Хатан Туулаас өмхий ханхалж байна. Ойр хавьд нь удаан байхын аргагүй хамар цоргисон эхүүн, өмхий үнэр ханхална. Энэ нь Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй гэж албаны хүн хэлжээ. Туул голд 11 төрлийн загас жараахай амьдардаг гэсэн судалгаа байдаг. Гэтэл Алтанбулаг сумын хавийн Туул голд ямарч загас жараахай байхгүй. Байх ч арга байхгүй. Төв цэвэрлэх байгууламжаас гардаг химийн хорт бодистой бохир ус өмхий ханхлуулсаар Туул голд нийлж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн бохир Туул голд нийлдэг хэсгээс цааш цэнгэг усны амьд биетүүд устаж үгүй болж байна. Туул гол зөвхөн бохир усанд амьдрах чадвартай өт хорхойгоор дүүрч, эрэг хавийн айл өрх ундны цэвэр уснаа сумын төвөөсөө татаж хэрэглэх болсон. Харин мал нь уугаад түүний сүү, махыг идсэн хүмүүсийн гэдэс нь өвдөж хямарцгаасаар л.
Төв аймгийн зүгээс энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга ярьж байна. Иймээс Туул голын ай савд аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй байх, ялангуяа элс хайрга авч ашиглахыг бүрэн зогсоох, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй үйлдвэр ААН газрууд анхан шатны цэвэрлэгээ хийх байгууламжтай болох, хаягдал усаа нийлүүлдэг бохир ус цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагааг сайжруулах, технологийн шинэчлэл хийх, түүнчлэн шаардлагын түвшинд хүртэл цэвэршүүлэх цэвэрлэх байгууламж барих нь зүйтэй гэж холбогдох албаныхан үзэж байна. Энэхүү туул голын бохирдол нь төв аймгийнханд хамгийн ихээр нөлөөлж байгаа юм. Голоо даган зунжиж, намарждаг малчин өрхүүд энэ байдалд анхаарлаа хандуулахыг төр засгаасаа хүсэж байна.