Жагсаал удирдах хүн байна уу

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Жагсаал удирдах хүн байна уу

Монголд шатахууны хяз­гаар­­­­лалт хийсэн өнгөрсөн бямба га­рагт өөр улс оронд ч үүнтэй төстэй зүйл болжээ. Энэтхэгийн Засгийн газар өнгөрсөн бям­ба гарагт  шатахуун болон бай­галийн хийн үнээ дахин нэмс­нээ зарласан аж. Үүний дараа Энэтхэгийн олон муж, хотын оршин суугчид эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан бай­на. Тэрбум гаруй хүн ам­тай энэ улсад одоо ч байдал нам­жаагүй байгаа сурагтай. Тэнд шатахууны үнийг Засгийн га­­зар нь нэмсэн бол манайд хэ­дэн дарга нар нэмчихсэн юм биш үү. Тэнд иргэд нь “Үнэ яагаад өндөр болчихов” гэж уурсаж байхад бид “Байвал ямар ч үнээр хамаагүй авъя” гэж буй. Энэ бүхнээс болоод Энэтхэгт парламентын ордноо нураах шахаж байгаа бол Монголд ШТС-уудад уураа гаргаж гадаа нь урт дараалал үүсгээд байгаа юм. Манайхан угаасаа шатахуун мэтийн шалихгүй юмны төлөө шал дэмий жагсдаггүй.“Унаа тэрэгтэй хүмүүс нь хайж олоод авна биз, маньд ямар хамаатай юм” гэдэг байдлаар ханддаг улс. Харин улс төр, уул уурхай хавиар очиж бужигнуулах дэндүү дуртай. Энэ сэдвээр хэрэлдэж, жагсах нь туйлын ашигтай. Бүр болохгүй бол Төрийн ордон руу нум сумаар харваж, алтны компанийн байр руу АКА-аар  шүршсэн ч болдог. Шатахуун картанд орж, ховордсон энэ өдрүүдэд уг нь О.Магнай, Г.Баасан, Ц.Мөнх­баяр нар “армиа” да­гуу­лаад төв талбайд жагсч бо­лохоор санагдав. Тэгвэл энэ олон мянган жолооч нар лав уухайлж орж ирээд л дэмжинэ дээ. Олон нийтийг татаж болох том шалтгаан гараад ирэв биш үү. Яг үнэндээ эрүүлжүүлэхэд хоносон болон хорих ангид ял эдэлж байгаа хүнд л хэ­рэг болдог эрх, эрх чөлөө, хууль цаазын тухай сэдэв, ойр орчмынхоо хэдэн айлд л хамаатай шахам Онги голын талаар ярьж байснаас илүү энэ бол маш том боломж юм. Найман нэрийн дэлгүүрээс авахуулаад том супермаркет хүртэл ширхэг бохины үнийг хүртэл нэмчихээд байгаа ийм үед хүн бүрт халгаа нь мэдрэгдэж байгаа нь үнэн. Тэгэхээр тун удахгүй уут гурил, талх та­рианы үнэ хүртэл “хөдлөх” уч­раас хүмүүс олноороо цуг­лах нь гарцаагүй. Тэгвэл дар­га нар шатахуун олоод ирж магадгүй л юм. Угаасаа ингэж байж л ажлыг нь хийлгээд сургачихсан бидэнд ч бас буруу бий. Одоо бол манайхан жагсаал, цуглаан дээрээ тулаа­гүй ч шатахууны хомсдол да­гасан замбараагүй байдал аль хэдийнэ эхэлжээ. Хүн болгон бухимдуу байна. Хамгийн гол нь жагсаал зохион байгуулчих хүн л алга байна. Тэр жилийн хавар яалаа даа. Ж.Батзандан, О.Магнай нар гэнэт л “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн” гэж гарч ирээд бужигнуулсан шүү дээ. Яг үүн шиг хэн ч танихгүй залуус шинээр гарч ирэх боломж ч гарч байна.

Н.МӨНХТӨВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж