Эрүүл мэндийн яаманд хэн нэгэн ”ламбада” бүжиглэх эрх байхгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн яаманд хэн нэгэн ”ламбада” бүжиглэх эрх байхгүй

С.ГАНБААТАР: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД ХЭН НЭГЭН “ЛАМБАДА” БҮЖИГЛЭХ ЭРХ БАЙХГҮЙ


Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатартай ярилцлаа.

-Саяхан “Үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны ХХ чуулган болж өн­гөр­сөн. Энэ хурлаар яг юу ярив тэр дундаа танай байгууллагын шинэч­лэлтийн талаар юм яригдав уу?

-Манай ХХ чуулганаар шинэч­лэлийн тухай заавал ярих ёстой байсан. Ер нь ямарваа нэгэн байгууллага дандаа шинэчлэгдэж өөрчлөгддөг. Энэ бол хууль. Бид энэ чуулганаараа өнгөрсөн дөрвөн жилд хийсэн зүйлээ дүгнэсэн. Үр дүнд хүрснийг нь ирэх дөрвөн жилдээ улам бататгах тухай хэлэлцсэн. Тэр дундаа эрх зүйн тогтолцоогоо улам баталгаажуулах тухай маш идэвхтэйгээр ярилцсан. Мөн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах хороог аймаг, дүүрэг болгонд улсын хэмжээнд 35 салбар хороог байгуулсан. Ийм хороо сумдуудад ч бий. Үүнийгээ ирэх дөр­вөн жилдээ улам боловсронгуй болгоё. Мөн хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх төвүүд олон газар байгуулж үүнийгээ дагаад өмгөөллийн баг Монгол орон даяар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхэлж байгаа жирийн ажилчин, үйлдвэрчний эвлэлийн жирийн гишүүний эрх ашиг нь зөрчигдөж, хөдөлмөрийн хууль, тогтоомж хэрэгжихгүй байгаа тохиолдолд тэд хамгаалуулах, өмгөө­лүүлэх газартай, эзэнтэй болсон. Дараагийн зүйл бол манай холбоонд 47 улсын байцаагч ажиллаж байна. Тэд ажилчны эрх ашгийг зөрчөөд байгаа пүүс, компани ер нь ямарваа нэг байгууллага дээр очиж акт, тор­гууль тавих эрхтэй. Төрийн өмнөөс хариуцлага тооцох эрх нь тэдэнд бий. Үүнийгээ бас чамбайруулъя гэж ярилцсан. Мөн бас нэг асуудал бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлсэн. Хэдийгээр энэ нь далайцаа авч чадаагүй ч гэсэн үүнийгээ бид ирэх дөрвөн жилдээ үргэлжлүүлэх тухай ярилцсан. Энэ ажлынхаа хүрээнд хамтын гэрээ хэлэлцээрийг бодитой болгох тухай асуудалд яригдсан  одоо хэрэгжүүлэх ажлаа эхлээд байна. Бодит байдал дээр ямарваа нэгэн байгууллагад  хамтын гэрээ хэлэлцээр ор нэрийн төдий л явж байгаа. Ийм газар их бий. Тухайн байгууллага хэдэн төгрөгний орлого олсон юм. Тэр мөнгөөрөө ширээ авсан уу, компьютер авсан уу эсвэл цалиндаа өгөөд байгаа юм уу. 100 сая төгрөгний цэвэр ашиг хийчихээд бүтэн 80 сая төгрөгийг нь авчихаад, 20 сая төгрөгийг нь ажилчиддаа хувааж байгаа бол энэ нь шударга бус хуваарилалт. Үүнийг 20 сая төгрөгийг нь эд зүйлсдээ зарцуулаад 80 саяыг ажилчиддаа зарцуулвал энэ бол зөв шийдэл. Үүний төлөө ч бид зүтгэж байна. Ийм боломжуудын төлөө бид ажиллах болно. Харин Монголын нийт хөдөлмөрчид бидэнтэй хамт байгаарай гэж “Ардын эрх” сониноор дамжуулан уриалмаар байна.

-За ийм ажлуудыг хийсэн юм байж. Ирэх дөрвөн жилд юуг хийх вэ?

-Бидний ирэх дөрвөн жилийн үндсэн зорилт бол нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал дээр эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлнэ. Монгол хүн эмнэлэгт үзүүлэхдээ эрүүл мэндийн даатгалдаа тохирсон үйлчилгээгээ авдаг баймаар байна. Өнөөдөр ямар нэгэн эмнэлэгт танилгүй бол тохирсон эмчилгээгээ авч чадахгүй байна шүү дээ. Энэ бол эмч, эмнэлгийн ажилтны буруу биш. Энэ бол Эрүүл мэндийн яамны арчаагүй явдал. Зөв менежмент хийхгүй байгаагийн л үр дүн. Дараа­гийн тэмцэх ажил бол тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх явдал юм. Өнөөдөр Норвегид нэг хүний жилд авдаг тэтгэвэр нь 38 сая төгрөг, монголоор. Сарын гурван сая төгрөг гэсэн үг. Гэтэл тэнд юмных нь үнэ манайхтай л адил байгаа шүү дээ. Тиймээс үүнийг нэмэх хэрэгтэй боломж нь байгаа. Бид хэдийгээр өнгөрсөн дөрвөн жилд энэ ажлыг эхлүүлсэн ч хангалттай үр дүнд хүрээгүй. Тийм амархан ч хүрчихгүй байх. Ирэх дөрвөн жилд заавал үр дүнд хүрэх ёстой. Үүний төлөө тэмцэнэ. Дараагийн маш том асуудал бол “Шинэ үйлдвэрлэл-Шинэ ажлын байр” нэртэй томоохон хөтөлбөр. Үүнийгээ бид боловс­руулсан одоо ажил хэрэг болгох гээд ажилллаж байгаа. Энэ хөтөлбөрийг МҮЭХ-ны ерөнхийлөгчийн хувьд гардан ажиллах болно. Яаж хийх юм бэ гэж хүмүүс гайхаж магадгүй. Манай Засгийн газар өнгөрсөн 20 жилийн турш боловсруулах үйлдвэр барина гэж ярьсан. Гэтэл тэд хуруугаа ч хөдөлгөөгүй байхгүй юу. Яагаад гэвэл шороогоор нь уул уурхайг гаргаж ирээд, зөөгөөд хилийн гадна мөнгө авдаг хэсэг бүлэг хүмүүсийн барьцаанд Монголын Засгийн газар орчихсон байна. Сүүлийн 20 жилийн турш ярьсан боловсруулах үйлдвэрээ барьчих юм бол энэ сүрхий гадны бүлэглэлд аюултай, ашиггүй. Үүнийг шахаж шаардаж боловсруулах үйлдвэр барьж монгол залуусаа ажилтай болгомоор байна. Мөн маш том аж үйлдвэрийн парк барьмаар байна. Ган хайлуулдаг төмөрлөгийн үйлдвэр, хөдөө аж ахуйн услалтын сүүлийн үеийн үйлдвэр барьмаар байна. Угтаа “Шинэ үйлдвэрлэл-Шинэ ажлын байр” гэж үүнийг л хэлээд байгаа юм. Энэ саналуудыг МҮЭХ бий болгож Засгийн газарт санал тавина. Хэрвээ энэ хөтөлбөрийг Засгийн газар зөвшөөрөхгүй бол сарын дотор үүнээс илүү юм уу, үүнтэй адил хөтөлбөр оруулж ир хэрэв үгүй бол бид тэмцлээ хурцатгах болно. Дээр дурьдсан энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хүч нь залуучууд. Уул уурхайгаас орж ирж байгаа энэ их хөрөнгийн тодорхой хувийг залуусын хөгжилд зориулсан сан бий болгоод жирийн ажилчны залуусыг гадаадын томоохон сургуулиудад тэтгэлэгт хө­төл­бөрт хамрагдуулаад явуулах боломж­т­ой. Монголын залуусыг гадаа­дад суралцуулаад тэднийг эргүүлээд Монголдоо авч ирэх юм бол бид Солонгос шиг болох боломж бий. Чухамдаа Солонгосын хөгжлийн түл­хүүр нь энэ л юм. Хэрвээ залуусаа гадаад сургачих юм бол Оюутолгой, Тавантолгой дээр бид гадныхныг гуйхгүй. Өнөөдөр бол монгол залуусыг тэд Монголд нь жорлонгийн цаасанд гүйлгэж байна. Энэ бол бодитой зүйл. Амьдрал дээр байгаа. Монгол залуус арчаагүй, ухаангүйдээ ингээд байгаа юм биш. Тэдэнд хөрөнгө оруулалт л хэрэгтэй байна.  Товчхондоо эрүүл мэн­дийн даатгалын шинэтгэл, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, монгол залуусыг ажилтай болгох, залуусыг орон сууцаар хангах , залуусыг боловсролтой болгох гэсэн энэ таван зүйл дээр л анхаарлаа хандуулан ажиллах болно. Үүнийг бид хийнэ. Хийх ёстой. Гэхдээ энэ бол зүгээр ярьж байгаа зорилт биш байх болно. Энэ бол манай байгууллагын ирэх дөрвөн жилийн хийх ёстой зүйлсүүд.

-Та жилийн өмнө манай сонинд ярилцлага өгч байхдаа МҮЭХ ган­цаар­даж байна гэж ярьсан. Таны яриад байгаа энэ мөрийн хөтөлбөрүүд үнэхээр сайхан юм. Танай холбоо ганцаардлаасаа салж чадаагүй байгаа бол энэ сайхан зүйл­сүүд зөвхөн цаасан дээр үлдчих юм биш үү?

-Үнэн. Миний яриад байгаа зүйлс бол хүмүүст ийм сайхан боломжууд байна шүү гэдгийг л ойлгуулах явдал. Би үүнийг муухайгаар ярьж чадахгүй. Угтаа ийм сайхан боломж байгааг хүмүүст ойлгомжтой ярих ёстой. МҮЭХ ганцаардаж байна. Энэ үнэн. Гэхдээ Монголын нийт хөдөлмөрчид, ард иргэд энэ яриад байгаа зүйлсийг дэмжихгүй юм бол үүнийг битгий хэрэгжээсэй гэж хүсч, хүлээж байгаа гадны хэн нэгний сайхан өгөөш болох болно. Миний чадах зүйл бол ард түмэндээ уриалах үүний төлөө зүтгэх. Тэгэхээр би хамтаараа байя, биднийг дэмжээчээ гэдгийг байнга хэлнэ, дэм­жихгүй тохиолдолд бид байнга ганцаардана. Ганцаардлаа гээд  хүчээр зэвсэг барьж хийж чадахгүй, болохгүй. Хүчээр зэвсэг бариад ганцаардлаа тайл гэж хэн нэгэн хүн надад хэлбэл бий чадахгүй. Хэдий гоё, сайхан ирээдүй биднийг хүлээж байсан ч хүч хэрэглэж ганцаардлаас гарч болохгүй. Хэрвээ тэгэх л юм бол бид энэ том хоёр гүрний өгөөш болох болно. Ер нь дэлхийн үе, үеийн лидерүүд, сэхээтнүүд, тэргүүлэгч байгууллагууд нь мөрөөдлөө ярьдаг, түүнийгээ олон хүнд ойлгуулдаг, үүнийхээ төлөө хүчээ нэгтгэдэг хийдэг. Монгол Улс ч гэсэн хэзээ нэгэн цагт хэн нэгний мөрөөдөл л байсан байж таараа. Энэ дэлхийн бүх сод нээлтүүд хэн нэгэн хүний сайхан яриа л байсан. Харин бидний одоо цагт хэлээд байгаа энэ сайхан зүйлсийг бүтээхийн төлөө бид хамтрах ёстой. Хамгийн гол нь зүгээр хараад сууж огт болохгүй.

-Яг яаж ганцаардлаас гарч болох тухай барьцтай бодлого байна уу?

-Ирэх есдүгээр сард “Улсын гурван талт хэлэлцээр” эхэлнэ. Миний дээр ярьсан зүйлүүдийг энэ хэлэлцээр дээр тэдэн сарын тэдэнд та нар орон сууцны хөтөлбөрийг эхлүүл, залуусыг гадаадад явуулна шүү. Хэрвээ үүнийг хийхгүй гэвэл ард түмэндээ хандана гэдэг хэлэлцээрийг ирэх есдүгээр сард эхлүүлнэ. Харин аравдугаар сард үзэглэнэ гэсэн тооцоо байгаа ч бас сунах магадлал өндөртэй.”Ажил ол­гогч эздийн холбоо”, “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо”, Засгийн газар гурав нийлж хэлэлцээр хийх гэж байгаа юм. Тиймээс хэлэлцээр зөвхөн нэг талаасаа хамаарахгүй шүү дээ. Хэлэлцээр хийчихээд наадуул чинь “луу унжина”-аа даа. Ер нь улс­төрчид асуудлыг удаана, худлаа ярина. Улстөрчид ер нь ядаргаатай хүмүүс шүү дээ. Энэ тохиолдолд нийт ард иргэд талбай дээр  цугларах ёстой. Хэрвээ ингэж чадвал бидний бодлого хөтөлбөр хэрэгжих л болно. Нийт ард иргэдэдээ бид итгэж байгаа.

-Одоо МҮЭХ-нд таниас чадвар­тай, боловсролтой залуус байна уу?

-Маш олон сайхан залуучууд байгаа. Олон хүчтэй лидерүүд ч байна. Тэдний авьяас чадвар, ур ухааныг гарган ажиллах нь миний хийх ажил шүү дээ. Өнөөдрийг хүртэл манай холбоон дээр гайгүй хийж чадсан бүх л үр дүнтэй ажлууд эдгээр хүмүүсийн л үр дүн. Би үүнийг хаана ч бардам хэлнэ. Би хамт олондоо итгэдэг.

-Харин сая болсон чуулганаар тан­тай өрсөлдөх хүн гарсангүй. Үнэхээр тантай өрсөлдөх хүн гар­сан­гүй юу эсвэл ямар нэгэн лобби байв уу?

-Энэ асуултыг надтай өрсөлдөөгүй хүмүүсээс асуусан нь дээр байх. Би бол өрсөлдөе л гээд байгаа хүн шүү дээ. Хэн нэгэн хүнийг надтай битгий өрсөлдөөрэй гээд лобби хийгээд, гуйгаад явсан юм байхгүй. Би бол МҮЭХ-ны удирдлагууд, гишүүд, хөдөл­мөрчид маань намайг удирдагчаа гэж, энэ байгууллагыг цаашид авч явнаа гэж хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байгаа. Энэ нь сайхан гэхээсээ илүүтэй маш хариуцлагатай, хүндтэй ажил гэж би ойлгож байна.

-Өөр улсын хөдөлмөрчдийн төлөөх байгууллагуудаас туршлага судалдаг уу. Жишээлбэл, Германы хөдөлмөрчдийн байгууллага маш хүчтэй. Тэднээс ч юм уу өөр улсын ижил төрлийн байгууллагуудаас турш­­лага судалдаг уу?

-Судалдаг, судлалгүй яах вэ. Бид Данийн үйлдвэрчний эвлэлийн хол­боотой маш нягт хамтын ажил­лагаатай байгаа. Одоо ирэх наймдугаар сарын дундуур Данийн төлөөлөгчид ирнэ. Бидэнтэй яаж эрх зүйн тогтол­цоогоо сайжруулах вэ, ажлын хэр зэрэг үр дүнтэй болгох вэ гэдэг талаар зөвлөгөө өгч харилцан туршлага со­лил­цоно. Ганц Дани ч биш. Япон, Солонгос, Германы үйлдвэрчний эвлэ­лийн холбоодтой хамтын ажиллагаатай байдаг. Тэднээс суралцах юм бидэнд их бий.

-Иргэн Дорж Монгол улсын алслагдсан аймаг, суманд хөдөл­мөрийн эрхээ зөрчүүллээ гэвэл танай байгууллага үүнийг ямар хугацаанд мэдэх вэ. Жишээ нь, Хөвсгөлд ийм юм боллоо гэж бодъё?

-Манай байгууллага ер нь хоёр хоногийн дотор л энэ асуудлыг мэдээд, шийд­вэрлэх асуудлыг хөөцөлдөж чад­на. Жишээлбэл, Хөвсгөл аймагт үйлдвэрчний эвлэлийн холбоо ажиллаж байгаа. Даргыг нь Ганболд гэдэг. Тэд сайн ажилладаг. Хоёр хоногийн дотор асуудлыг мэдэж, шийдвэрлэх ажлыг хийж эхэлнэ. Ерөнхийдөө Мон­голын 360-аад сумын 200-гаадад нь үйлдвэрчний эвлэлийн холбооны хо­роод ажиллаж байгаа. Аймгуудаа бүгдийг нь хамруулсан ч сумдыг бид бүг­дийг хамруулж чадахгүй байна. Харин бүх дүүрэгт үйлдвэрчний эвлэ­лийн 13 холбоо ажиллаж байгаа.

-Эрүүл мэндийн тухай хуулиас болж тус яамны сайд та хоёр хэв­лэлээр нэг хэсэг бие бие рүүгээ нэлээдгүй дайрлаа. Эрүүл мэндийн тухай хууль дээр С.Ламбаа сайд болохоор таныг социализмын үеийг эргүүлэн авч ирэх гээд байна гээд байгаа. Тэгээд ч таныг шоу хийгээд байна гэж ярьсан байсан. Та болохоор “Эмчлүүлэгчдэд нь эрх мэдэл олгоё оо” гээд л… С.Ламбаа сайд Эрүүл мэндийн яамыг гартаа авчээ гээд байгаа. Тавьж байгаа гол асуудал чинь юу юм бэ?

-С.Ламбаа сайд уг нь их ухаантай, олон жил улс төрд зүтгэсэн хүн. Яагаад намайг зөвхөн “шоудаж” байна гэсэн өнцгөөс хараад байгаа юм бол гэж би гайхаж байна л даа. Гахай хариулдаг хүн ганцхан гахайны тухай л боддог гэж нэг үг бий. Улс төрийг ийм арчаагүй байдлаар хийдэг хүн “шоудаж” байна гэсэн нүдээрээ л хэн нэгнийг хардаг юм байна гэж бодож байна. Яг үнэндээ Эрүүл мэндийн яаманд хэн нэгэн “ламбада” бүжиглэх эрх байхгүй гэж би хэлмээр байна. Бид хоёрын зарчмын ялгаа юу юм бэ гэвэл эрүүл мэндийн салбарт хариуцлага дутаж байгаа гэвэл дутаж байгаа. Энэ үнэн. Тэрнээс биш би хариуцлагагүй бай гэж хэлээгүй шүү дээ. Харин эрүүл мэндийн салбарын хариуцлагыг С.Ламбаа гэдэг хүн торгож, шийтгэхээр тогтоочихдог юм биш ээ. Эрүүл мэндийн яаманд мөнгө төлсөн, даатгал төлсөн даатгуулагч нар нь эрүүл мэндийн салбарын дар­га, цэргүүдэд дүн тавьж мөнгөө өгөх үү, үгүй юу гэдгийг шийддэг л зарчим үйлчлэх ёстой. Одоо болохоор С.Ламбаа сайд “Би үүнийг мэдье, зохицуулъя” гээд байгаа шүү дээ. Үгүй. Даатгуулагч нар үүнийг шийддэг юм. Хамгийн гол ялгаа нь л энэ. Та бод доо. Талхны дэлгүүр байлаа гэж бодъё. Талхны дэлгүүр юуны төлөө ажилладаг юм бэ гэвэл талх авдаг хүмүүсийн төлөө л ажилладаг шүү дээ. Түүнээс биш талх хийдэг, худалддаг хүмүүсийн төлөө ажилдаггүй. Тиймээс тэр талхыг авдаг хүмүүсийн хүчинд энэ талхны дэлгүүрийн хувь заяа хамаарч байдаг. Хэрвээ энэ талхыг авахгүй болоод эхлэх л юм бол энэ дэлгүүр дампуурна. Түүнээс биш тэр талх хийдэг, худалд­даг хүмүүст дампууруулахгүй юу үгүй юу гэдэг асуудлыг тэдэнд өгч болох­гүй. Талх авдаг хэрэглэгчид нь л үүнийг мэдэх ёстой. Миний гуйгаад ёстой нөгөө С.Ламбаагийн хэлдгээр “шоудаад” байгаа юм нь даатгал төлж байгаа хүмүүст нь л хариуцлага тооцох эрхийг нь өг гээд байгаа юм шүү дээ. Энэ бол жинхэнэ ардчиллын зарчим юм. Тиймээс хариуцлагыг яам биш, өвчтөн ярьдаг. Өвчтөн хариуцлагыг яаж ярьдаг юм бэ гэвэл эрүүл мэндийнхээ жорыг “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл”-д үзүүлдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл өвчтөнүүд “гомдлын хороо”-той байх ёстой. Эрүүл мэндийн яам хэний хүчинд байгааг цаад сайд чинь ойлгохгүй байна. Үнэн хэрэгтээ энэ яам чинь эрүүл мэндийн даатгал төлж байгаа хүмүүсийн хүчинд л оршин тогт­нож, цалинтай хөлстэй, хариуцсан сайдтай байгаа юм шүү дээ. Эрүүл мэндийн сайдад жил хагас хүрэхтэй үгүйтэй хугацаа л үлдлээ. Энэ бага хугацаанд энэ хүн эрүүл мэндийн салбарт гай болохгүй л байх ёстой.

-Энэ яриад байгаа асуудалтай холбоо­тойгоор яг яаман дээр нь очоод уулзсан уу?

-Бид энэ асуудлын хүрээнд маш олон удаа очиж тэдэнтэй уулзсан. Яг одоо тоог нь мартсан байна. Эрүүл мэн­дийн сайдтай ч хэд, хэдэн удаа уулз­сан. Гэхдээ л үзэл бодол нь өөрчлөгдөөгүй байна шүү дээ.

-Таныг хүмүүс 2012 оны сон­гуулийн шоугаа хийж байна гэж яриад байна. Та ер нь сонгуульд өрсөлдөх үү?

-Хүмүүс намайг олон жил ч ин­гэж ярьж байна даа. Би олон мян­ган хөдөлмөрчид, МҮЭХ-ны удирд­лагуудын итгэлийг авч сонгогд­чихоод сонгуульд өрсөлдөх эрх надад байхгүй.

-Таныг нам байгуулах гэж байгаа гэж ярих юм. О.Бум-Ялагч та хоёр ижилхэн нам байгуулах гээд МАН, МАХН хоёр шиг юм болж байгаа гээд яриа яваад байна л даа. Энэ хэр үнэн бэ?

-Одоо сонгууль дөхөж байгаа боло­хоор иймэрхүү яриа их гарах болно. Би ямар ч нам байгуулаагүй байгаа гэдгийг хэлье. МҮЭХ-ны ерөнхийлөгч хүн бол ямар нэгэн намын харьяалалгүй байх үүрэгтэй.

-2011 он удахгүй дуусах гэж байна. Он дуусахаас өмнө ярьж хэлсэн зүй­лээ­сээ үүнийг л урагшлуулна, шийд­нэ гэсэн юм байна уу?

-Бидний хамгийн гол ажил бол “Улсын гурван талт хэлэлцээр”. Одоо ирэх наймдугаар сард энэ хэлэлцээрийн бэлтгэл ажлыг сайтар базаана. Ирэх есдүгээр дүгээр сард энэ хэлэлцээрийг эхлүүлнэ. Ажлын алба байгуулагдсан одоо ч ажлаа үргэлж­лүүлж, энэ асуудлын талаар ярилцаж байна. Үүний ард бид гармаар байна. Мөн Монголын ард түмнийг тендерт хяналт тавьдаг болгоход манай холбоо хүч тавьж ажиллана. Ажил бол үргэлж л явагдана. 2011 он дууссан өөр юм хийнэ гэсэн юм огт байхгүй.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж