалгыг парламентын танхимд хууль ёсны төлөөлөл хийж чадахгүй бол гудамжинд хууль бусаар хийх болдог. Хэрэв өнөөдөр нийгмийн урвалт, хагарал, хуваагдал руу хүссэн хүсээгүй түлхээд байгаа сонгуулийн тогтолцоог парламент өөрчилж чадахгүй бол үүнийг хувьсгалын замаар хийхэд хүрч болзошгүй. Үүнийг өнгөрсөн сонгуулийн дараах үйл явдал, долдугаар сарын 1-ний үймээн эрх баригчдад хангалттай ойлгуулсан байх учиртай. Харамсалтай нь долдугаар сарын нэгний үйл явдалд УИХ-ын зүгээс болон УИХ-д суудал бүхий намуудаас улс төрийн дүгнэлт хийлгүй нүдээ аньж, амаа таглаад өнгөрөөсөн. Хэрэв тэр үймээний учир шалтгаанд улс төрийн дүгнэлт хийх замаар хүний амь нас хохирсны хариуцлагыг эрх мэдэлтнүүд хуваалцсан бол байдал арай өөр байх байлаа. Үймээн юунаас үүдсэнийг тэр үеийн албан тушаалтнууд тайлбарлахдаа сонгуулийн тогтолцооноос их зүйл хамаарч байгааг дурдаад, хэрэв энэ тогтолцоогоо өөрчлөхгүй бол байдал дахин давтагдахыг сануулж л байсан. Үүнийг улс төрийн дүгнэлтийн хэмжээнд хурцаар тавьж, засч залруулах хариуцлагыг өөрсдөдөө хүлээсэн бол сонгуулийн тогтолцоог хуучнаар нь зүтгүүлэх гэж улайрахгүй л байсан болов уу? Сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн төлөө нийгмийн шахалт хүчтэй байгааг ойлгож буй ч гал намжаахын тулд хэлбэр төдий шинэчлэл хийгээд өнгөрөх гэж буйг өөрөөр хэрхэн тайлбарлаж зөвтгөх вэ.
Бид асуудлыг зөвхөн өөрсдийн эрх ашгийн нүдээр биш өргөн хүрээнд харах ёстой байх. Уг нь ардчилал дөнгөж хөгжиж буй улс орнуудад сонгуулийн мажоритари тогтолцоо тохирдоггүйг улс орнуудын жишээн дээрээс харж болно. Мажоритар тогтолцооны үед улс төрийн намууд, хөгжлийн хөтөлбөрөөс илүү хувь хүний хүчин зүйл сонголтод нөлөөлдөг, намын бодлогын эсрэг улстөрчид гарч бие даасан тоглолтыг их хийдэг, тэдгээр нь парламентад орсон хойноо нам сэлгэж сонгогчдын саналыг үнэгүйдүүлдэг. Бас олон жижиг тойрогт хуваадаг учраас гишүүд нь жижигрүүлсэн орон нутгаас хамааралтай улс төр хийдэг. Намаа төлөөлж биш тойргоо төлөөлж УИХ-д сууж байгаа гэж гишүүд нь ойлгодог учраас тухайн улс төрийн намын хариуцлага үүнийг дагаад сулардаг. Өнөөдөр УИХ-ын гишүүн болгон хуул санаачлах эрхтэй, түүнийгээ эрх ашгийн бүлэглэлүүдэд худалддаг болсон. Үүнийх нь ард нам хариуцлага хүлээдэггүй. Тэгэхээр ардчиллын үнэт зүйлс нийгмийн сууринд нь баттай төлөвшөөгүй, манайх шиг хөгжлийн эхэн үедээ яваа орнуудад энэ мэтчилэн мажоритари тогтолцооны сул талаар дамжаад ардчиллын үнэт зүйлсэд аюултай олон сөрөг үр дагавар үүсдэг байна.
Нэгэнт л төрийн эрх мэдлийг улс төрийн намаар дамжуулан хэрэгжүүлэхээс өөр арга бидэнд байхгүй учраас тэдгээрийг төлөвшүүлэх, хариуцлагатай болгох замаар ирээдүйгээ гэрэлтүүлэх ёстой болж таарна. Үүний тулд бүх эрх мэдэл, нийгмийн баялгийг хоёр хэсэгт хуваан талцуулж байгаа сонгуулийн тогтолцоог өөрчилж, улс төрд шинэчлэлийн агаар оруулья л даа. Гуравдагч, дөрөвдэгч хүчнийг гаргаж ирэхгүйгээр улс төр дэх урвалт, хагарал, хуваагдлыг зогсоож чадахгүй. Улс төрийн намуудад сонгогдох бололцоо нь тэгш байх, сонгогчдын өмнө мөнгөөр биш хөгжлийн бодлогоор өрсөлддөг байх, иргэдийн санал парламентыг бүрдүүлэхэд бодитой тусдаг байх тийм л тогтолцооны шинэчлэл рүү явцгаая. Энэ нь пропорциональ давамгайлсан холимог тогтолцоо.
Сонгуулийн тухай хууль бол УИХ-ын гишүүдийн хүсэл зорилгоороо санаачилж, эрх ашгаа шингээдэг олон арван хуулиудтай адил биш ээ. Сонгуулийн хууль бол Үндсэн хуулийн дараа ордог чухал хууль юм. Улсын Үндсэн хууль нь төрийн байгууллагын эрх мэдэл хуваарилах зарчмыг зааж өгдөг бол сонгуулийн хууль нь төрийн институтыг хэрхэн зохион байгуулагдах, яаж өрсөлдөж, засгийн эрхийг авахыг сонгуулийн тогтолцооны шийдлээр заадаг. Улс орон зөв замаар хөгжилд хүрэх эсэхийг шийдэх, хүн бүхний эрх ашиг шингэх учиртай хууль юм.