Вэнь Зябао Будапештэд очсоны дараа Унгар улс Хятадын Засгийн газартай 12 төрлийн санхүүгийн гэрээ, хэлэлцээр байгуулахаар болжээ. Үүний ачаар олон мянган ажлын байр шинээр бий болно хэмээн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хөөрцөглөсөөр хоцорсон. Хятадын Ерөнхий сайд Унгарын Засгийн газрын бондыг худалдан авч, тэдний өрийг бага боловч нимгэлнэ гэдгээ амласан. Унгарчууд харин учирсан бэрхшээлээ бага ч атугай нимгэлж чадлаа хэмээн баярлацгаажээ. Дараа нь Вэнь Зябао Лондонд хүрэлцэн ирж, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзан 1.6 тэрбум ам.долларын худалдаа хийх Засгийн газар хоорондын гэрээг байгуулсан юм. Мөн Их Британийн компаниуд Хятадын зах зээл рүү чөлөөтэй нэвтрэх боломжоор хангаж өгнө гэдгээ ч амлав. Хариуд нь Д.Камерон Хятадын эрх баригчдыг хүний эрхийг дээдэлдэг болохыг хүссэн тухай “Times”-т тэмдэглэжээ. Гэхдээ иймэрхүү асуудлаас болж Европын орнууд экспортод түшиглэн эдийн засгаа хөгжүүлж байгаа өнөө үед Хятадын 1.6 тэрбум хүнтэй зах зээл рүү нэвтрэх боломжоо зүгээр тавиад туучихыг хүсэхгүй нь ойлгомжтой. Нөгөө талаас, Вэнь Зябао ч бүх зүйлийг төгс хийхийг хүсчээ. Тэрбээр Европын удирдагч нартай уулзах үед ийм асуултад ороогдоно гэдгээ мэдэж байсан. Тиймээс айлчлал эхлэхийн өмнө дэлхий дахинд танигдсан Ай Вэйвэй, Ху Жиа зэрэг Хятадын тэрс үзэлтнүүдийг суллаж, түүнийгээ сүр дуулиантайгаар олон нийтэд зарласан юм. “Хятадын эрх баригчид хүний эрхийг дээдэлдэг болчихож гэнэ шүү, цаана чинь” гэж ирээд л. За, энэ ч яах вэ. Жинхэнэ шалтгааны дэргэд өчүүхэн шалтаг төдий зүйл.
Хятадын Ерөнхий сайд Европ дахь аяллаа эхлэхийн өмнө тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд энэ тухай тун бага мэдээлсэн билээ. Яг л энэхүү айлчлалд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа мэт. Уг нь түүхийн ойрмогхон хуудсанд Европын холбоо АНУ гэхээс илүү Хятадтай асар их худалдаа хийх болсон. Үүнээс үүдээд эдийн засгийн харилцан хамаарал нь ихэссэн гэдэг дүгнэлт гарч ирнэ. Тэгэхээр энэ бүс нутаг дахь Хятадын нөлөө их байгаа гэж үзэж болохоор. Гэтэл аль ч үед АНУ супер гүрний эр бяраа гайхуулж, Европын орнуудад хүчтэй нөлөөлж чаддаг хэвээр байгаа юм. Гэхдээ Хятадын импортын бараа, бүтээгдэхүүний 12 хүрэхгүй хувь нь Евро бүсийн орнуудаас гардаг. Харин АНУ-аас ердөө 7.3 хувийг авдаг тухай Европын холбооноос гаргасан статистик мэдээлэлд нэгэнтээ дурьдаж байв. Харин Европын орнуудын импортын тал хувийг Хятад дангаараа бүрдүүлж байгаа бол АНУ ердөө 18 хувийг нь хангажээ. Өнгөрсөн онд Европын холбоо, Хятадын хоорондын худалдаа 515.4 тэрбум ам.доллар буюу 363.2 тэрбум еврод хүрсэн. Харин Хятад, АНУ-ын худалдаа 292 тэрбум евро болжээ.
Европын холбооны хувьд энэ бүхэн нь Хятадын эрх баригчидтай сайн харилцаагаа алдахгүй байхыг хичээж буй гол шалтгаан биш юм. Харин сүүлийн үед Хятадын Засгийн газар еврогийн хямралд онцгойлон анхаарал хандуулж байгаа нь бүс нутгийн өрийн асуудлыг шийдвэрлэх бяцхан гэрлийн оч болжээ. Берлинд төвтэй “Kцrber Foundation” судалгааны төвийн шинжээч Томас Полсан “Европын холбоо бол Хятадын худалдааны чухал хамтрагч. Тийм ч учраас Хятадын талаас еврогийн тогтвортой байдлыг хангахын тулд тодорхой алхам хийх болсон. Үүний хүрээнд Грек, Ирланд, Португаль, Испани зэрэг орны бондыг худалдан авах нь дамжиггүй” гэсэн байна. Энэ нь Хятадын гэхээс илүү европчуудын юу хүсч байгааг илтгэж байгаа юм.
Үүнээс өмнө Вэнь Зябао Франц, Португаль, Испанид айлчилж, еврогоор нэрлэсэн үнэт цаасанд хөрөнгө оруулах шийдвэр гаргаснаа мэдэгдэж байв. Тэр ч байтугай өнгөрсөн онд Грект иймэрхүү тусламж үзүүлэх санал тавьсан билээ. Хятадын гадаад валютын нөөц гурван их наяд ам.доллараар хэмжигддэг. Одоогийн байдлаар түүний дөрөвний нэг нь евро байгаа гэх тооцоог банкирууд гаргажээ. Эдийн засгийн өсөлт нь тогтворжсон Хятадаас зуурж авах нь еврогийн сэргэлтийг даллаж ч мэдэх юм. Энэ удаагийн айлчлалын салхийг хагалсан Унгар бол зүүн Европ дахь нөлөөгөө нэмэгдүүлэхийг хүссэн Хятадын боломж болжээ. Харин Герман бол Европ дахь Хятадын худалдааны хамгийн чухал хамтрагч. Бас экспортод түшиглэн эдийн засгаа хөгжүүлж байгаа гэдэг утгаараа гол өрсөлдөгчдийнх нь нэг. Тэгэхээр Вэнь Зябао тааралдсан улс руугаа зочлоогүй гэдэг нь харагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын төв банкнаас Европын Засгийн газрууд өрийн асуудлаа цэгцэлж чадаагүйн улмаас еврогийн ханш тогтворгүй болж байгааг шүүмжилсэн юм. Тиймээс Евро бүсийн орнуудын Засгийн газрын еврогоор нэрлэсэн бондыг худалдаж авна гэдгээ сануулсан. Магадгүй үүгээр дамжуулж Хятад улс Европын холбоотой урт хугацаанд нягт хамтран ажиллах боломж бүрдэж байгаа бололтой. Германы Гадаад харилцааны асуудал эрхэлсэн консулын газрын шинжээч Эбэрхард Сандскнайдер “Хятад бол өсөн нэмэгдэж буй зах зээлтэй, хүчирхэг гүрэн. Харин олон улсын тавцанд тус улсад шүүмжлэлтэй хандах олон зүйл гарч ирдэг. Гэхдээ Европын холбооны зүгээс Хятадтай урт хугацааны стратеги түншлэл тогтоохыг зориогүй. Бүс нутгийн 27 орон тус бүртээ өөр өөр гадаад бодлого баримталдаг” гэж мэдэгдсэн. Харин Хятадын Засгийн газар еврогоор нэрлэсэн бондууд худалдан авч эхэлбэл, энэ Европын удирдагчдаас хамаарах зүйл биш болох нь дамжиггүй юм. Хятадын хувьд Европыг нэгдсэн гадаад бодлоготой байхыг хүсч байгаа бололтой. Тус улсын эрх баригчид дэлхийг Хятад, АНУ гэсэн хоёр туйлт болгохыг хүсэхгүй байгаа гэж цөөнгүй шинжээч дүгнэж байна. Олон улсын харилцаа олон талт байхын хэрээр Хятадын эдийн засаг уян хатан болж чадах юм.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм"