Гэрэл зургийн уралдааны дүн гарав

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Гэрэл зургийн уралдааны дүн гарав

Ховд аймагт олон зуун жилийн турш олон ястан үндэстэнгүүд эвтэй найртай амьдран өв соёл, зан заншил, байгаль дэлхийгээ дээдлэн хүндэтгэж амьдарсаар ирсэн сайхан уламжлалтай. Иймээс Ардын хувьсгалын 90, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан аймгийнхаа хөгжил дэвшил, хүн ардынхаа аж амьдрал, зан заншил, бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоцтой газрууд, уул, гол мөрөн, нуур, рашаан булаг, хүрхрээ, нэн ховор болон ховор амьтан, ургамлууд, түүх соёлын дурсгалт зүйлс, байгалийн өвөрмөц үзэгдлүүд, байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт, байгалийн өөрчлөлтийн харьцуулалт, байгаль орчны чиглэлээр олон нийтийг хамарсан бүтээн байгуулалтын ажлууд зэрэг үзэгдлүүдийг дэлгэн харуулж, хойч үедээ төрөлх нутгаараа бахархах сэтгэлгээ төрүүлэх, шилдгийн шилдэг бүтээлүүдээр Ховд аймгийн гэрэл зургийн альбом хийх зорилгоор гэрэл зургийн уралдааны нээлтийг зургадугаар сарын 3-ны өдөр  хийж 20 гаруй хоног олон нийтэд дэлгэн  үзүүлж өчигдөр дүнгээ гаргалаа.

Үзэсгэлэнд 20 орчим уран бүтээлчдийн 350 гаруй бүтээл тавигдан олны хүртээл боллоо. Ирсэн бүтээлүүдийн дийлэнх хувийг аймгийн байгалийн үзэсгэлэнт  газрууд, Монгол Алтайн нурууны мөнх цас мөс бүхий өндөр ноён оргилууд, уул нурууд, гол мөрөн, нуурууд, иргэд малчдын ахуй амьдрал, мал аж ахуйн үйл ажиллагаа, уламжлалт зан заншлууд, ан амьтад, ургамал, шавьж, угсаатан ястны зургууд эзэлж байлаа.  

Үзэсгэлэнг  600 орчим хүн үзэж сонирхон санал сэтгэгдлээ үлдээсэн ба энэхүү үзэсгэлэн нь олны сайшаалыг хүлээсэн ажил болсон юм. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс шилдгийн шилдгийг шалгаруулах ажлын хэсэг нь мэргэжлийн зурагчин, зураачдаас бүрдсэн бөгөөд бүтээлээ ирүүлсэн уран бүтээлчид маань хэдийгээр сонирхогчид боловч мэргэжлийн хүмүүсээс дутахааргүй уран чадварлаг агшнуудыг олж буулгасан байлаа.

Уралдаанд ирсэн бүтээлүүдээс шилдгийн шилдгийг шалгаруулахдаа үзэгч, сонирхогчдын санал, дүгнэлтийг харгалзан үзсэн аж. Уралдаанд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд аймаг дахь төлөөлөгч Д.Цэвээнравдан нэгдүгээр байр эзэлж 500 мянган төгрөг, Аймгийн Засаг дарга доктор Г.Нямдаваа, ХоИС-ийн багш Д.Батбаяр нар хоёрдугаар дугаар байр тус бүр 300 мянган төгрөг, Мөнххайрхан сумын УТХГН-ийн захиргааны ажилтан Г.Баянмөнх, ХоИС-ийн багш С.Шар, фото зураг сонирхогч Ц.Өнөржаргал нар гуравдугаар дугаар байр тус бүр 100 мянган төгрөг, фото зураг сонирхогч Т.Самданжигмэд, Х.Бямбасүрэн Б.Батмөнх, Ц.Нямтулга, Б.Мөнхдолгор нар тусгай байр эзэлж тус бүр 50 мянган төгрөгөөр шагнууллаа.

Г.Пүрэвганьд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж