“Goldman Sachs”-ыг Их Британи, Германд шалгах болно

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

“Goldman Sachs”-ыг Их Британи, Германд шалгах болно

“Goldman Sachs Group Inc” компанийг өрийн бичгийн арилжаатай холбоотойгоор АНУ-ын Хувьцаа, Биржийн комисс нэхэмжлэл гарган шалгуулж эхлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор, Их Британи болон Германы Засгийн газрууд тус компанийн үйл ажиллагаанд шалгалт оруулах гэж байна. Өчигдөр Их Британийн Ерөнхий сайд Gordon Brown тус компанийн “ёс зүйгүй үйл ажиллагаанд цочирдож байна” хэмээн мэдэгдээд Их Британийн  Санхүүгийн үйлчилгээний удирдах газрыг  “Goldman Sachs Group Inc” компанийн Их Британи дахь үйл ажиллагаанд шалгалт хийж эхлэх үүрэг өгсөн. Германы Санхүүгийн зохицуулах газар энэ шалгалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүсэлтийг АНУ-д тавиад байна гэж Германы Канцлер Angela Merkel-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн.

Өөрсдийн улс орнуудын банкуудыг дампуурал болон санхүүгийн хямралаас гаргахаар оролдож байгаа улстөрчид “Goldman Sachs Group Inc” компани руу анхаарлаа хандуулж байгаа бөгөөд шүүмжлэгчид тус компанийг олон улсын санхүүгийн хямрал эхлэхэд нөлөө үзүүлж, энэ хямралаас ашиг олсон гэж шүүмжилж байгаа юм. Европын холбоо мөн Грекийн санхүүгийн нөхцөл байдал муудаж, төсвийн өр дарахад боломж олгох байсан бондуудын худалдаа алдагдалтай гарахад “Goldman Sachs Group Inc” компани ямар нэг нөлөө үзүүлсэн талаар шалгах бодолтой байна. “Дэлхий даяар, улс орнуудын улстөрчид “Goldman Sachs Group Inc” компани руу овоорч байгааг бид харж байна. Одоо улстөрчид ялангуяа эмзэг байдалд байна. Тиймээс тэд үүнийг нэр хүндээ өсгөх нэг арга зам гэж үзэж магадгүй” гэж Лондонд байрладаг “Cass Business School”-ын хөрөнгө оруулалтын профессор байсан Scott Moeller “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

АНУ-ын Хувьцаа, биржийн комисс бүр 2007 оноос, АНУ-ын орон сууцны зах зээл бүдчиж эхлэх үед “Goldman Sachs Group Inc” компани моргейжуудтай холбоотой өрийн бичиг үүсгэж зээлийн сангуудад зарсан бөгөөд ингэхдээ эдгээр өрийн бичгийн эсрэг арилжаа давхар хийсэн байснаа ил гаргаж мэдэгдээгүй гэж буруутгаж байгаа юм. Тус компани ямар нэг зүйл буруу хийсэн гэж үзэхгүй байгаагаа мэдэгдэж байгаа. “Юу болсон талаар хүмүүст буруу мэдээлэл өгөхийг оролдож байна. Ноён Brown тавдугаар сарын 6-нд үндэсний сонгуульд өрсөлдөх болно. Банкууд одоо хэр нь асуудалтай, эдийн засгийн эрсдэлтэй байна”  гэж зарим шүүмжлэгчид энэ талаар ярьж байна.

“Royal Bank of Scotland Group Plc” компани “Goldman Sachs”-д 841 сая ам.доллар төлж “Abacus” зээлийн сүлжээнээс гарсан юм. Дампуурлын ирмэгт тулсан Их Британийн Эдинбург хотод байрладаг тус банкинд Их Британийн Засгийн газар татвар төлөгч иргэдийнхээ мөнгөнөөс 70 тэрбум ам.долларын тусламж өгч, хөл дээр нь зогсоосон бөгөөд одоо Их Британийн Засгийн газрын удирдлагад ажиллаж байна. Тус банкийг дампуурлаас аврахад зарцуулсан хөрөнгийн хэмжээг дэлхийн хамгийн том “банк аврах санхүүжилт” гэж үзэж байна.

АНУ-ын Хувьцаа, биржийн комисс “Goldman Sachs”-ыг хөрөнгө оруулагч Германы “IKB Deutsche Industriebank AG”–д буруу мэдээлэл өгч арилжаа хийсэн гэж буруутгаж байгаа юм. “Goldman Sachs”-ын “Abacus CDO” өрийн бичгийг худалдаж авснаас болж Германы банк 150 сая гаруй ам.долларын хохирол хүлээсэн. 2007 онд АНУ-д моргейжийн хямрал эхлэх үеэс Германы банкууд дагаж хохирол хүлээж эхэлсэн. Германы банкны системийг тогтворжуулахын тулд Германы төрийн өмчийн “KfW” банк бараг 13.5 тэрбум ам.доллар зарцуулж байж системээ барьж үлдсэн байна. Европын холбоо “Goldman Sachs”-ын үйл ажиллагаанд шалгалж хийж эхлээд байгаа бөгөөд шалгалтыг нухацтай, нарийн хийх хэрэгтэй гэж Европын холбооны мөнгөний асуудал хариуцсан комиссын дарга Olli Rehn мэдэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж