Дэлхийн банк тайлан гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк тайлан гаргалаа

Дэлхийн банкнаас “Өөрчлөлтийн салхи буюу зүүн Азийн тогтвортой эрчим хүчний ирээдүй” гэсэн тайлан гаргасан байна. Тайлангийн талаар өнөөдөр 11.00 цагт Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас Сингапуртай шууд холбогдон танилцууллаа. Тайлангийн талаар Дэлхийн банкнаас гаргасан албан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.  
Сингапур, 2010 оны 4-р сарын 19-ний өдөр – Эрчим хүчийг үлэмж хэмжээгээр хэрэглэгч Зүүн Азийн зургаан орон 2025 он гэхэд эдийн засгийн өсөлтөө бууруулахгүйгээр хүлэмжийн хийн ялгарлаа тогтворжуулах боломжтой гэж Дэлхийн Банкнаас гарсан шинэ судалгааны тайланд өгүүлжээ.

Хятад, Индонез, Малайз, Филиппин, Таиланд, Вьетнам зэрэг зургаан орон эрчим хүчийг хэмнэх чиглэлээр дорвитой хөрөнгө оруулалт хийж, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглаж эхэлвэл хүлэмжийн хийн ялгарал аажмаар буурч, эрчим хүчний аюулгүй байдал сайжирч, байгаль орчны доройтол багасах боломжтой гэж “Өөрчлөлтийн салхи буюу Зуун Азиийн тогтвортой эрчим хүчний ирээдүй” хэмээх уг тайланд бичсэн байна.

Сүүлийн 30 жилд Зүүн Азийн ДНБ арав дахин өссөн нь эрчим хүчний хэрэглээг гурав дахин нэмэгдүүлсэн ба цаашид хот суурин газрын хүн амын тоо 50 хувиар өсөж бүс нутагт аж үйлдвэрийн хөгжил үргэлжилсээр байх тул ирэх 20 жилд эрчим хүчний хэрэглээ даруй хоёр дахин өсөх хандлагатай байна гэсэн дүгнэлтийг энэхүү тайланд өгүүлжээ.
Энэхүү судалгааг хийхдээ хөгжлийн хоёр хувилбарыг авч үзсэн байна: эхний хувилбарт дээрхи 6 оронд өнөөгийн мөрдөгдөж буй төрийн бодлого хэвээр хадгалагдна гэж үзсэн бол хоёр дахь хувилбарт эдгээр орны засгийн газрууд нь нүүрс хүчлийн хийн ялгарал багатай хөгжлийн шинэ замыг сонгож 2030 он гэхэд бүс нутгийн эрчим хүчний хэрэглээний нилээд хэмжээг сэргээгдэх (ус, салхи, биомасс, газрын гүнийн дулаан зэрэг) эх үүсвэрүүдээр хангах боломжтой гэж тооцоолсон байна.

Уг тайланд, засгийн газрууд эрчим хүчний салбартаа өөрчлөлт хийх арга хэмжээг цаг алдалгүй авахгүй бол оройтох нь байна гэжээ. “Даруй арга хэмжээ авахгүй бол өөрчлөлт хийх боломж тун удахгүй үгүй болж бүс нутгийн агаар мандалд нүүрс хүчлийн хий их хэмжээгээр түгэж улмаар урт удаан хүгацаанд үршигтай нөхцөл байдал үүснэ” гэж уг тайланд бичсэн байна.  

“Хүлэмжийн хийг бүүруулах тогтвортой амьжиргааны хэв загвар бүхий хөгжлийн шинэ замыг сонгохын тулд үзэл бодол, үйл ажиллагааны эргэлт шаардагдаж байна” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийг хариуцсан Дэд Ерөнхийлөгч ноён Жим Адамс хэлсэн байна. “Улс орнууд цаг алдалгүй эрчим хүчний салбартаа өөрчлөлт хийх арга хэмжээ авч улмаар эрчим хүчний хэрэглээний үр ашгийг сайжруулж, нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг технологийг сонгох шаардлагатай. Олон оронд энэ чиглэлээр дорвитой алхамууд хийгдэж байгаа хэдий ч илүү эрчимтэй хүчин чармайлтаа нэгтгэж ажиллаж байж л эрчим хүчний тогтвортой хөгжлийн гольдиролд орох болно” хэмээн тэрээр үргэлжлүүлэн хэлжээ.

Тогтвортой эрчим хүчний замаар хөгжихийн тулд Зүүн Азийн бүсэд жилдээ 80 тэрбум ам. доллар шаардагдах урьдчилсан тооцоо гарсан тухай уг тайланд бичсэн байх ба ийм их хөрөнгө мөнгө олох нь “хамгийн бэрх асуудал юм” гэдгийг онцлон тэмдэглэжээ.  Зүүн Азийн хэд хэдэн орон, ялангуяа Хятад улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тал дээр чухал арга хэмжээ авч байгаа тухай бүс нутагт энэ чиглэлээр гарсан ололт амжилтад үнэлгээ өгч буй тайлангийн хэсэгт бичжээ. Сүүлийн 25 жилд Хятад улс эрчим хүчний хэрэглээний эрчимжилтийг 70 хувиар бууруулсан бол Вьетнам улс ч мөн багагүй амжилтад хүрсэн байна.
“Хотжилтын хурд, цар хүрээ улам нэмэгдэж байгаа өнөө үед хүлэмжийн хийн ялгарал багатай хотуудыг барьж байгуулах хосгүй боломж нээлттэй байна” гэж уг тайлангийн тэргүүлэх зохиогч, Дэлхийн Банкны эрчим хүчний ахлах мэргэжилтэн Шяодонг Ванг хэллээ. “Зайлшгүй өөрчлөлтийг хийхэд шаардагдах техникийн болон бодлогын арга хэрэгслүүд бэлэн байна, харин одоо улс төрийн хүсэл эрмэлзэл, мөн хөрөнгө мөнгө босгох тал дээр урд өмнө байгаагүй туйлын сайн олон улсын хамтын ажиллагаа хэрэгтэй байна” хэмээн тэрээр үргэлжлүүлэн хэлсэн байна.  

Тайлангийн гол зөвлөмжүүд:
Бүсэд байгаа эрчим хүч хэмнэх асар том боломжийг дайчлахад шаардагдах бодлогын ба институцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх. Эдийн засгийн бүх салбарт эрчим хүч хэмнэх зорилтыг тодорхойлох, мөнгөн шагнал урамшуулал зарлах зэрэг эрчим хүчний үнийн реформ, шинэчлэлийн арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх замаар эрчим хүч хэмнэх дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. 2020 он гэхэд шаардагдах эрчим хүчний хөрөнгийн (эрчим хүчний станц, барилга, зам зэрэг) нөөцийн бараг тал нь хараахан баригдаж эхлээгүй байгаа тул энэ нь хамгийн бага зардалтай арга хэмжээ байх болно.
2030 он гэхэд шаардагдах эрчим хүчний дийлэнхи хэсгийг сэргээгдэх эх үүсвэрээр хангах зорилт тавих. Энэ зорилтод хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний (салхины, биомасс, усны жижиг оврын цахилгаан станц, газрын гүний дулааны станц, нарны батарей зэрэг) хөгжлийг дэмжихийн тулд санхүүгийн урамшууллын бодлого баримтлах хэрэгтэй. Мөн чулуужсан түлшинд татвар ногдуулах замаар сэргээгдэх эрчим хүч ба хатуу түлшний өрсөлдөөний талбарыг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч бол Хятад улс юм.
Дэвшилтэт цэвэр технологийн хөгжил, шинэ зохион бүтээлтийг хурдасгах. Одоо ашиглаж буй батлагдсан технологиуд нь богино ба дунд хугацаанд хүлэмжийн хийг багасгаж дөнгөх хэдий ч 2030 он хүртэлх ба хойшхи хугацаанд хийн ялгарлын шугамыг доошлуулахад дэвшилтэт технологи, шинэ санаачлага туйлын чухал байх болно. Технологийн дэвшил, судалгаа, туршилт зэрэг нь урт удаан хугацааг шаарддаг тул энэ чиглэлийн ажлыг одооноос эхлүүлэх хэрэгтэй.
Хотын төлөвлөлтийг оновчтой болгоход эдийн засгийн бүх салбарыг дайчлах. Эрчим хүчний хэрэглээний хэмнэлтийг сайжруулж, CO2-ын ялгарлыг үлэмж хэмжээгээр багасгахын тулд ухаалаг төлөвлөлт бүхий хүн амын нягтрал өндөртэй хэрнээ орон зайн хувьд авсаархан хотуудыг байгуулах, мөн хотын хэт тэлэлтээс урдчилан сэргийлэх үүднээс хотын ойр орчим ба хот хоорондын газар нутагт эдийн засгийн өсөлтийг хангах холимог дизайн шаардлагатай байна.
Хөгжиж буй орнууд нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг технологид ихээхэн санхүүжилт хийх шаардлагатай байна.  Хөгжиж буй орнууд үүнийг ганцаараа хийх боломжгүй юм. Тэдэнд олон улсын хамтын нийгэмлэгийн туслалцаа хэрэгтэй.Эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчинд шаардагдах нэмэлт санхүүжилт болон гарч болох эрсдэлээс хамгаалахад ихээхэн хэмжээний хөнгөлөлттэй зээл шаардлагатай. Технологийн шилжүүлэг болон институцыг бэхжүүлэх мөн шаардлагатай байна.

www.worldbank.org/eap

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж