70 бүтээлч ажил дүнгээ гаргана

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

70 бүтээлч ажил дүнгээ гаргана

Дундговь аймгийн ЗДТГ-ын ХАА-н бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн А.Өлзийбалжиртай  тус аймаг дахь сурвалжлагч С.Пүрэвсүрэн уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Аймгийн хэмжээнд хэр сайхан зусаж байна, бороо ногоо элбэг үү?
 
-Өнгөрсөн  өвөл өнтэй байж, энэ оны хавар тус аймгийн хувьд сайхан болж өнгөрлөө. Цаг агаарын хувьд хаврын сүүл, зуны эхээр хэд хэдэн удаа цасан болон шороон шуурга тавьж,  шөнөдөө дулаарахгүй байснаас нийт нутгаар ногооны гарц тааруу байсан. Харин 6 сарын 20-23-ны хугацаанд нийт нутгаар бороо орсон, доод тал нь 4 мм /Өлзийт/, дээд тал нь 103 мм /Цагаандэлгэр/ тундас унасан мэдээтэй байна. Зуншлага сайхан  болох байх төлөвтэй.

-Дундговийнхон чинь өвөл, зунгүй нутаг хөөж их оторлодог шүүдээ, Бусад аймаг, сумын нутагт олон айл явна уу?

-Энэ өвөл урьд жилүүдийг бодвол отор нүүдэл харьцангуй бага хийсэн, 11 аймгийн нутагт 400 гаруй өрхийн 190,0 гаруй мянган мал өвөлжсөн, энэ нь малчин өрхийн 7, мал сүргийн  15 хувь  болж байгаа юм. Олон жилээр бусад аймгийн нутагт отор нүүдэл хийгээд сурчихсан айлууд, мөн Гурвансайхан, Сайнцагаан, Цагаандэлгэр, Өндөршил сумын зарим малчид зэргэлдээ Дорноговь аймгийн нутагт өвөлжсөн, хавар ихэнх нь нутагтаа ирсэн, одоо ногоо хөөгөөд нилээд малчид хойд талын сумдад оторлож  байна.

-Энэ жил төл хүлээн авахад хүндрэл хир учрав, Мал жилбэтэй төллөв үү, хичнээн төл хүлээн авав, оны эцэст хэдэн мал тоолуулах янзтай байна?

-Энэ өвөл, хавар сайхан болсон талаар хэлсэн, мөн аймаг, сум, багийн хэмжээнд, малчид ч өмнөх онуудынхаас өвлийн бэлтгэлээ сайн хангасан, өвс, тэжээл, гар тэжээл урьд жилүүдээс хамаагүй илүү бэлтгэсэн, мал сайн таргалсан, иймээс төл хүлээн авахад хүндрэл гараагүй, мал жилбэтэй сайн төллөсөн. Энэ өвөл, хавар мал онд сайн орсон, оны эхний 5 сарын байдлаар 8 суманд оны эхний малын 0,06 хувь нь хорогдсон мэдээтэй байгаа бөгөөд ер нь хорогдол гараагүй гэж болно. Нийт 559,2 мянган эх мал төллөхөөс 399,5 мянган мал төллөж, 399,6 мянган төл бойжиж, 1000 гаруй төл хорогдож, төл бойжилт 99,7 хувьтай байна. Мал их жилбэтэй төллөсөн, хонь, ямаа их ихэрлэсэн, “Сүүлийн жилүүдэд идээгүй уураг идлээ” гэж малчид ярьж байна. Оны эцэст хэдэн малтай болохыг одоо хэлэхэд эрт байна, гэхдээ энэ оны төл бойжилтөөс харахад мал өснө байхаа

-Малаа хорогдуулсан малчдад аймаг, орон нутгаас ямар дэмжлэг үзүүлж байна. Амь зуулгаасаа салсан малчид амь зуухын эрхээр хот суурин газар нэлээд бараадсан байх, энэ талаар тоо баримт хэлнэ үү?

-Тиймээ, Тус аймгийн малчид төдийгүй нийт иргэдийн хувьд 2009-2010 оны өвөл, хавар хүнд жил байсан, 2009 оны эцэст 2,1 сая мал тоолуулж байсан бол 2010 оны эцэст 1,1 сая мал тоолуулсан, нэг сая шахам малаа хорогдуулсан гэсэн үг. Өндөршил, Баянжаргалангаас бусад сум малынхаа 20-иос дээш хувийг үүнээс Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумд малынхаа 62-72 хувийг хорогдуулсан. Нийт малчин өрхийн 68 хувь буюу 4500 гаруй өрх малаа хорогдуулсан, үүний 2900 гаруй нь малынхаа 50-иас дээш хувийг хорогдуулж, 344 малчин огт малгүй болсон.  Энэ хүнд үед төр засгаас болон нутгийн зөвлөл, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд, сайн санаат хүмүүс их тусалсан..

2009-2010 оны дээрх хохиролын байдалд үнэлэлт дүгнэлт өгч аймгаас 2010 оны хавар ажлын таван  хэсэг гаргаж малчдынхаа ихэнхээр орж тэдний санал бодлыг сонссон.

Аймгийнхаа тэргүүний малчдын зөвлөгөөн хийсэн, Адаацаг, Луус, Сайнцагаан, Дэрэн зэрэг сумд малчдын болон малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн хийсэн. Эдгээр зөвлөгөөнөөс малчид хөрөнгө, хөдөлмөрөө хоршиж ажиллах, малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, малаа эрүүлжүүлэх талаар мал эмнэлэг, төрийн байгууллагатайгаа нягт хамтарч ажиллах, өвлийн бэлтгэлээ сайн хангах, бэлчээр, усаа хамгаалах талаар уриалга гаргаж, энд олон малтай малчид 1-3 малгүй буюу цөөн малтай малчдыг дагалдуулан малаа маллуулах, гэрээ түрээсээр ажиллуулах замаар малжуулах саналыг тусгасан.

Зудын хохиролыг нөхөх, малчдын амьдралыг өөд татах хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн

 Аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг 3 удаа малчдыг үзлэг, шинжилгээнд хамруулсан. Үүнд 4400 гаруй малчид хамрагдаж, 230 хүнийг дээд шатны эмнэлэгт эмчлүүлж, хүн амын өвчлөлд малчдын эзлэх хувь 48-аас 35 хувь болж буурсан.

Засгийн газрын шийдвэрээр огт малгүй болсон 234 өрхөд тус бүр 300000 төгрөгийг олголоо.

Засгийн газрын 2010 оны 34 дүгээр тогтоолоор олгосон 230 сая төгрөгийн хөрөнгөөр нийт малчин өрхөд 44,9 сая төгрөгийн гурил, 99,9 сая төгрөгийн шар будаа, 16,6 сая төгрөгийн хүний эм, 33,3 сая төгрөгийн малын эм худалдан авч олгосон МУЗН-ээс бараг бүх суманд давхардсан тоогоор 374 малчин өрхөд 601,8 сая төгрөгийн хүнс, бусад барааны Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдын 140 өрхөд 42,0 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн.  Улсын төсвийн 81,6 сая төгрөгөөр 4 сумын 48 малчныг, бусад хандив, тусламж, олон малтай малчид туслах малчнаар болон түрээсээр мал маллуулах замаар бүх суманд 100 гаруй малчдыг малжууллаа.

 НҮБ-ын ХХАА-н байгууллагаас Эрдэнэдалай, Адаацаг суманд “Эмзэг бүлгийн хүнсний баталгаат байдлыг сайжруулах төсөл” хэрэгжүүлж үүнд 60 малчин өрхөд хүнсний ногоо тариулах ажил эхлээд одоо эрчимтэй явагдаж байна

Малчдаас барилгын болон уул уурхайн мэргэжил эзэмшүүлэх сургалтад 60 гаруй залууг хамруулж, зэргэлдээ Өмнөговь аймгийн уул уурхайн барилга байгууламжийн бүтээн байгуулалтад илгээсэн. Хулд сумын Түймэрт цагааны жоншны талбайд 10 гаруй нөхөрлөлд 120-150 хүн, Баянжаргалан, Өлзийт, Гурвансайхан суманд жоншны 5 уурхайд 10-30 хүн, Дэлгэрхангай суманд гөлтгөний уурхайд 10 орчим нийт 200 гаруй хүн /ихэнх нь малчид ажилгүй иргэд/ гар аргаар ашигт малтмал олборлох, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид гэрээгээр мэргэжил шаардахгүй ажил гүйцэтгэж байна. Бэлчээр усжуулалтад зориулсан хөрөнгө оруулалт өмнөх оноос 3 дахин нэмэгдсэн, малаа эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, бэлчээрээ хашихад дэмжлэг үзүүлж, энэ оноос “Малын индексжүүлсэн даатгал” төслийг хэрэгжүүлж эхлэв. Мөн байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх цогцолбор /цаг агаарын мэдээг FM радиогоор дахин дамжуулах/-ыг зүүн, баруун бүсийн төв Эрдэнэдалай, Говь-Угтаал сумдад байгуулж, одоо төвийн бүсийн Сайнцагаан суманд байгуулах гэж байна. Энэ ажил бол манайдаа цоо шинэ ажил.

Малчдад мал сүргээ өсгөе, байгалийн гамшиг, ган, зудын хохиролоос сэргийлж, аж амьдралаа дээшлүүлье гэвэл хөдөлмөр, хөрөнгөө хоршиж хамтын аж ахуй байгуулж байж энэ зорилтод хүрнэ, төр засгаас  цаашид хөрөнгө оруулалт, зээлийг малчдын хоршоонд олгох болно гэдгийг ярьж ойлгуулахад анхаарлаа хандуулж байна
    
-Дундговь аймгийн 70 жилийн ой болно, хэзээ хэрхэн тэмдэглэх гэж байна, Дундговьчууд ойгоо ямар ахиц дэвшилтэй угтах гэж байна, томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаас нэрлэнэ үү?

-Энэ он бол манай аймгийн хувьд их ойн жил, Их Монгол улс байгуулагдсны 805,  Үндэсний эрх чөлөөний 100, Ардын хувьсгалын 90, их номч соён гэгээрүүлэгч Брагри Ёнзон хамба Дамцагдоржийн мэндэлсний 230 жилийн ой, Амгалан төрийн ажнай шаргын их ёслолын үйл ажиллагаатай хамтатган 70 жилийн ойн баяр наадмыг 7 сарын 28-30-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр аймгийн ИТХ-ын тогтоол гарсан. Ой тэмдэглэх бол нэг хэрэг, ойгоос аймаг, орон нутагт юу үлдэх вэ гэдэг чухал асуудал, ийм учраас бид жилийн өмнө 2009 оны 12 сард хуралдсан аймгийн ИТХ-ын 6 дугаар хуралдаанаас 70 жилийн ой угтсан 70 бүтээлч ажлыг баталсан. Энэ 70 ажлын биелэлт 70 гаруй хувийн хэрэгжилттэй яваа. Мөн бүх сум, байгууллага өөрсдийн бүтээлч ажлуудаа хэрэгжүүлж байна.

Юуны өмнө манай аймаг улс даяар дуу хуурын өлгий нутаг гэж алдаршсан, урлаг, соёлын олон арван алдартны өлгий нутаг. Нэг талаар энэ алдартнуудаа улам алдаршуулах, мөн өсвөр залуу хойч үедээ энэ их санг өвлүүлэн үлдээх зорилгоор өнгөрсөн жил Улаанбаатарт 300 гаруй уран бүтээлчдийг оролцуулсан соёл урлагийн өдрүүдийг зохион байгуулсан. Одоо ойн баяраараа 700 морин хуурч, уртын дуучдын бага наадам хийнэ.

Улс, орон нутаг төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр 2010 онд 14 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн энэ хүрээнд 4 суманд эмнэлгийн барилга, Хулд суманд соёлын төв зэрэг томоохон барилгууд шинээр баригдсан, энэ онд 16 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ. Аймгийн төвийн зам засвар, БОАЖГ-ын барилгын тендерийг 7 сарын 1-нд нээнэ, бусад бүх тендерийг шалгаруулж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан, Өндөршил сумын сургуулийн барилга, Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилга, МХГ-ын барилга, Гурвансайхан сумын цэцэрлэгийн барилга шинээр баригдаж, Дэлгэрцогт, Говь-Угтаал сумдын дотуур байрны, ЭМГ-ын сургалтын танхим, аймгийн ЗДТГ-ын зэрэг барилгын их засвар хийгдэнэ. Мөн ТХДЖТ-ын, Эрдэнэдалай сумын 320 хүүхдийн сургуулийн, Дэлгэрхангай сумын 100 ортой цэцэрлэг, Баянжаргалан сумын дотуур байрны барилгын ажил эхлэнэ. Мөн Тогтвортой амьжиргаа-2 төсөл, Засаглалыг дэмжих төсөл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар засвар, тохижилт, тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна

Мөн энэ онд аймгийн ИТХ-аар “Ногоон хөгжил Дундговь” хөтөлбөр батлуулж энэ хүрээнд аймгийн төвд БНСУ-ын Гуян хот, “Ногоон ази” ТББ-ын дэмжлэгээр Гуяны төгөлд 13000, улсын төсвийн хөрөнгөөр “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд Хүүхдийн парк болон Аривжихын хойд талаар 10000, МСҮТ-ийн цэцэрлэгт хүрээлэнд 3000, нийт 26000 мод суулгаж, ХХААХҮЯ-аас зарласан төсөлд 12 аж ахуйн нэгж шалгарч 9000  чацарганы суулгац тарьж, 2009 оноос тус аймагт бэлчээрийн ургамалын судалгаа хийсэн ОХУ, Монгол улсын ШУА-ийн эрдэмтдийн баг Дэрэн, Дэлгэрцогт сумын нутагт “Бэлчээр сайжруулах, тэжээлийн ургамал тарих туршилт, эрдэм шинжилгээний талбай” байгуулж, энд улс, орон нутгийн төсвөөс хоёр гүний худаг гаргаж, хашаа, хүлэмж барьж, дөрвөн га талбайд тэжээлийн ургамал тарьлаа. Аймгийн төвийн өнгө төрхийг өөрчлөх ажил төвийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг засварлах, явган хүний зам тавихаас эхлээд байна. Наадам болоход нэг сар  үлдлээ. Энэ хугацаанд аймгийн төвийн зам засвар, зарим хөшөө дурсгал босгох, гудамж, нийтийн эзэмшлийн газрыг ногооруулах, цэцэгжүүлэх ажлуудыг хийнэ. Аймгийн төвийн ихэнх албан газар, аж ахуйн нэгж орчноо тохижуулах, байшин барилгынхаа өнгө үзэмжийг сайжруулах, урсгал болон их засварын ажлаа хийж байна. Ойн арга хэмжээний үеэр Мандалговь хотын өнгө төрх нилээд өөрчлөгдөнө гэж үзэж байна

    

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж