2017 онд нийслэлчүүд метрогоор зорчих нь ээ

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

2017 онд нийслэлчүүд метрогоор зорчих нь ээ

Нийслэлд том оврын автобусны нэг чиглэлд өдөрт 50 мянган хүн зорчдог. Хотын нэг захаас нөгөө зах хүртэл 134 чиглэлд автобус үйлчилдэг. Ингэхээр 134 чиглэлийг 50 мянга гэсэн тоогоор үржүүлээд бодоход чамгүй тоо гарахаар байгаа биз. Мөн нийслэлийн замд 200 мянга гаруй машин зорчдог гэсэн тоо бий. Үүнээс болж замын түгжрэл, ачаалал нэмэгддэг. Замын түгжрэлийн тухай олон зүйл нурших нь энд илүүц биз. Харин түгжрэлээс гарах гарц гэгдэж байгаа метро байгуулах мөрөөдлийн төслийн тухай одоо шинэ мэдээлэл хүргэе. Уг төслийг өчигдөр УИХ-аас сонгогдсон гишүүдэд танилцууллаа. Солонгосчуудын хийсэн судалгаагаар бол Улаанбаатар метротой болоход дөрвөн их наяд төгрөг зарцуулагдах бөгөөд хоёр жилийн дотор 20 хувийн зардлаа нөхөх боломжтой гэнэ.  Том оврын автобуснаас өөр нийтийн тээврийн хэрэгсэлгүй нийслэлийхний хувьд метро хол санагддаг байсан бол энэ асуудлыг шийдэх зорилгоор нийслэлээс 400 сая төгрөг судалгаанд зарцуулжээ. Судалгаагаар энэ онд УИХ-д  төслийг өргөн барьж чадвал ирэх онд метроны ажлыг эхлүүлэх боломжтой гэж үзжээ.  Энэ хурлаар нийт дөрвөн төсөл танилцуулсан бөгөөд метрог барихад уялдаа холбоотойгоор шийдэх боломжтой аж. “Улаанбаатар хотод метро барьж байгуулах Техник эдийн засгийн үндэслэл судалгаа”, Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар “Хот төлөвлөлтөнд орчин үеийн нийтийн тээврийг төлөвлөх нь”, Билиг капитал ХХК “Нийслэл орчмын төмөр замын болон нйитийн тээврийн хөгжил”,  Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тусгай замын автобусны үйлчилгээ нэвтрүүлэх тухай” зэрэг төслүүдийг УИХ-ын гишүүдэд танилцуулсан.

Азийн хөгжлийн банкнаас 2009 оноос Улаанбаатарт метро барих төслийн судалгааг хийж тусгай метроны зам барих шаардлагатай гэж дүгнэжээ. Нийслэл хот шиг төлөвлөлттэй газар метрог хэрэглэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг албаны хүмүүс дуу нэгтэйгээр хэлж байсан. Нэг чиглэлийн автобус нэг цаг туулах замыг метрогоор 40 минутанд туулах боломжтой аж. Эхний ээлжинд хөндлөн, босоо гэсэн хоёр шугам барих төлөвлөгөөтэй. Хөндлөн шугам нь нийслэлийн баруун тал 22-ын товчооноос Амгалан хүрэх 28.3 км зам. Босоо чиглэл нь 17 дугаар сургуулийн орчмоос Ногоон нуур, МУИС, Чингисийн өргөн чөлөө ороод Энхтайваны гүүр давж, Буянт-Ухаа хүрэх шугам 21.3 км.  Газар дээгүүр байгуулах  метроны зам нь авто замын дээгүүр гүүрэн хэлбэрээр барьж болох бол газар доорхи метрог инженерийн шугам сүлжээг зөөж тогтоох солонгос улсын арга барилаар  15-20 метрийн гүнд байрлуулах боломжтой гэж  БНСУ-ын “Сүсонг инженеринг” компанийн Төмөр замын хэлтсийн дарга Жу Жэ Хуан хэлж байсан. Тус улсын судалгаагаар нийслэлд гүүр барих төлөвлөгөөг  хоёр үе шаттайгаар гаргасан байна. Эхний ээлжинд хотын төв хэсгээр 18 километрийн урттай метрог шинээр барих. Үүнд хоёр их наяд төгрөг хэрэгтэй гэнэ.  Хотын төв хэсгээр газар доогуур метро барих нь илүү үр дүнтэй бөгөөд хотын зах хэсэгт газрын дээгүүр гүүрэн хэлбэрээр барих нь үр дүнтэй гэлээ. Газар доорхи метрог барихын тулд шугам сүлжээний асуудал хөндөгдөнө. Учир нь нийслэлийн инженерийн шугам сүлжээ анх байгуулагдсанаас хойш томоохон засвар шинэчлэлт хийж байгаагүйгээс гадна цөөхөн хүн амтай үеийн төлөвлөгөөгөөр байгаа. Харин солонгосчууд өөрсдийн туршлага дээр үндэслэн энэ асуудлыг шийдэх боломжтой гэдгийг онцолсон. Инженерийн шугам сүлжээ, цахилгааныг зөөж тогтоох аргыг ашиглах боломжтой. Мөн энэ онд метро барих ажлыг  эхлүүлбэл 2017 онд нийслэлийн иргэдэд бүрэн хүлээлгэн өгч ашиглалтанд оруулах боломжтойг тэд хэлж байсан.  Метро олон төрөл байдаг бөгөөд үүнээс LRT хувилбар нь хүн ам цөөтэй, зорчигчийн урсгал багатай хотод тохиромжтой учир нийслэлд энэ метрог ашиглахаар  сонгосон байна. Бага оврын энэ метронд гурваас дөрвөн  галт тэрэг явах ажээ.  Энэ метро нь хүчин чадал сайн, аль ч улиралд ашиглахад тохиромжтой гэнэ.  Уг метроны нэг вагон 78 хүний суудалтай 93 хүн зогсч,  нийт 137 хүн зорчиход тохиромжтой юм байна.

Метроны төсөлтэй танилцсан УИХ-ын гишүүн Ш.Сайханбилэг “Судалгаанаас харахад метротой болох боломж байна. Нийслэлээс сонгогдсон гишүүд хамтарч ажиллана. Эхний ээлжинд техник эдийн засгийн үндэслэлийг нь гаргах хэрэгтэй байна. Үндэслэлийг гаргасан байхад бид УИХ-д өргөн барьж хөрөнгө мөнгийг нь гаргах асуудлыг хэлэлцэж болно” гэлээ. Харин УИХ-ын гишүүн С.Баяр “Зөв зүйтэй санал байна. Харин энэ асуудлыг улстөржүүлэхгүйгээр шийдэх хэрэгтэй байна. Сонгууль ойртож байхад улстөржүүлээд цаасан дээрх төсөл болгож магадгүй. Тиймээс хотын удирдлагууд гар бие оролцон шийдвэрлүүлэх хэрэгтэй” гэж санууллаа.  Энэ асуудлыг шийдэхэд  Хотын дарга Г.Мөнхбаяр өөрийн биеэр оролцож эхний ээлжинд техник эдийн засгийн үзүүлэлтийг гаргаж нийслэлээс сонгогдсон 20 гишүүнд танилцуулахаар боллоо. Ямартай ч энэ төсөл хэрэгжиж эхэлбэл нийслэлийн иргэд тун удахгүй троллейбус, автобусанд бухимдаж суухийн оронд метрогоор түгжрэлгүй зорчиж эхлэх нь ээ. С.Баяр гишүүний хэлдгээр улстөржүүлээд цаасан төсөл болгохгүй байгаасай.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж