Үзэсгэлэнд 20 орчим уран бүтээлчдийн 350 гаруй бүтээл тавигдан олны хүртээл боллоо. Ирсэн бүтээлүүдийн дийлэнх хувийг аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол Алтайн нурууны мөнх цас мөс бүхий өндөр ноён оргилууд, уул нурууд, гол мөрөн, нуурууд, иргэд малчдын ахуй амьдрал, мал аж ахуйн үйл ажиллагаа, уламжлалт зан заншлууд, ан амьтад, ургамал, шавьж, угсаатан ястны зургууд эзэлж байлаа.
Үзэсгэлэнг 600 орчим хүн үзэж сонирхон санал сэтгэгдлээ үлдээсэн ба энэхүү үзэсгэлэн нь олны сайшаалыг хүлээсэн ажил болсон юм. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс шилдгийн шилдгийг шалгаруулах ажлын хэсэг нь мэргэжлийн зурагчин, зураачдаас бүрдсэн бөгөөд бүтээлээ ирүүлсэн уран бүтээлчид маань хэдийгээр сонирхогчид боловч мэргэжлийн хүмүүсээс дутахааргүй уран чадварлаг агшнуудыг олж буулгасан байлаа.
Уралдаанд ирсэн бүтээлүүдээс шилдгийн шилдгийг шалгаруулахдаа үзэгч, сонирхогчдын санал, дүгнэлтийг харгалзан үзсэн аж. Уралдаанд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд аймаг дахь төлөөлөгч Д.Цэвээнравдан нэгдүгээр байр эзэлж 500 мянган төгрөг, Аймгийн Засаг дарга доктор Г.Нямдаваа, ХоИС-ийн багш Д.Батбаяр нар хоёрдугаар дугаар байр тус бүр 300 мянган төгрөг, Мөнххайрхан сумын УТХГН-ийн захиргааны ажилтан Г.Баянмөнх, ХоИС-ийн багш С.Шар, фото зураг сонирхогч Ц.Өнөржаргал нар гуравдугаар дугаар байр тус бүр 100 мянган төгрөг, фото зураг сонирхогч Т.Самданжигмэд, Х.Бямбасүрэн Б.Батмөнх, Ц.Нямтулга, Б.Мөнхдолгор нар тусгай байр эзэлж тус бүр 50 мянган төгрөгөөр шагнууллаа.