Львов хоттой танилцав

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Львов хоттой танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нар энэ өдөр Львов хотын түүх дурсгалын газруудаар аяллаа. “Хэдийгээр Та бүхэн энд сурч, амьдралынхаа 5 жилийг өнгөрөөсөн боловч, Львов бол хэд ч үзэхэд уйдамгүй гайхалтай түүх соёлын газруудтай, сонирхолтой түүхтэй хот учраас Та бүхнийг дахин хотоор аялж, оюутан ахуйдаа явж байсан газруудаа дурсан санаж байгаад баярлаж байна” гэж хотын захирагч хэлсэн юм.

750 жилийн настай Львов бол түүх соёлын маш олон сайхан дурсгалт газруудтай юм. Хотын төвд байх эртний Австри загварын байшин барилгууд бүгд өөр өөрийн гэсэн түүх намтартай ажээ. Дайны, энхийн ямар ч цагт түүхэн байшин барилгуудаа хэвээр үлдээж, хадгалж чаддаг нь энэ хотын иргэдийн нэг бахархал юм.  Хотын төв хэсэгт байх Сүм болон түүний эргэн тойрны газрыг Юнескогийн соёлын биет өвийн жагсаалтад 1998 онд бүртгэж авчээ. Жуулчдын хамгийн их очдог газар болох Өндөр цамхагт Ерөнхийлөгч очлоо. Эндээс хотыг бүхэлд нь харж болно.

Мөн, Үндэсний дуурь бүжгийн төв театрт түр саатав. 1200 хүний суудалтай, үзэгчийн танхим дотроо дөрвөн давхар тагттай, гайхалтай уран нарийн дизайнтай, зарим заалны дотор чимэглэлийг алтаар урласан энэ театр олон үзүүлэлтээрээ дэлхийд цор ганцад тооцогддог. Тухайлбал 1900 оны үед зурагдсан, урлагийн бурхадыг дүрсэлсэн уран зургийг тайзны хөшиг болгон өлгөсөн тийм театр дэлхийн өөр хаана ч байхгүй бөгөөд тайзыг бүхэлд нь халхалж чадах аварга том зураг 100 жил өнгөрөөгүй мэт шинэхэн хэвээрээ байгаа нь гайхмаар байлаа.

2012 онд болох Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний шийдвэрлэх тоглолтууд Львов хотод болохоор төлөвлөгдсөн бөгөөд шинэ цэнгэлдэх хүрээлэн барих ажилдаа львовчууд шамдан орж, барилгын ажил дуусах дөхөж байна. Хот бүхэлдээ ногоон, цэвэрхэн, хүмүүс нь тайван юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж