Хурандааг үхэл, эсвэл дүрвэлт хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Хурандааг үхэл, эсвэл дүрвэлт хүлээж байна

Энэ намар Триполи хотноо шатрын томоохон тэмцээн зохион байгуулах зорилготойгоор Олон улсын шатрын холбооны тэргүүн Кирсан Илюмжинов  ирэх сарын эхээр дахин Ливид очно. Тэрбээр Маоммар Каддафийг наад зах нь гурван долоо хоногийн дотор Ливийн нийслэлээс явуулахыг шахна, хэрэв түүнийг биелүүлэхгүй бол ална гэсэн яриа нэлээд эрчимтэй  дэгдэж байна. Ер нь бол хурандаад өөр зам алга. НАТО-гийн дэмжлэг авч байгаа Ливийн сөрөг хүчин дөрвөн сарын турш тэмцээд энэ ганган хурандаад засгийн эрхийг үлдээх нь  юу л бол.

Үлдэж байгаа хоёр хувилбараас сонголт хийх нь Каддафийн хүлээн авах чадвар болон түүнийг зайлахыг ятгаж байгаа  зуучлагч нарын аль зэрэг үнэн байх вэ гэдгээс хамаарна. Либерийн ерөнхийлөгч асан Чарльз Тейлорын амьд жишээ байна. 2003 оны иргэний дайны үеэр түүнийг цагаачил гэж ятган эх орноос нь гаргаад дараа нь Олон улсын шүүхэд шилжүүлж байсан. 

Мөн Каддафийн зан араншин ба үзэл бодлоос нь харахад тэрээр нэлээд найдвартай болзолтой нөхцөлд л эрх мэдлээсээ татгалзана. Үүний тулд тэрээр гал зогсоонгуут  сонгууль явуулах санал дэвшүүллээ. Түүний энэ санааг туслах Муса Ибрагим нь сэтгүүлчидтэй уулзахдаа энэ ням гаригт мэдээлсэн юм. “Хэрэв ард түмэн хүсвэл Каддафи үлдэнэ. Ард түмэн хүсэхгүй бол тэр явна” гэж Муса Ибрагим хэлжээ.

42 жилийн турш засаг барьж байгаа Каддафи анх удаагаа барууны маягийн сонгууль явуулах санал дэвшүүлж байна. Энэ нь гайхмаар. Тэр өөрийн “Ногоон номонд  тайлбарлахдаа жин­хэнэ ардын засаг бол орон нутгийн хо­роодыг байгуулаад дараа нь тэднийг үйлдвэрчний эвлэл ба ардын конгресс болгох явдал гээд бичсэн байдаг. «Пар­ла­ментад ард түмний төлөөлөл байгаа гэдэг нь хууралт бөгөөд ардчиллын шалиг шийдвэр. Тэр чинь ард түмэнд өөрсдийн засаглалыг тогтооход нь тавьсан хуульчлагдсан саад” гэж тэрээр бичиж байв. Мөн бүх нийтийн санал асуулгыг хуурамч, намуудыг  “дарангуйлал” гэж нэрлэж байсан юм.

Гэхдээ тэр өөрийн онолыг практикт хэрэгжүүлэхдээ улс төрийн байгууламжийн жишгийн төсөөлөлдөө нугалаа гарган өөрөө  дарангуйлагч болсон хүн.  Өнөөдөр өөрийн гүн ухаандаа шүүмжлэлтэйгээр сэтгэх болсон нь алдаанаасаа авсан сургамж биш. Тэрээр гадаадаас өгч буй дохиог зөв тусган сэтгэж байгаа бололтой. Сүүлийн өдрүүдийн мэдээлэл барууны генералууд ба улстөрчид 69  настай Мауммар Каддафийг устгахаас буцахгүй болсныг гэрчилж буй. 

Ливийн эсрэг хамтын ажиллагаа явуулж байгаа НАТО-гийн хүчний штабын дарга Америкийн адмирал Сэмюэл Локлир АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхмын Зэвсэгт хүчний хэргийн хорооны гишүүн Майк Тернертай уулзахдаа санамсаргүй мэтээр НАТО-гийн Ливид явуулж байгаа ажиллагааны зорилго нь Каддафийг хувь хүнийх нь хувьд устгах явдал гэж ярьсан байв. “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол бүслэлт, Ливийн нисэх хүчний нислэгийг хориглох, энгийн хүн амыг хамгаалах гэсэн гурван чухал заалтаас бүтэж байна. Адмирал Локлир тайлбарласнаар энгийн хүн амыг хамгаална гэдэг нь Каддафид үнэнч удирдлага болон түүнийг өөрийг нь устгах явдал юм байна” Сэмюэл Локлир надад тайлбарласан гэж конгрессмен хэлсэн байна. Сарын өмнө болсон тэдний яриаг Foreign Policy сэтгүүл иш татан бичиж байв. Энэ ярианд итгэхгүй байх аргагүй. Тавдугаар сарын 1-ний шөнийн бөмбөгдөлтөөр Каддафийн хүү, гурван ач, зээ нь амь үрэгдсэн билээ. Тэд бөмбөгдөлтийн бай байгаагүй нь ойлгомжтой. Харин Муаммар Каддафи бөмбөгдөлтөөс хэдхэн минутын өмнө тэндээс явснаар аврагдсан гэж Кирсан Илюмжиновт ярьжээ. Кирсантай тэрээр шатар тоглож байхдаа НАТО ба босогчидтай хэлэлцээр хийхэд бэлэн, гэхдээ нутагтаа үлдэнэ гэж хэлүүлсэн юм.

Тийм хувилбар сөрөг хүчинд хэрэггүй. Цэргийн ажиллагаа сунжрах тусам зардал улам нэмэгдэж байна. Тиймээс яарах хэрэгтэй. Тэгээд ч барууны болон араб сонинуудаар түүнд хүндэтгэлтэйгээр “цөллөгт” явах санааг гаргаж байгаа юм.
Тухайлбал Ливийн бөглүү нутагт өөрийн каддафа омгийнхоо хамгаалалт дор насаа илээх. Эсвэл хамгийн боломжийн хувилбар нь Африкийн холбооны хамгаалалт дор Африкийн ямар нэгэн оронд амьдрах.

Арилжаа наймаа болгон орогнох газарт нь Белорусийг багтаасан байв. Нэгэнт Орос түүнд зуучилж байгаа болохоор хурандааг нутагтаа хүлээн авч болох юм гэсэн үг ч сонсогдож байна.  Гуравдугаар сард ерөнхийлөгч  Медведевийн Орост орохыг хориглосон 15 хүний жагсаалтад Каддафи ба түүний хүүхдүүдийн нэр багтсан юм.

Гэхдээ Африкийн ямар нэг оронд Каддафийн орогнох зай олдох байлгүй. Харин түүнийг тайван байлгана гэсэн баталгаа нь найдвар муутай. Москва түүнд үхэл, цагаачлал хоёроос сонголтоо хийхэд нь тусалж чадах болов уу? Хариулт тун удахгүй болж байх шиг.

Ш.МЯГМАР

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж