Спортоор амьсгалсан Ховдчууд

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Спортоор амьсгалсан Ховдчууд

Нийслэл
хотноо ажиллаж амьдарч буй 35-аас дээш насны Ховдын иргэдийн 4 төрөлт
спортын наадам 2 өдөр үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа.

Урьд өмнө нь насны ангилалгүйгээр зохиож байсан уг спортын наадмыг энэ
жилээс 35 хүртэлх болон 35-аас дээш гэсэн 2 насны ангилалтай болгосон нь
нутгийн иргэдийн оролцоо, хамрах хүрээг эрс нэмэгдүүлсэн байна.
Оюутан залуучууд буюу 35 хүртэлх насны иргэдийн тэмцээн өнгөрөгч 5-р сард болж өнгөрсөн билээ.

Нийтдээ 300 гаруй тамирчид оролцсон энэ удаагийн спортын наадмын
нээлтэнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өөрийн биеэр хүрэлцэн ирж мэндчилгээ
дэвшүүлсэн нь тэмцээний ач холбогдлыг илтгэсэн хүндэтгэлтэй үйл явдал
болсон юм. Мөн нутаг орноосоо хол ажиллаж амьдарч буй иргэдээ уулзаж
учруулан, харилцаа холбоог нь бэхжүүлж буй энэхүү арга хэмжээг зохион
байгуулж буй Нутгийн зөвлөлийнхөн, Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын
гишүүн С.Бямбацогтод талархах учиртайг онцолж байлаа.

2 өдөр үргэлжилсэн уг тэмцээнд Жаргалант, Чандмань, Мөст, Булган,
Мянгад, Алтай сумд амжилттай оролцсон бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг,
шатар, теннис гэсэн 4 төрлийн нийлбэр дүнгээр Жаргалант-2 баг тэргүүлж,
шилжин явах цом 1 сая төгрөг Мөст, Булган сумдын баг удаалж 500, 800
мянган төгрөгийн шагнал хүртлээ. Зохион байгуулалт сайтай сумаар
Чандмань, Мянгад сумдын баг шалгарлаа.

Өнгөрсөн 5-р сард болсон залуучуудын спортын наадам болон энэ удаагийн
наадмын нийлбэр амжилтаар спортын шилдэг сумын Нутгийн зөвлөлийг
шалгаруулахад Жаргалант сум тэргүүлж, Булган, Манхан сумдын Нутгийн
зөвлөл удаалж 500 мянгаас 1 сая төгрөгийн эзэд боллоо.

Тэмцээний нийт шагналын сан 9 сая төгрөг байсан ба ивээн тэтгэгчээр Нью прогресс групп оролцсон юм.

Тэмцээнд оролцогчид болон хөгжөөх дэмжихээр ирсэн иргэдийн хувьд олон
жил уулзалдаагүй найз нөхөд, нутгийн ахан дүүстэйгээ уулзах боломж
олгосон, ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээж ам сайтай, сэтгэл
хангалуун байсан юм.  Үхрийн бөөр шиг алаг хэрнээ ихрийн сэтгэлтэй ард
нь сайхан гэж шүлэглэсэн Ховдчууд ийнхүү нэгдэн цугларч, бүтэн 2 өдөр
спортоор амьсгалжээ.

http://mykhovd.mn/edu/maind

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж