Уур амьсгалтай холбогдох төсөл батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Уур амьсгалтай холбогдох төсөл батлагдлаа

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлэх томоохон төсөл батлагдлаа
   
БОАЖЯ-наас уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай оронд тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх шат дараатай бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримтлах бодлого, стратеги боловсруулсан. Үүний зэрэгцээ олон улсын төсөл хөтөлбөрт оролцох, хэрэгжүүлэх тодорхой ажлууд хийгээд байна.  

Өнгөрсөн долоо хоногт ХБНГУ-ын Бонн хотноо болсон Киотогийн протоколын Дасан зохицох сангийн зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсаас боловсруулж оруулсан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээний төслийн саналыг хэлэлцэж баталлаа. Одоогийн байдлаар 10 орчим улс л Дасан зохицох сангаас дэмжлэг авахаар төслөө батлуулаад байгаа. Үүнтэй холбогдуулан уг томоохон төслийн талаар БОАЖ-ын сайд Л.Гансүх, НҮБХХ-ийн Байгаль орчны хөтөлбөрийн ажилтан Онно Хювэл, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Д.Дагвадорж нар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Манай улсаас оруулж батлуулсан төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр Монголд хэрэгжүүлэх анхны томоохон төсөл юм. Төслийн нийт санхүүжилт 5.5 сая америк доллар. Төслийг зургаан жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар төслийн хэрэгжилтэд тодорхой дэмжлэг үзүүлж, хамтран оролцоно.    

Төслийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөж байгаа зарим голын сав газарт экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээ авч хэрэгжүүлэх явдал юм. Экосистемийн хувьд хоорондоо ихээхэн ялгаатай хоёр томоохон голын сав газарт энэ ажлыг гүйцэтгэнэ. Тодруулбал, Алтайн нурууны эко-бүс нутгийг төлөөлж Хархираа-Түргэний голын ай сав газар, Дорнод талын эко-бүс нутгийг төлөөлж Улз голын сав газруудад төсөл хэрэгжинэ.

Төсөл хэрэгжсэнээр уур амьсгалын өөрчлөгдсөн нөхцөлд эдгээр голын сав газрыг хамгаалах, хөрс болон усны нөөцийн нэгдсэн менежментийг сайжруулах, улмаар эдгээр голын экосистемийг сэргээж, уур амьсгалын өөрчлөлтөд өртөх байдлыг бууруулахад чиглэсэн бодлого эрх зүй, бүтэц зохион байгуулалтын орчин бэхжих юм. Мөн ажиглалт мониторингийн тогтолцоог сайжруулах тодорхой арга зам, механизм нэвтрүүлнэ. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ нутгийн иргэдийг өргөнөөр оролцуулж, тэдний уур амьсгалын өөрчлөлтөд өртөх байдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авна.  

Эдгээр ажлын үр дүнд дээрх голын сав газруудаар зогсохгүй манай орны бусад бүс нутагт экосистемийг хамгаалах, сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдал болон учирч болох эрсдлийг бууруулахад ашиглах гол үндэслэл, загвар гарч ирнэ.

Төслийн санхүүжилт хийх Дасан зохицох сан нь уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий бүс нутаг, улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Уг сан нь Киотогийн протоколын хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн Цэвэр хөгжлийн механизмын үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгийн тодорхой хувиар бүрддэг. Тус сан хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэмжлэг үзүүлэх нэг л санхүүгийн механизм бөгөөд өөр олон сан, санхүүгийн механизм байгуулагдаж байна. Иймд энэ удаагийн төсөл нь энэ чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрийн эхлэл болно гэж үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж