Өвөрхангай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хоёрдугаар курсийн оюутнууд аймгийнхаа Засаг даргын Тамгын газрын байрыг засварлажээ. Барилгын засварчин мэргэжлээр суралцаж байгаа 17 оюутан нийтдээ 4012 метр квадрат талбайд шаваас хийж, эмулесээр өнгөлж, тус барилгын урсгал засварын ажлыг амжилттай гүйцэтгэсэн байна. Тэдний ажлыг мэргэжилтнүүд үнэлэхдээ чанартай гэсэн дүн тавьсан бол нутгийн иргэд ч ам сайтай байгаа гэнэ.
Дээрх хэмжээний урсгал засварыг мэргэжлийн ажилчдаар хийлгэхэд 17 өдөр зарцуулна гэсэн тооцоо байдаг юм байна. Харин оюутны ширээнээс дадлагаа үр бүтээлтэй хийж буй дээрх оюутнууд 10 хоногт амжуулж багш нараасаа үнэлгээ авчээ. Аймгийн нутгийн захиргааны байгууллагын байрыг засварласан оюутнуудад хийсэн ажлынх нь хөлсийг зохих журмынх нь дагуу олгох аж.
Б.УНДРАЛ