Хатан туул маань бохирын гол болоо юу даа

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Хатан туул маань бохирын гол болоо юу даа

Арваадхан жилийн өмнө Туул гол маань цэнгэг тунгалагаараа алдартай байсан. Усны түвшин ч их байсан. Гэтэл сүүлийн үед Туул гол улам л нарийсч, усны түвшинч эрс багасч байгаа. Цэвэр цэнгэг гэгддэг байсан Туул голын бохирдол хэрээс хэтэрчээ. Туул гол нь Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт сумдыг дайрдаг. Төв аймгийн Алтанбулаг суманд Туул голоо тухайн сумын малчдын 90 гаруй хувь нь бараадаж амьдардаг. Зөвхөн Алтанбулагийнх ч биш Аргалант, Баянхангай, Дундговийн малчин өрхүүд зунжиж намаржиж Туулаас малаа усалж, өөрсдөө ч ундандаа хэрэглэдэг. Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт очоод харахад Туул голын ус үнэхээр их бохирдсон нь харагдаж байна. Зөвхөн харагдах бус бүр өмхий үнэр ч хамар цоргиод авсан юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд бохирдол бүр ч их болж байгаа юм. Ахуйн хэмжээний бохирдол 15-20 дахин, харин химийн  бохирдол байх ёстой хэмжээнээсээ 30 дахин их болсон гэж мэргэжлийн байгууллагынхан дүгнэж байгаа. Энэ хавийн уснаас уусан малын хээлээ хаях нь ихсэж, гарсан үр төл нь ч нэг нүдтэй гарах, үсгүй гарах, үегүй мөчгүй тугал ч гарсан гэж нутгийн иргэд ярьж байна. 

Хатан Туулаас өмхий ханхалж байна. Ойр хавьд нь удаан байхын аргагүй хамар цоргисон эхүүн, өмхий үнэр ханхална. Энэ нь Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй гэж албаны хүн хэлжээ. Туул голд 11 төрлийн загас жараахай амьдардаг гэсэн судалгаа байдаг. Гэтэл Алтанбулаг сумын хавийн Туул голд ямарч загас жараахай байхгүй. Байх ч арга байхгүй. Төв цэвэрлэх байгууламжаас гардаг химийн хорт бодистой бохир ус өмхий ханхлуулсаар Туул голд нийлж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн бохир Туул голд нийлдэг хэсгээс цааш цэнгэг усны амьд биетүүд устаж үгүй болж байна. Туул гол зөвхөн бохир усанд амьдрах чадвартай өт хорхойгоор дүүрч, эрэг хавийн айл өрх ундны цэвэр уснаа сумын төвөөсөө татаж хэрэглэх болсон. Харин мал нь уугаад түүний сүү, махыг идсэн хүмүүсийн гэдэс нь өвдөж хямарцгаасаар л.

Төв аймгийн зүгээс энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга ярьж байна. Иймээс Туул голын ай савд аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй байх, ялангуяа элс хайрга авч ашиглахыг бүрэн зогсоох, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй үйлдвэр ААН газрууд анхан шатны цэвэрлэгээ хийх байгууламжтай болох, хаягдал усаа нийлүүлдэг бохир ус цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагааг сайжруулах, технологийн шинэчлэл хийх, түүнчлэн шаардлагын түвшинд хүртэл цэвэршүүлэх цэвэрлэх байгууламж барих нь зүйтэй гэж холбогдох албаныхан үзэж байна. Энэхүү туул голын бохирдол нь төв аймгийнханд хамгийн ихээр нөлөөлж байгаа юм. Голоо даган зунжиж, намарждаг малчин өрхүүд энэ байдалд анхаарлаа хандуулахыг төр засгаасаа хүсэж байна.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж