Ерөнхийлөгч Киевт хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Киевт хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалыг сурвалжилж буй манай сурвалжлагч Г.Нэргүй Украинаас мэдээлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нарын Украйн улс дахь айлчлал амжилттай үргэлжилж байна. Украйн улсын Львов мужаас айлчлалаа эхэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Львов мужид орших Дайчин алдрын толгодод хүрэлцэн очиж, цэцэг өргөлөө. Энэ толгодод украйнчуудын бахархал болсон баатрууд нойрсдог байна. Түүх сөхвөл дэлхийн хоёрдугаар дайны үед Германы цэргүүд ОХУ руу давшилт хийж байх үедээ Львов мужийг цэргийнхээ гол бааз болгож байсан аж. Харин ухрах үедээ тус хотыг бүхэлд нь минажуулжээ. Харин Н.И.Кузнецов нөхдийнхөө хамтаар минажуулсан талбайг аюулгүй болгож олон мянган жилийн түүхтэй Львов хотыг авч үлдэж чадсан ч бүгд амиа алдсан юм байна. Дайчин алдрын толгодод 100 гаруй дайчин нойрсож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар онцгой үүргийн онгоцоор Киев хотыг зорьж, өчигдөр орон нутгийн цагаар 17.50 “Борисполь” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэн юм. Монгол Улсын төрийн тэргүүнийг хүрэлцэн ирэхэд Украйны талаас Гадаад хэргийн сайд К.И.Гришенко, Киев хотын захиргааны дарга А.П.Попов,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон улсын харилцааны газрын орлогч дарга Ю.Клименко нар угтан авав.
Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нарын Украйн улсад хийж буй төрийн айлчлал Нэр үл мэдэгдэх дайчдын хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлнэ. Дараа нь “Голодомор” ын хөшөөнд зул өргөх юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Украйн улсын ерөнхийлөгч В.Ф.Янукович нар ганцаарчлан уулзалт хийж, дараа нь өргөтгөсөн хэлэлцээ хийхийн зэрэгцээ Монгол, Украйны хамтын ажиллагааны хэд, хэдэн баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөөд байна.

Украйн улс нь цэргийн зориулалттай нисэх онгоцны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч энэ өдөр Антоновын нэрэмжит нисэх онгоцны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана. Айлчлалын төгсгөлд Монгол Украйны бизнес форум болох юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр болон холбогдох албаны бусад хүмүүс багтаж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж