Ээлжит хэрүүл-намын нэрсийн дараалал

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Ээлжит хэрүүл-намын нэрсийн дараалал

Нэр тойрсон намуудын хэрүүл цааш хэрхэн өрнөхийг өгүүлэхээс өмнө нэрийн чухлыг батлах хэдэн баримт дурдая.

Эхлээд нэг онигоо ярья. Ичимхийний нэртэй индиан залуугийн тухай. Хашир омгийн ахлагчдаа хандаж, нэрээ солиулахаар. Гэтэл омгийн ахлагч Арслангийн зүрх ихэд гайхаж,

-Яагаад нэрээ солиулна гэж. Манай омгийнхон чинь бүгдээрээ л гоё нэртэй шүү дээ. Чонын соёо, Баавгайн савар, Бүргэдийн нүд… Чиний нэр юу нь таалагдахгүй байна аа, Гахайн нуудгай… хи, хи…
Эрхтэн мундсан биш очиж очиж түүнд тийм нэр өгдөг нь ч юув дээ, тийм ээ.  
Гэтэл нэг ширээнд тохой залган суудаг байсан А.Ариунаа маань нэг өдөр онигооны индиан шиг “нэрээ солиулна” гэж сэмхэн шивнэдэг байгаа. Олон жилийн өмнөх хүүхэд насны явдал л даа.
-Яагаад чинийх гоё нэр шүү дээ гэвэл,
-Гоё нь ч гоё л доо. Гэхдээ Журнал дээр хамгийн түрүүнд бичигддэг болохоор шал тэнэг. Багш хамгийн түрүүнд дууддаг юм… гэж гомдоллов. Л.Нарантөгс ч дундуур байдаг болохоор өмнөх нөхдүүд асуугдаж байхад номоо шагайж амждаг байлаа. Одоо бодоход Э.Энхтүвшин ч бас л гомдолтой байж. Тэр харин ч А.Ариунаад атаархсан янзтай. Учир нь мань хүн бүгдийн сүүлд асуугддаг. Хамаг хүүхэд гараад явчихсан хойно хөөрхий залхсан байдалтай ширээний тавцанг үзгээрээ эрээчээд үлддэгсэн, Э.Энхтүвшин. Уг нь Э.Энхтүвшингийн хоч нь “Азгүйтүвшин” л дээ. Хэрэв хочоор нь журналд бичдэгсэн бол түүнийг хамгийн түрүүнд асуух байсан биз. Харамсалтай нь, ардчилсан нийгэмд  нэр хочоор нь ялгаварлан гадуурхсан хэргээр багшаас эхлээд сургуулийн захирал шүүхэд дуудагдаж баларна.

Эрх нь зөрчигдсөн гэхэд ч хаашаа юм. Гэхдээ л тэр хоёр төгсөн төгстлөө нэрээ “үзэн ядсан” юмдаг.

Цаг цагаараа байдаггүй юмсанж. Эдүгээ цагт хамгийн түрүүнд нэрээ дуудуулахын төлөө хуулийг эрхшээлдээ таацуулах урвуу үйлчлэлтэй болж. Давын өмнө урлагийнханд, улстөрчдөд ингэх сонирхол маш их бий. МУГЖ, дуучин Сарааг шоу тоглолтын эхэнд дуудахгүй бол уурладаггүй юмаа гэхэд ундууцдаг байлгүй. Бүх оддын шоу дээр хамгийн сүүлд мань хүн хүндэтгэлтэйгээр халуун алга ташилтын дор тайзнаа залардаг нь бас л бичигдээгүй хууль. Хамгийн эхэнд хэний ч мэдэхгүй шахуу бацаануудыг гаргаж хоцрох дуртай үзэгчдэд суудлаа эзлэх боломж олгодог нь ч бас л тогтсон уламжлал. Ингээд бодохоор энэ их сонин сэдэв шүү. Төөрүүлсэн бол өршөө. Товчхондоо, сонгуулийн саналын хуудаст хэний нэрийг хамгийн түрүүнд хатгах талаар хөндөе.

Энд эрэмбэ гэж бас бий. Энэ асуудлыг СЕХ болон Дээд шүүхээс асуухад ийн хариулж байна. 

-Сонгуулийн саналын хуудас дээр намууд ямар дарааллаар бичигдэх вэ?

Сонгуулийн ерөнхий хорооны мэргэжилтэн н.Нэргүй “Энэ бол УИХ-ын Сонгуулийн хуулийг баталснаас хойш л яригдах асуудал. Одоо хэлэлцэгдэж байгаа асуудал дээр бид хариу өгөхөд хэцүү байна” гэлээ.

Тэгвэл Дээд шүүхийнхэн “Сайн хэлж мэдэхгүй байна. Мэддэг хүн нь амралтаа авчихсан байгаа. Сонгуулийн хууль батлагдсаны дараа л тодорхой болох байх” гэв.

Харин тэдний хүлээсэн тэр хууль нь батлагдах найдвар тун тунгаар багассаар байна. Эрх баригч хоёр нам өөр өөрсдийн хувилбараа батлуулах гээд гэдийчихсэн болохоор аягүй бол хэлэлцэхгүй байсаар хуулийг хэлэлцэх хугацааг өнгөрөөж мэднэ. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 58.1-т Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэж бий. Хаврын чуулганаар хэлэлцэж амжилгүй тарвал намрын чуулгаанаар хэлэлцэх найдвар тун бага үлдэнэ. Хэрэв тэгвэл хуучин хуулиараа явна. Ингэсэн тохиолдолд намуудыг Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь нэрсийг жагсааж, хамгийн сүүлд бие даагчийн нэрийг байрлуулна.

Үүгээр бол МАН нэрээ өөрчилсөн гээд хамгийн эхэнд бичигдэнэ гэж зүтгэнэ. Өнгөрсөн хавар шинээр бүртгүүлээгүй нэрээ л өөрчилсөн гэх нь ойлгомжтой. Уг тэд өнгөрсөн хавар энэ нэрээ авч, Дээд шүүхт бүртгүүлсэн. Гэхдээ хууль тэдний талд үйлчлэх нь тодорхой. Харин Ардчилсан нам ганцхан намын тогтолцооноос олон намынх руу шилжсэн гэдэг утгаараа хоёрт бичигдэнэ. Ингээд гуравт хэн бичигдэх вэ. МАН, АН-тай адил өмнө нь нэг нам бөгөөд нэгдсэн гэдэг утгыг барьж Иргэний зориг- Ногоон нам өөрсдийн нэрээ бичүүлэх хүсэлтэй байгаа. Энэ утгаараа Ногоон нам Иргэний зоригт нэгдсэн бус Иргэний зориг Ногоон намд нэгдсэн гэх ёстой. Учир нь Иргэний Зориг нам МУНН-аас /1993.12.05-нд байгуулагдсан/ хожуу байгуулагдсан болохоор 1990 оны тавдугаар сарын 13-нд байгуулагдсан Ногоон намд нэгдэн орсон гэж гэмээнэ нэрсийн жагсаалтын гуравт бичигдэх учиртай. Үүнийг нь ил, далдуур эсэргүүцэх олон хүн бий. Түүний нэг нь Н.Энхбаяр. Түүний нөлөө ч их бий. Тиймээс л тэднийг ялих ялихгүй шалтгаан хэлж Дээд шүүхэд бүртгүүлэхгүй буцаасаар байсан. Харин өнгөрсөн долоо хоногт МАХН гэх нэрээ Дээд шүүхэд бүртгүүлж амжлаа. Одоо тэр МАН-ынхан шиг олон жилийн түүхтэй нам энэ тэр гэж байгаад нэрсийн жагсаалтын гуравт бичигдэхийг хүсч, хүслээ хулгайлуулахгүйн тулд зүүдээ хүртэл манаж хононо. Үнэндээ бол Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа бол МАХН нэрсийн жагсаалтын хамгийн сүүлд буюу бие даан нэр дэвшигчийн өмнө л бичигдэж магадгүй нь. Гэхдээ боломж бий болохоор мань хүн ИЗ-НН-ыг бүртгүүлэхэд саад учруулж буй. Хашир тун удахгүй 90 жилийнхээ түүхийг өмчлөх гэж зүтгэнэ. Хэрэв өмчилж чадвал нэрсийн жагсаалтын гуравт бичигдэх учиртай. Харин түүний хүсэлд МАН-ынхан том саад тавьж чадна. Хэрэв түүний хүсэл биелчихвэл МАН нэрсийн жагсаалтын адагт бичигдэх болохоор хэрхэвч өмчлүүлэхийг хүсэхгүй. Хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэгчээр ИЗ-НН л хөөрхий хохироод байгаа нь тэр.

Ийм байдлаар асуудал үргэлжилбэл дуусахгүй. Зүүдээ ярих гээд хулгайгаа хэлэв гэгчээр л асуудал ар араасаа ундарна. Н.Энхбаяр МАН байгуулагдаад МАХН болсон цаг үед Дээд шүүх байгуулагдаагүй байсан гэж хэлэхдээ сийхгүй, Дээд шүүх 1926 онд байгуулагдсан юм чинь. Хэрэв зээ Дээд шүүх ИЗ-НН-ыг нэгдсэн гэлгүйгээр шинээр бүртгэж авлаа гэвэл бас л нэрсийн жагсаалтын адагт бичигдэх болж таарна. Хэрэв тэгвэл ИЗ-НН-ынхан МАН, АН-тай барьцах нь ойлгомжтой. Даарин дээр давс гэгчээр МУНН  манайх гуравт бичигдэх ёстой ч гэж зүтгэж болзошгүй.

Ийм нэг завхарсан хэрүүл хэсэгтээ л өрнөнө. Сонгуулийн хуулийн дараах намуудын эрх ашгийн бас нэг хэрүүл ингэж гарч ирэх нь.  Барьсан ч алзахгүй, батлагдана гайгүй.

Хэрүүлд хэлэмгий, доломгой нь бус хэн нь илүү эрх мэдэлтэй нь ялна.

Л.НАРАНТӨГС

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж