Туулыг, Богдыг хэн хамгаалж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Туулыг, Богдыг хэн хамгаалж байна вэ?

”Газар шорооны хэмжилтийн ажил явагдаж байна. Гадны хүн орохыг хориглоно” гэсэн бичгийг хадаж, Сонгинын амралтын нэг хэсэг  газрыг ногоон төмөр хашаагаар зааглажээ. “Хүн рүү дайрдаг сургуультай ноход дагуулсан буутай харуулууд манаж, шөнөдөө нүд сохлом хурц гэрлүүд асдаг болохоор сурвалжлага хийх нь байтугай хулгана зурам ороход хэцүү. Тэр бүү хэл УИХ-ын гишүүн ирээд гоц мөргөсөн  шүү дээ”  хэмээн нутгийн иргэд  цөхөрсөн янзтай тайлбарлаж байлаа. Анх Гачууртаас хөөгдөн Өлзийт хорооллын хурдан морины зам дагуух газарт санаархаад бүтэлгүй, эцэст нь ийнхүү Сонгинын буланд ирж тухалсан нь энэ. Энэ бол Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу бидний хэлж заншсанаар Сонгины амралтын газарт “Туул ривер контри сайд” компанийн  эзэмшил бүхий гольфийн талбай байгуулахаар сүйтгэсэн газрын одоогийн дүр төрх.

 Нутгийн иргэд дээрх компанид сүжиггүй юм билээ. Сурвалжлага хийхээр  зорин очсон бидэнд хандаж “зайлуулмаар байна” гэх үгийг нэгэн дуугаар хэлж байв. Анх хашаа хатгаж газар шороо сэндийчээд эхлэхээс нь ажиглаж,өчнөөн олон мод бургас үндсээр нь булгалан суйтгэж, зарим хэсгийг нь далангийн шороонд булж, нялх залуу улиасуудыг хайр найргүй огтчиж байхад нь тоолоод сууж байсан гэх нэгэн ч  таарлаа. Байгаль дэлхийдээ хүний хүн шиг харьцсанаас болоод “Хадлан хаддаг байсан газар хадаас хаяхад хаанаас нь ч олохоор улаан шороо болчоод байна даа, хөөрхий” хэмээн халаглаж ,жимс цэцэг нь алагласан өтгөн сайхан шугуй байсан тухай шүүрс алдан халаглахаас өөрийг хийж чадахгүй байна, нутгийн иргэд. Тэдний хэлснээр гадаа байгаа банхар нохой, гэрт суугаа данхар өвгөн хоёрын үгийг хэн ч тоох билээ.

Амралтын өдөр байсан болохоор албаны хүмүүстэй уулзаж чадаагүй ч олон түмнийг бухимдуулаад байгаа Туулын эрэгт бууриа засахаар төвхнөж эхлсэн хөл хориотой гэх бичигтэй вант улсад нэвтрэх аз тохиосон билээ.Үнэхээр дээрх хүмүүсийн ярьсанчлан сэтгэл сэрдхийм дүр зураг угтсан юм.

Энд тэндгүй овоолсон шороо, зүлэг гэх юмгүй хатаж харлах хөрс, элсэн цөлд яваад байна уу гэх сэтгэгдэл төрүүлнэ. Газрыг нь тэгшлэх гэж хүнд даацын гинжит техникээр талхисан мөр хаа сайгүй байх нь хөрсийг нь орвонгоор нь эргүүлж  дээ гэмээр. Хиймэл нуур хийх гэж ухсан 6-7 том нүхний ёроолд өмхийрч ногоорсон ус цэлийх нь тунгалаг Туулын ус мөн үү гэлтэй . Цөөн тооны залуухан улиасыг энд тэнд суулгасан харагдах ч эхнээсээ хатаж, үхсэн нь харуусмаар.Тулгуураар тогтоон  аргадан тойлж арай ядан ургуулж байна уу гэх бодол төрөх ч дэндүү муухай өнгөлөн далдлалт ажээ. Төмөр торон хашааны доторх орчин, ганцхан алхмын цаана харагдах онгон байгаль хоёр өдөр шөнө шиг ялаатай.

Уг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү саяхны нэгэн хэвлэлийн хурал дээр ”Хатан Туулаа хайрлая, хамгаалъя бүр дархан цаазтай болгоё”  гэж сүр дуулиантайгаар уриалж байсныг олон хүн сонссон. Ниргэсний дараа хашхирав гэдгийн үлгэрээр эрхэм дарга Р.Содхүү дэндүү хожуу ухаарчээ. “Туул ривер контри сайд” компанийн талаар асуусан сэтгүүлчийн асуултад бүдэрсэн нь санаандгүй гэхэд дэндүү үнэмшилгүй байлаа .Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд өнөөдрийг хүртэл Сонгинын амралтын баруун талд Туул голын эрэг дагуух зуу орчим га газрын хөрсийг орвонгоор  нь сүйтгэн,мянга хол давсан /эх сурвалжийн хэлснээр/ бургасыг үндсээр нь булгалан дураараа дургиж буй үйлдлийн талаар асуухад “мэдэхгүй” хэмээн мэлзсэн нь гайхалтай.

Солонгосын хөрөнгө оруулалттай гэх “Туул ривер контри сайд”компанид Хан-Уул дүүргийн 14 хороо буюу Өлзийт хорооллын морины хурдны замын орчимд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах газрын зөвшөөрлийг тус дүүргийн Газрын албанаас таван жилийн хугацаатай олгожээ. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Анхнаасаа л газрын зөвшөөрөл дээрээ хороо нь андуурагдаж бичигдсэн байсан юм. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа газар нь Хан-Уул дүүргийн 12  дугаар хороо. Энд л анх зөвшөөрлөө авсан. Зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаа явуулахаар тохижуулж байгаа . Хэд хоногийн өмнө очиж үзэхэд тэнд хууль бус  үйлдэл  гараагүй” гэж  гүрийнэ. Хууль бус үйлдэл байхгүй юм бол яахаараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг лавлахад бас л “мэдэхгүй” гэх үгээр ам таглалаа. 

Гольфийн талбай байгуулахаар зэхэж буй хашааны ойролцоо байгаль хамгаалагчийнх амьдардаг аж. Нийслэлийн байгаль хамгаалах газрын байгаль хамгаалагч Б.Санжмятавтай уулзлаа. Тэрбээр “Анх Хан-Уул дүүргийн 14-р хорооны зөвшөөрөлтэй болохоор нь манай эндхийн газар биш гээд явуулсан. Гэтэл удаагүй дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм билээ. Газрын албанаас газрын  зөвшөөрлийг 12-р хороонд гаргасныг андуураад 14 гээд бичсэн байсныг дараа нь  мэргэжлийн хяналтынхан шалгаад 12 болгож зассан гэсэн. Засаг даргад чинь хуулбарыг нь өгсөн гээд миний амыг тагласан” гэж  байв.

“Туул ривер контри сайд“ компанийн хууль бус үйлдэлд Нийслэлийн Байгаль Хамгаалах газраас 45 сая төгрөгийг экологи эдийн засгийн хохирол үүссэн гэсэн акт гаргажээ. Мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа тус компанитай холбоотой хэрэгт Монгол Улсын эрүүгийн хуулийн 211.2 гэсэн зүйлээр” Ойн газрын зөвшөөрөлгүйгээр мод шилжүүлэн суулгасан“ гэх үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж байгаа юм. 

Нийслэлчүүдийн ундны усны ганц ундарга болсон Туул голын дагуу барилга байгууламж барьж буй аж ахуйн нэгж, байгууллагууд борооны дараах мөөг шиг олширсоор. Голын дагуух бургас модыг замбараагүй ашиглан сүйтгэх, голын гольдролыг хааж өөрчлөх,хөрс шороог ухаж сэндийлэх, цэвэр усны эх үүсвэрүүдийг ширгээх ундны цэвэр усны уст цэгүүдийг эвдэж, шинээр дур мэдэн уст цэгүүд гаргах зэрэг хууль зөрчсөн ноцтой үйлдлүүд үргэлжилсээр л байна. Хүрхрээгийн аман дахь “Скай ресорт”-ын гольфын  талбай, Баянзүрх дүүрэг дэх ”Хөлийн гол”орон сууцны барилга, Хан-Уул дүүргийн Яармагийн гүүрний баруун талд барилгын ажил явуулж буй ”Пума инженеринг” ХХК, Маршалын гүүрний баруун талд баригдаж буй ”Стандарт груп”-ын барьж буй орон сууцны барилга, Сонгинын булан дахь “Туул ривер контри сайд” гольфийн талбай гээд дурдаад байвал урт дараалал үүсэх нь тодорхой.

Монголчууд бид хэзээнээс уул ус ургамал амьтнаа шүтсээр ирсэн ард түмэн.Ургаа мод шилжүүлэн суулгах нэрийдлээр бургас, нялх улиас нийлсэн мянга орчим модыг хүйс тэмтэрсэнийг хууль ёсны гэх  үү.  Насаараа Сонгинын амралтын ойролцоо амьдарсан нутгийн хөгшид “Энд тэр гольфын талбай гэдэг шиг хэрэггүй юм алга. Энэ талбай нь байгуулагдлаа гэхэд Монгол Улсад хөрөнгө оруулалт болж чадахгүй. Мөнгө нь илүүдсэн хэдэн баячууд л ирж зугаагаа гаргах биз дээ. Газар мундсан биш ганц Туулынхаа бургас улиасыг нялх хөгшин гэж ялгалгүй булгалж, хөрс шороог нь сэндийчин, увайгүй загнахыг хараад элэг эмтэрч л байна даа” гэх үг хэн бүхэнд нэгийг бодуулах биз ээ.

Хууль нь гууль болсон энэ цаг үеийн эмгэнэлт жишээ “Туул ривер контри сайд” компанийн  гольфын талбай гэхэд хилсдүүлсэн болохгүй. Одоогоор үйл ажиллагаа түр зогсоод байгаа энэ компанийн цаашид хийх уйваагүй үйлдлүүд цаашид хэрхэн өрнөх нь анхаарал татаж байна. Хуулийн байгууллага  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг хараад санаа амарч болох ч 45 сая төгрөгөөр булгалсан бургасыг нөхөн сэргээнэ гэдэг худлаа. Газрын зөвшөөрөл олгосон, гэрээ байгуулсан хүмүүс нь хууль ёсны гэх үгээр лүндэн буулгах ч бургас булгалсан үйлдэлд нь Ойн газраас 45-хан сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Харуусах бодолд өөрийн эрхгүй автан явтал гэнэт хэн нэгэн чангаар хашхиран хараалын үг урсгасан нь манаач гэх халамцуу залуу байсан юм.Тэрбээр бидэн рүү  архирах нохойгоо суллан тавихтай зэрэгцэн хашаанаас гарч амжсан билээ.

Б.Сайнжаргал

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж