Вэнь Зябао Европын холбоотой түншлэхээр яарав

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Вэнь Зябао Европын холбоотой түншлэхээр яарав

Хятадын Ерөнхий сайдын айлчлал өнгөрсөн баасан гарагт Унгарын нийслэл Будапешт хотод буудалласнаар эхэлсэн. Дараа нь Их Британид очиж, Германд эц­сийн зогсоолоо хийх түүний аялал нийт таван өдөр үргэлжилнэ. Энэ хэдийгээр богино хугацаа боловч Ев­ропын удирдагчдын толгойны өвчин болоод байгаа еврогийн ханшийн уналт, өрийн хямралын тухай яри­хад хангалттай хугацаа хэмээн Вэнь Зябао үзжээ. Чухам ийм үед хүнд­хэн байдалд орсон европчуудыг бу­гуйлдахад амархан гэж бодсон уу, ямартай ч эдгээр оронтой харилцан ху­далдаа хийх олон тохиролцоонд хүр­сээр байна. Гэхдээ чөлөөт худал­дааны гэрээ байгуулж хараахан чадаагүй юм.

Вэнь Зябао Будапештэд очсоны да­раа Унгар улс Хятадын Засгийн га­зартай 12 төрлийн санхүүгийн гэрээ, хэлэлцээр байгуулахаар болжээ. Үүний ачаар олон мянган ажлын байр шинээр бий болно хэмээн Ун­гарын Ерөнхий сайд Виктор Орбан хөөр­цөглөсөөр хоцорсон. Хятадын Ерөнхий сайд Унгарын Засгийн газ­рын бондыг худалдан авч, тэдний өрийг бага боловч нимгэлнэ гэдгээ ам­ласан. Унгарчууд харин учирсан бэрхшээлээ бага ч атугай нимгэлж чадлаа хэмээн баярлацгаажээ. Дараа нь Вэнь Зябао Лондонд хүрэлцэн ирж, Их Британийн Ерөнхий сайд Дэ­вид Камеронтой уулзан 1.6 тэрбум ам.долларын худалдаа хийх Засгийн газар  хоорондын гэрээг байгуулсан юм. Мөн Их Британийн компаниуд Хята­дын зах зээл рүү чөлөөтэй нэвт­рэх боломжоор хангаж өгнө гэдгээ ч амлав. Хариуд нь Д.Камерон Хята­дын эрх баригчдыг хүний эрхийг дээ­дэлдэг болохыг хүссэн тухай “Times”-т тэмдэглэжээ. Гэхдээ иймэр­хүү асуудлаас болж Европын ор­нууд экспортод түшиглэн эдийн зас­гаа хөгжүүлж байгаа өнөө үед Хята­дын 1.6 тэрбум хүнтэй зах зээл рүү нэвтрэх боломжоо зүгээр тавиад туу­чихыг хүсэхгүй нь ойлгомжтой. Нөгөө талаас, Вэнь Зябао ч бүх зүй­лийг төгс хийхийг хүсчээ. Тэрбээр Ев­ропын удирдагч нартай уулзах үед ийм асуултад ороогдоно гэдгээ мэдэж байсан. Тиймээс айлчлал эх­лэхийн өмнө дэлхий дахинд та­нигд­сан Ай Вэйвэй, Ху Жиа зэрэг Хятадын тэрс үзэлтнүүдийг суллаж, түү­нийгээ сүр дуулиантайгаар олон нийтэд зарласан юм. “Хятадын эрх ба­ригчид хүний эрхийг дээдэлдэг болчихож гэнэ шүү, цаана чинь” гэж ирээд л. За, энэ ч яах вэ. Жинхэнэ шалт­гааны дэргэд өчүүхэн шалтаг төдий зүйл.

Хятадын Ерөнхий сайд Европ дахь аяллаа эхлэхийн өмнө тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд энэ тухай тун бага мэдээлсэн билээ. Яг л энэхүү айлчлалд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа мэт. Уг нь түүхийн ойрмогхон хуудсанд Европын холбоо АНУ гэхээс илүү Хятадтай асар их худалдаа хийх болсон. Үүнээс үүдээд эдийн засгийн харилцан хамаарал нь ихэссэн гэдэг дүгнэлт гарч ирнэ. Тэгэхээр энэ бүс нутаг дахь Хятадын нөлөө их байгаа гэж үзэж болохоор. Гэтэл аль ч үед АНУ супер гүрний эр бяраа гайхуулж, Европын орнуудад хүчтэй нөлөөлж чаддаг хэвээр байгаа юм. Гэхдээ Хятадын импортын бараа, бүтээгдэхүүний 12 хүрэхгүй хувь нь Евро бүсийн орнуудаас гардаг. Харин АНУ-аас ердөө 7.3 хувийг авдаг тухай Европын холбооноос гаргасан статистик мэдээлэлд нэгэнтээ дурьдаж байв. Харин Европын ор­нуудын импортын тал хувийг Хятад дангаараа бүрдүүлж байгаа бол АНУ ердөө 18 хувийг нь хангажээ. Өн­гөрсөн онд Европын холбоо, Хятадын хоорондын худалдаа 515.4 тэр­бум ам.доллар буюу 363.2 тэрбум еврод хүрсэн. Харин Хятад, АНУ-ын худалдаа 292 тэрбум евро болжээ.

Европын холбооны хувьд энэ бүхэн нь Хятадын эрх баригчидтай сайн харилцаагаа алдахгүй байхыг хичээж буй гол шалтгаан биш юм. Харин сүүлийн үед Хятадын Засгийн газар еврогийн хямралд онцгойлон ан­хаарал хандуулж байгаа нь бүс нутгийн өрийн асуудлыг шийд­вэрлэх бяцхан гэрлийн оч болжээ. Берлинд төвтэй “Kцrber Foundation” судалгааны төвийн шинжээч Томас Полсан “Европын холбоо бол Хятадын худалдааны чухал хамтрагч. Тийм ч учраас Хятадын талаас еврогийн тогтвортой байдлыг хангахын тулд тодорхой алхам хийх болсон. Үүний хүрээнд Грек, Ирланд, Португаль, Испани зэрэг орны бондыг худалдан авах нь дамжиггүй” гэсэн байна. Энэ нь Хятадын гэхээс илүү европчуудын юу хүсч байгааг илтгэж байгаа юм.

Үүнээс өмнө Вэнь Зябао Франц, Пор­тугаль, Испанид айлчилж, евро­гоор нэрлэсэн үнэт цаасанд хөрөнгө оруулах шийдвэр гаргаснаа мэдэгдэж байв. Тэр ч байтугай өнгөрсөн онд Грект иймэрхүү тусламж үзүүлэх санал тавьсан билээ. Хятадын га­даад валютын нөөц гурван их наяд ам.доллараар хэмжигддэг. Одоогийн байдлаар түүний дөрөвний нэг нь евро байгаа гэх тооцоог банкирууд гаргажээ. Эдийн засгийн өсөлт нь тогтворжсон Хятадаас зуурж авах нь еврогийн сэргэлтийг даллаж ч мэдэх юм. Энэ удаагийн айлчлалын салхийг хагалсан Унгар бол зүүн Европ дахь нөлөөгөө нэмэгдүүлэхийг хүссэн Хятадын боломж болжээ. Харин Герман бол Европ дахь Хята­дын худалдааны хамгийн чухал хамт­рагч. Бас экспортод түшиглэн эдийн засгаа хөгжүүлж байгаа гэдэг утгаараа гол өрсөлдөгчдийнх нь нэг. Тэгэ­хээр Вэнь Зябао тааралдсан улс руугаа зочлоогүй гэдэг нь харагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын төв банкнаас Европын Засгийн газ­рууд өрийн асуудлаа цэгцэлж ча­даа­гүйн улмаас еврогийн ханш тогтворгүй болж байгааг шүүм­жилсэн юм. Тиймээс Евро бүсийн орнуудын Засгийн газрын еврогоор нэрлэсэн бондыг худалдаж авна гэд­гээ сануулсан. Магадгүй үүгээр дамжуулж Хятад улс Европын холбоотой урт хугацаанд нягт хамт­ран ажиллах боломж бүрдэж байгаа бололтой. Германы Гадаад харил­цааны асуудал эрхэлсэн кон­су­лын газрын шинжээч Эбэр­хард Сандскнайдер “Хятад бол өсөн нэмэгдэж буй зах зээлтэй, хүчир­хэг  гүрэн. Харин олон улсын тав­цанд тус улсад шүүмжлэлтэй хан­дах олон зүйл гарч ирдэг. Гэх­дээ Европын холбооны зүгээс Хятад­тай урт хугацааны стратеги түнш­лэл тогтоохыг зориогүй. Бүс нут­гийн 27 орон тус бүртээ өөр өөр га­даад бодлого баримталдаг” гэж мэдэгдсэн. Харин Хятадын Засгийн га­зар еврогоор нэрлэсэн бондууд ху­далдан авч эхэлбэл, энэ Европын удирдагчдаас хамаарах зүйл биш болох нь дамжиггүй юм. Хятадын хувьд Европыг нэгдсэн гадаад бод­логотой байхыг хүсч байгаа бо­лолтой. Тус улсын эрх баригчид дэлхийг Хятад, АНУ гэсэн хоёр туйлт болгохыг хүсэхгүй байгаа гэж цөөнгүй шинжээч дүгнэж байна. Олон улсын харилцаа олон талт байхын хэрээр Хятадын эдийн засаг уян хатан болж чадах юм.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж