Аспайр Майнинг 12 сая тонн коксжих нүүрс олборлоно

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Аспайр Майнинг 12 сая тонн коксжих нүүрс олборлоно

Хөвсгөл аймгийн баруун бөөрөнд 330 сая тонны ЖОРК нөөц бүхий коксжих нүүрсний орд эзэмшдэг “Аспайр Майнинг” нүүрснийхээ баяжуулалтын шинжилгээний үр дүнгээ өнгөрсөн баасан гаригт зарласан байна. Туршилтаар “Овоот”-ын коксжих нүүрс нь 80 хувийн гарцтай /yield/, 8 хувийн үнслэгтэй, чөлөөт хөөлт  /CSN/ 8-9 зэрэг үзүүлэлттэйг баталгаажуулжээ.
Тус компанийн Захирал Дэвид Паулл “Туршилтын дүнгээс ордын зарим хэсгийн нүүрсийг угаах шаардлагагүй гэдэг нь илэрхий байна. Энэ нь үйл ажиллагааны зардлагыг бууруулахын зэрэгцээ нүүрс баяжуулах хүчин чадлын шаардлагыг багасгах юм. Мөн энэ нь “Овоот”-ыг Эрдэнэт хүртэл холбох төмөр замаар их хэмжээний баялаг нийлүүлэх боломжийг давхар илэрхийлж буй юм ” гэжээ.
Нүүрс угаах үйлдвэрийн урьдчилсан судалгааг боловсруулах ажлыг “Аспайр Майнинг” компани нь нүүрс боловсруулалт, инженерчлэлийн тэргүүлэх компани “Sedgman”-аар хийлгэхээр гэрээ байгуулжээ. “Sedgman” нь мөн үйлдвэрийн нарийвчилсан зураг төсөл болон угаах үйлдвэрийн техникийн зохицуулалтыг сайжруулахад ажиллах юм байна.
Аспайр олборлолтоо  хоёр үе шаттайгаар явуулахаар зэхэж буй. Нэгдүгээр шатад жилд 0.5-1 сая тонн нүүрс, хоёрдугаар шатад бүтээмжээ дээшлүүлж 12 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. Aспайрын хувьд олборлосон нүүрсээ Хятад руу болон Оросын далайн боомт руу хүргэх хоёр сонголт байгаа юм. Ийнхүү Аспайр Майнинг маркетингийн зөвлөхөөрөө коксжих нүүрсний зах зээл судлалаар дэлхийд тэргүүлэгч “Wood Mackenzie”-г сонгоод буй ажээ.
Одоогоор тус компани нарийвчилсан нөөц, усны шинжилгээний хүрээнд   өрөмдлөгийн гурван машин ажиллуулж буйгаа мэдээлжээ.
Аспайр 330 сая тонны нөөцтэй “Овоот” нүүрсний ордынхоо 200 сая тонныг нь коксжих нүүрс гэж тогтоосон бөгөөд үүний 100 орчим сая тонн нь батлагдсан нөөц юм.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж