Ардчилсан орнуудын нийгэмлэгийг тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Ардчилсан орнуудын нийгэмлэгийг тэргүүлнэ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украйн Улсын Ерөнхийлөгч В.Януковичийн урилгаар энэ сарын 26-29-нд тус улсад төрийн айлчлал хийгээд өнөөдөр өндөрлөж байна. Украйнд төрийн айчлал хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Литва Улсын нийслэл Вильнус хотноо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ын бага хуралд оролцох юм байна. Монгол Улс 2011-2013 онд АОХН-ийг тэргүүлэх шийдвэр Лиссабоны бага хурлын шийдвэрт тусгагдсан. Энэ шийдвэрийн дагуу манай улс АОХН-ийг тэргүүлэх ажлыг Литва Улсаас хүлээн авах чухал арга хэмжээ энэ хурлын үеэр болох юм байна. Ерөнхийлөгчийн айлчлалыг дагалдан яваа Гадаад харилцааны сайд Г.Занданшатар: “АОХН-г Зөвлөлдөх бүлэг удирддаг. Манайх 2005 оноос тус бүлгийн гишүүнээр ажиллаж эхэлсэн. Бүлгийн даргыг хоёр жилийн хугацаатай сонгодог. АОХН-ийг тэргүүлэх ажлыг Литва улсаас Монгол Улс энэ хурлын үеэр хүлээн авна. Тиймээс тус бага хуралд манай улсын Ерөнхийлөгчийг тусгай зочноор ирж оролцохыг Литвийн Ерөнхийлөгч урьсан” гэсэн байна. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах манай улс хэд хэдэн сэдвийг сонгон авч ажиллахаар болж байна. Литва Улсын нийслэл Вильнус хотноо болох АОХН-ийн хуралд тусгай зочны хувиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АОХН-ийн хэлэлцүүлэгт оролцож, хуралдаан дээр үг хэлнэ. Гадаад хэргийн сайд нарын зургадугаар хуралдаанд Г.Занданшатар сайд оролцоно. Ийнхүү Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх эрхээ шилжүүлэн авах чухал арга хэмжээ Литва Улсын нийслэл Вильнус хотноо болох гэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж