Хятад дэд бүтцийнхээ хөгжлөөр дэлхийд тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Хятад дэд бүтцийнхээ хөгжлөөр дэлхийд тэргүүлнэ

Хятад улс зургадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өндөр хурдны галт тэргээр иргэддээ үйлчилж эхлэх гэж байна. Дэлхийн хамгийн хурдан галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээ даваа гаригт болсон бөгөөд Хятадын удирдлагууд нээлтэндээ олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүдийг урьж оролцуулжээ.

“CRH380” загварын хурдны галт тэрэг нь Бээжингээс Шанхай хүртэлх 1,318 км замыг таван цагт туулж, зам зуур Хятадын улс төрийн болон томоохон худалдааны төвүүдэд зогсох хуваарьтай. Бээжингээс Шанхай хүртэл иргэд ердөө 85 ам.доллар төлөөд зорчих боломжтой болж байгаа нь агаарын тээврийн зардлаас хоёр дахин хөнгөн тусч байгаа аж. Хятадууд дээрх 1,318 км урттай хурдны галт тэрэгний замыг ердөө гурван жилийн дотор барьж байгуулжээ.

Цагт 300 км-ийн хурдтай зорчих уг галт тэрэг нь АНУ-ын хамгийн хурдан галт тэрэгний дундаж хурднаас хоёр дахин өндөр үзүүлэлттэй аж. Хэдий маш өндөр хурдтай явж байгаа ч, зорчигчдын тав тухыг хангах тал дээр дээд зэргээр анхаарсан нь тавиур дээр тавьсан кофе цалгихгүй байгаа жишээнээс харахад л хангалттай.

Уг галт тэрэг нь холын зайд өндөр хурдаар зорчдог технологийн стандартыг хамгийн өндөр түвшинд хангаснаараа олон улсаас өндөр үнэлэлт авсан ба галт тэрэг ашиглалтанд орсноор Хятадын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлж, тус улсын иргэдийн ажил амьдралыг хөнгөвчлөх боломж олгож байна. Хятад улс ирэх таван жилийн хугацаанд дахин 8,100 км урттай хурдны галт тэрэгний зам барихаар 400 тэрбум ам.долларыг төсөвлөхөөр төлөвлөөд байгаа нь АНУ 2012 онд найман тэрбум ам.доллар төсөвлөсөн зэрэг бусад өндөр хөгжилтэй орнуудын зам, дэд бүтцийн төсөвтэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай байна.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж