Оросын Газрын хэвлийн тухай хуулийн өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Оросын Газрын хэвлийн тухай хуулийн өөрчлөлт

Байгалийн асар их баялагтай орон дэлхийд олон ч амжилтад хүрсэн нь тун
цөөхөн. Амжилт, хөгжлийн гол хүчин зүйлийн нэг хууль эрх зүйн
зохицуулалт байдаг. Монгол улсын эдийн засгийн тулгуур болоод буй уул
уурхайн салбарыг зохицуулах Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхөөр
төлөвлөж байгаа. Бүр нэрнээс нь эхлэн өөрчлөх гэж буй.


Оросын Төрийн ДУМ Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаа
батлах гэж нэлээд  хэдэн жил болж байна. Өндөр албан тушаалтнуудын 
байгалийн баялгаас хүртэх “буруу гарын” орлогыг хязгаарлаж байгаагаас  
зөрчилдөөн үүдэж байгаа  нь   нууц биш. Орост авлигатай хийх тэмцлийн
нэг арга хэлбэр нь хууль тогтоомж болсон юм. Тус улсад авлига төрийн
захиргааны хамгийн дээд түвшинд хүрээд байна. Оросын Төрийн ДУМ өнгөрсөн
дөрөвдүгээр сарын 22-нд Газрын хэвлийн баялгийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгатай анхлан танилцсан  юм.

ОХУ-ын одоо үйлчилж байгаа Газрын хэвлийн баялгийн тухай хуулийг
шинэчилсэн найруулга нь ашигт малтмалыг олборлох салбарыг хөгжүүлэх нөөц
бололцоонд сөргөөр нөлөөлж буй асуудлуудыг ил болгох явдал юм. Хайгуул,
үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл, хайгуул хийх болон хайгуулын дүнд
илэрсэн орд газарт олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгох үйл
ажиллагааг хялбар болгох,  үйл ажиллагаа явуулахыг  зохицуулсан илүү
нөхцөл заалтуудыг арилгах зайлшгүй хэрэгтэй гэдэгтэй ашигт малтмал
олборлогчид санал нэгдэж байгаа аж. Хайгуул, үнэлгээ хийх тусгай
зөвшөөрөл олгоход ашигт малтмал олборлогчдын хөрөнгөөр геологийн тандалт
судалгаа  хийсэн хэсгүүдийн жагсаалт шаарддагаас татгалзаж, хэн түрүүлж
хүсэлт гаргасанд нь бичиг баримтыг бүрдүүлэн өгөх ба тусгай зөвшөөрөл
олгох хөнгөвчилсөн журмаар тусгай зөвшөөрлийг олгох ёстой. Тусгай
зөвшөөрлийг тодорхой нэг төрлийн /хэд хэдэн төрөл/ ашигт малтмалын
хайгуул болон үнэлгээ хийхэд зориулан долоон жилийн хугацаатай олгодог.
Тусгай зөвшөөрлийн төлбөрийг талбайн хэмжээгээс хамааран тооцдог байна.
Судалгаа явуулж буй талбайд тусгай зөвшөөрөлд заагаагүй  өөр төрлийн
ашигт малтмал илрүүлсэн тохиолдолд газрын хэвлийг ашиглагч энэхүү ашигт
малтмалд шинэ тусгай зөвшөөрөл авах эрхтэй.  Энэ тохиолдолд тусгай
зөвшөөрлийн гэрээ нь ажил гүйцэтгэх хугацаа, хэмжээ, төрөл зэрэг  
зохицуулалтын шаардлагаас чөлөөлөгдөнө. Илрүүлсэн орд газарт
боловсруулалт хийх тусгай зөвшөөрлийг орд  газар илэрсэн тухайн хэсэг
дэх геологийн хайгуул хийхээр авсан тусгай зөвшөөрлийг автоматаар,
өрсөлдөгчгүй, үнэ төлбөргүйгээр 25 жилийн хугацаатайгаар олгоно.  Тусгай
зөвшөөрлийг ийнхүү шилжүүлэх үндэслэл нь тухайн үеийн үзүүлэлтээр
үнэлсэн нөөцийн тухай тайлан байх аж.  Орд газраас ашигт малтмал
олборлож эхэлсний дараа үйлдвэрлэлийн аюулгүй байдал, газрын хэвлийн
баялгийн хамгаалалт, геологийн тусгай зөвшөөрлийн хавтгай дөрвөлжин км
газар бүрийн стандарт төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
байгалийн баялаг ашигласны хамгийн  доод хэмжээний татвар зэрэг хууль
ёсны шаардлагуудаас өөр тусгай зөвшөөрлийн ямар нэг тусгай нөхцөлүүд
тавигдах ёсгүй. Тухайн орд газрыг ашигласаар байгаа тохиолдолд тусгай
зөвшөөрлийг автоматаар сунгана. Хайгуул болон үнэлгээнээс олборлолтод
шилжсэн тохиолдолд ашигт малтмалын нөөцийг хайгуулийн нөөц дээр
тулгуурласан техник, эдийн засгийн үндэслэл бүхий орд газрыг ашиглах
техникийн төсөл, нөөцийн тооцоо, орд газрыг ашиглах төсөл зэргийг нь
үндэслэн  улсын бүртгэлд бүртгэн авна. Техникийн төслийн экспертизийг
ашиглах асуудал эрхэлсэн Холбооны агентлаг гэсэн ганцхан байгууллага
гүйцэтгэнэ. Гадаад эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт төслийг
хэрэгжүүлэх болон ашиглалтын цар хүрээг дахин дахин авч үздэг, техникийн
төсөлд заасан ашиглалтын бүх хугацаан дахь уулын болон технологийн
алдагдлын хэм хэмжээг тэмдэглэдэг. Мөн үүнтэй ижил төстэй хэд хэдэн
санал ч байгаа юм. Оросын Байгаль орчны яам ашигт малтмалын эрхийн
тусгай зөвшөөрлийн гэрээн дэх үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохицуулсан 
илүүдэл  нөхцөлүүдийг улам өргөтгөх хандлагатай байгаа аж. Газрын
хэвлийн баялгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд дээрхээс гадна
байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхүйц дөрвөн нөхцөлийг тогтоосон
байна. Үүнд:   

•    Техникийн төслийг бэлтгэх хугацаа


•    Төслийн хүчин чадалд хүрэх хугацаа


•    Улсын экспертизэд геологийн мэдээлэл өгөх


•    Эрдэс бодисын түүхий эдийг олборлох түвшинг тохирох

Тус яамны сайт дээр геологи хайгуулын ажлыг хийх төслийг бэлтгэх
хугацаа,  тэдгээрийн төрөл ба жил бүрээр хуваарилан гаргасан хэмжээ, орд
газрыг ашиглалтад оруулах хугацаа, олборлосон ашигт малтмалаа дахин
боловсруулах талаар ашигт малтмал олборлогчдын хүлээсэн үүрэг,
үйлдвэрийн хүчин чадлыг ашиглаж эхлэх хугацаа, бүтээгдэхүүн гаргах
хамгийн бага хэмжээ зэргийг заасан тусгай зөвшөөрлийн шинэ нэмэлт
заалтуудыг тусгасан хуулийн өөрчилсөн төслийг байрлуулсан байна. Шинэ
нэмэлт нөхцөлүүд нь аж ахуйн бие даасан үйл ажиллагааг хөндлөнгөөс
зохицуулах оролдлого юм. Уулын олборлолтын ажлын хэмжээг жил бүрт хуваан
тогтоох нь ашигт малтмал олборлогчид ажлын үр дүнгээ харгалзан чөлөөтэй
үйл ажиллагаа явуулах нөхцөлийг боомилж байна хэмээн тус салбарын
мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Хэрэв олборлолтын хэмжээ бага, аль эсвэл өөр төрлийн ашигт малтмалыг
олборлон хүссэн үр дүндээ хүрэх юм бол тусгай зөвшөөрлийн нөхцөлийг
биелүүлээгүйд тооцно. Ингэснээр хяналт шалгалтын байгуулагууд авах арга
хэмжээгээ чангатгах нэг шалтгаан болно. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа
ашиглаж эхлэх хугацаа болон гаргах бүтээгдэхүүний хэмжээг зохицуулах
талаар ч мөн адил. Тусгай зөвшөөрлийн нөхцөлийг зөрчсөн эдгээр
“зөрчлүүд”-ийг зөвшөөрөл олгосон газар өөрөө буюу Оросын газрын хэвлийн
баялгийн хэрэг эрхлэх газар /20 дугаар зүйл/ илрүүлдэг. Тиймээс Оросын
байгалийн хяналтын газартай зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг хяналтын өөр
нэг шинэ тогтолцоо гарч ирж байна.  Ингэхдээ Оросын байгалийн хяналтын
газрын хувьд  шалгалт явуулах тогтмол хугацааг гурван жилд нэг удаа
өгсөн бол шинэ журам нь түшмэдүүдэд зөрчлийг тасралтгүй илрүүлж байх
бололцоог олгосон байна.


Гадны хөрөнгө оруулалт

Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зорилгоор Газрын
хэвлийн баялгийн тухай хуулийн / Холбооны хууль N58-ФЗ 2008 оны
дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн / 2,1 дүгээр зүйлд Орос улсын 50 тонноос
илүү нөөцийн хэмжээтэй орд газарт ажиллаж буй компанийн дүрмийн санд
гадаадын хөрөнгө оруулагчдын оруулах хувийг хязгаарласан заалт байдаг.
Жагсаалтад олборлолт хийхэд түвэгтэй Березовск, Дарасунск, Итакинск,
Ключевск, Бам, Кючусын орд газар, Их Кураны голын сав газрын дарагдсан
шороон орд орсон байна. Хүдэртээ бага хэмжээний алтны агууламжтай бөгөөд
олборлолт болон боловсруулалтын зардал өндөр /газар доогуурх аргаар/
эдгээр  орд газрын ашиглалтад гадаадын хөрөнгө оруулагчдыг татан
оролцуулах асуудалд Засгийн газраас зөвшөөрөл авах үйл ажиллагаа нь шат
дамжлага ихтэй байдаг. Забайкал дахь Дарасунск орд газрын  Центральная
уурхайд гал гарсны дараа  “Южуралзолото”–ын шинэ эзэмшигч гадаадын
хөрөнгө оруулагчийг татах гэж оролдсон боловч гадаадын хөрөнгө
оруулалтад хяналт тавих Засгийн газрын комисс Канадын RAM Resources
компанитай гэрээ хийхийг хоригложээ.

Дөрвөн жилийн хугацаанд /2006-2010 он/ 100 тонн орчим нөөцтэй тус орд
газраас дөнгөж 200 кг алт олборлосон байна. Орос улсад жилд тав болон
түүнээс дээш тонн алт олборлодог уурхайг томоохон уурхайд тооцдог. Ийм
хэмжээний олборлолт 250 тн болон түүнээс дээш нөөцтэй  орд газруудад
хийгддэг. Тэгэхээр 50-250 тн нөөц бүхий орд газарт олборлолт явуулж буй
жижиг болон дунд үйлдвэрүүдэд гадаадын хөрөнгө оруулагчийг татах явдал
нь хязгаарлагдмал болж байгаа юм. Тусгай зөвшөөрлийн дагуу Орос улсын
эзэмшлийн орд газарт геологийн судалгаа хийж нээн илрүүлсэн ч түүндээ
олборлолт хийх эрхгүй гадаадын компаниудад нөхөн олговор олгох
хувилбарыг санал болгожээ. Гэсэн ч эдгээр нь гадаадын хөрөнгө
оруулагчдыг Оросын нутаг дэвсгэр дээр хийгдэх  геологи хайгуулын ажилд 
хөрөнгө оруулах явдлыг урамшуулж чадахгүй байгаа юм. Нөхөн олговрын
оронд геологийн судалгаа хийх тусгай зөвшөөрөл авсан гадаадын хөрөнгө
оруулагчид стратегийн орд газар нээн илрүүлсэн тохиолдолд тухайн орд
газрыг ашиглах явдалд эдийн засгийн үндэслэлтэй нөхцөлөөр түншүүдийг
татан оролцуулах буюу орд газарт олборлолт явуулах  эрхийг зах зээлийн
үнээр худалдах боломж олгох эрх зүйн механизмыг авч үзэхийг санал болгож
байгаа юм.

Дэлхийн улс орнуудын практикт газрын хэвлийгээ үнэлж, эрдэс баялгаа
гадаадын хөрөнгө оруулагчдад ашиглуулдаг гурван янзын Гэрээний хэлбэр
байдаг байна. Тухайлбал, орд газрыг эзэмшигч нь бүтээгдэхүүн борлуулж
нөөц ашигласны татвар, төлбөр болон бусад хуулийн дагуу төлөх татварыг
өмчлөгчид төлсөн нөхцөлд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бүрэн захиран
зарцуулах эрх авдаг. Өмчлөгчтэй Бүтээгдэхүүн хуваах тухай гэрээ
байгуулдаг. Өмчлөгчид тодорхой үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулдаг
хэлбэрүүд байна.


Геологи судалгаа болон газар ашигласны төлбөр

Өмнө нь үйлчилж байсан төлбөрийн системийг байгалийн нөөц ашиглах бүртээ
тогтмол тушаадаг байсан төлбөр болон эрдэс түүхий эдийн баазыг нөхөн
сэргээхэд зориулан төлдөг байсан төлбөрийг ашигт малтмалын олборлолтод
төлдөг нэгдсэн нэг татвар болгон өөрчилжээ. Газрын тос болон хийн
конденсатын тогтмол олборлолтоос хураадаг байсан акцизыг өөрчилсөн
байна. Дээр заасан хууль нь ОХУ-ын Татварын тухай хуулийн “Ашигт малтмал
олборлолтод ногдуулах татвар” гэсэн 26 дугаар бүлэгт нэмэлт болсноос
гадна  таван хэсэгт өөрчлөлт, нэмэлт оруулж байгаа юм. Хуулиар түүнчлэн
газрын хэвлий ашигласны төлөө хураадаг тогтмол хураамж авах журамд
өөрчлөлт оруулжээ. Одоогийн байдлаар газрын хэвлий ашигласны төлөө
хураадаг татвар, хураамжийн систем нь:

-ашигт малтмал олборлолтод ногдуулах татвар;


-газрын хэвлий ашигласны төлөө ногдуулах нэг удаагийн төлбөр;


-ашигт малтмалын эрэл хайгуулын явцад газрын хэвлий ашигласны тогтмол хураамж;


-газрын хэвлийн тухай геологийн мэдээллийн хураамж;


– дуудлага худалдаанд оролцсоны хураамж;


-тусгай зөвшөөрөл олгосон хураамж;


-байгалийн хийн акциз

гэсэн хэсгээс бүрдэнэ. Эрдэс түүхий эдийг экспортлоход гаалийн хураамж
төлдөг. Одоогийн байдлаар дуудлага худалдаа зохион байгуулахдаа гарааны
нэг удаагийн хамгийн доод хэмжээг тогтооход ОХУ-ын Байгаль орчны яамны
2008-03-30-ны өдрийн ¹232 тушаалаар баталсан аргачлалыг хэрэглэж байгаа
юм. Энэхүү аргачлалаар төлбөрийн хэмжээг  “ирээдүйн” үйлдвэрийн дундаж
хүчин чадлыг бодит нөөцөд шилжүүлсэн, урьдчилан төлөвлөсөн нөөцөөс
хамаарах коэффициентээр үржүүлсэн хэмжээний ашигт малтмалын олборлолтод
ногдуулсан татвар болон тухайн бүс нутгийн дэд бүтцийн байдлыг
харгалзан  тогтоодог байна. Гэхдээ ашигт малтмал илрэх боломжтойг
тодорхойлох урьдчилан тооцоолсон нөөц нь коэффициентуудын тусламжтайгаар
бодит нөөц болон шилжих боломжтой бөгөөд “ирээдүйн” үйлдвэрийн дундаж
хүчин чадлыг эхний үндсэн үзүүлэлтгүйгээр тодорхойлж болох талтай.
Практик дээр олборлогчдод санал болгож буй ашигт малтмалын нөөцтэй
талбай нь юуны өмнө тэдгээрт хийгдсэн геологийн судалгааны түвшингээр
тодорхойлогдоно. Энэ нь тухайн газар нутагт хийсэн  бүсийн судалгаа,
ерөнхий ба нарийвчилсан хайгуул, сэдэвчилсэн шинжилгээ судалгаа, хүдрийн
биетийн илрүүлэлт, аномалии  болон бусад зүйлсийг хэлнэ. Эд бүгд нь
нийлээд нэг удаагийн төлбөрийг тооцоолон гаргах үндэс болно.  Одоо
хэрэглэж буй нэг удаагийн төлбөрийн гарааны доод хэмжээг тооцоолох 
аргачлалыг хэрэглэх явц нь урьдчилан тооцоолсон нөөцийг коэффициентын
тусламжтайгаар бодит нөөцөд шилжүүлэхдээ уг хэмжээг 3-10 дахин илүү
тооцоолдог ба “ирээдүйн” үйлдвэрийн дундаж хүчин чадлыг бодит бишээр
үнэлдгийг харуулсан юм. Дуудлага худалдаагүйгээр газрын хэвлийн хэсэгт
геологийн судалгаа, хайгуул, олборлолт хийхээр /нэгдсэн тусгай
зөвшөөрөл/ олгох эсвэл ОХУ-ын Засгийн газрын 2009-02-04-ний өдрийн  ¹94
тогтоолын журамд заасны дагуу газрын хэвлий ашиглагчдын хөрөнгөөр нээсэн
орд газарт тусгай зөвшөөрөл олгоход  коэффициент 20-ыг “олборлолт
явуулж эхлэх хугацаа зөрчигдсөн тохиолдолд  сэргийлэх” зорилгоор
ашигладаг байна. “Ирээдүйн” үйлдвэрийн жилийн дундаж хүчин чадлыг
тодорхойлох  нэг удаагийн төлбөрийн гарааны хамгийн доод хэмжээг тооцох
аргачлалын тухай хэсэгт зөвхөн бодит нөөцийг ашиглах тухай өөрчлөлт
оруулахыг санал болгож байгаа юм. Бодит нөөцгүй тохиолдолд  нэг удаагийн
төлбөрийн хэмжээг газрын хэвлийн хэсгийн геологийн судалгааны
түвшингээс тооцоолох болно.

Үнэт метал болон үнэт чулуу олборлолтын салбарт баримтлах төрийн бодлого
боловсруулах, хууль эрх зүйн хэм хэмжээг зохицуулж байдаг төрийн
байгууллагын асуудал хуулийн шинэчилсэн найруулгад мөн багтаж байгаа юм.
2004 он хүртэл энэ үүргийг Оросын Сангийн яам хүлээж байжээ. Тус улсын
Засгийн газрын 2004-06-30-ны өдрийн ¹329 тоот тогтоолоор энэхүү үүргийг
Сангийн яамаас салган авсан боловч хэнд ч хариуцуулж өгөөгүй аж.
“Байгалийн нөөц, түүний дотор газрын хэвлийг судлах, ашиглах, нөхөн
сэргээх, хамгаалах талаар төрөөс  авч явуулах бодлогыг боловсруулах
үүрэг бүхий  Оросын Байгаль орчны яам олборлолтын асуудлыг эрхэлдэггүй
байна. Үнэт метал болон үнэт чулуу олборлодог үйлдвэрүүд байгууллага
хоорондын хоосон хөндий зайнд орхигдсон болохоор ашигт малтмал
олборлогчдын саналыг авч үзэх, дэмжих газар байхгүй нь мэдээж. Энэ бол
тун буруу үзэгдэл хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа учир хуулийн
шинэчилсэн найруулгад багтаахыг зорьж байна.

Ийн Оросын Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын давуу тал
болоод одоо үйлчилж буй хуулийн сул талуудын зарим нэг жишээг 
хүргэлээ.   Манай улс Ашигт малтмалын тухай хуулиа шинэчлэх ажилд ханцуй
шамлан ороод байгаа. Байгалийн баялгаа зүй зохистой, үр ашигтай 
ашиглах, эс бөгөөс асар их баялгаа ахархан хугацаанд цөлмүүлэн гадагш
урсган алдах эсэх нь гагцхүү төрийн мэргэн бодлого, ухаалаг эрх зүйн
зохицуулалтаас шалтгаална.

Э.Оджаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж