Харин бодлого боловсруулагчдын гаргасан дүгнэлтээс эсрэг байр суурийг нефть импортлогч компанийнхан хэлсэн юм. “Шунхлай” компанийнхнаас шатахууны нөөц хэр байгааг нь тодруулахад “Манай компанид шатахууны хангалттай нөөц байхгүй. Нөөцөлсөн зүйлгүй. Тиймээс хязгаарлахаас өөр аргагүй байгаа. Одоо байгаа нөөцөөрөө Улсын баяр наадам хүргэж чадах эсэхийг хэлж мэдэхгүй” гэсэн хариултыг бидэнд өгсөн юм. Тус компанийн хувьд шатахуун олгох картыг 20 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм билээ. Харин “Сод Монгол” групп төв байран дээрээ шатахууны картыг 15 мянган төгрөгөөр олгож байлаа. Гэхдээ энэ нь зөвхөн карт авах үнэ гэсэн үг. Харин картанд байх мөнгөний доод үлдэгдэл нь 75 мянган төгрөг байх ёстой аж. Картаа өнөөдрөөс эхлэн зарим ШТС-аараа дамжуулж олгох гэнэ. Тус компани АИ-92 шатахууныг 2000 төгрөгөөр борлуулж байгаа цөөн газрын нэг юм. “Сод Монгол” ШТС-ын Таван шар дахь салбарын ажилтнаас яагаад 2000 төгрөгөөр зарж байгаагийн учрыг лавлахад “Карттай хэрэглэгчиддээ АИ-92 бензинийг 1500 төгрөгөөр өгч байгаа. Харин картгүй хэрэглэгчдэд бэлэн мөнгөөр 2000 төгрөгөөр борлуулж байгаа юм” гэж байх юм. Тус ШТС-ын гадна бухимдсан жолооч цөөнгүй байлаа.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас нефть импортлогч компаниудын үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн эсэхийг шалгана гэдгээ АИ-92 шатахууны үнэ 1500 төгрөг болсны дараа хэлсэн. Тэгвэл одоо үүний хажуугаар шатахууныг карт, талоноор олгож байгааг ч шалгаж эхэлсэн аж. Тус газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга З.Энхболд “Компаниудад шалгалт хийж байгаа. Холбогдох бичиг баримттай нь танилцаж, байцаагч нар биечлэн уулзаж байна. Шалгалтын хариу удахгүй гарна” гэсэн юм. Ямартай ч ШӨХТГ хомсдлыг далимдуулж автомашин эзэмшигчдэд өндөр үнээр карт зарж байгаа бүх компаниудад шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаа ажээ.
Газрын тосны газрын дарга Д.Амарсайханаас дараах асуултад хариулт авлаа.
-Яг одоо манай улс шатахууны хэд хоногийн нөөцтэй байна вэ?
-Монгол Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 10 орчим хоногийн нөөц байгаа. Түүнчлэн А-80 бензиний 20 гаруй хоногийн нөөц бий. Нэг ёсондоо нөөц хангалттай байгаа гэж ойлгож болно. Ийм хэмжээний нөөцтэй байхад хомсдол үүсэхгүй.
-Салбарын сайд бас та “Шатахууны нөөц хангалттай байгаа” гэх юм. ШТС-ууд шатахууныг хязгаарлалттайгаар өгсөн хэвээр л байна шүү дээ?
-Автомашин эзэмшигчид шатахууныг их хэмжээгээр авч, нөөцлөөд зохиомол хомсдол бий болгож байна. Иргэдийн дунд “Шатахуун хомсдоно, тасарна” гэсэн болгоомжлол байгаатай холбоотой. Тиймээс л хязгаартай өгч байгаа юм. Иргэд шатахууныг их хэмжээгээр бус, зохистой хэмжээгээр авбал ингэх шаардлага байхгүй болно. Нэг ёсондоо шатахуун түгээх станцууд шатахууны хомсдол үүсэхээс сэргийлж байгаа гэсэн үг. Бас ачаалал нэмэгдэхээс болгоомжилж байгаа хэрэг.
-Энэ байдал цаашид хэр удаан үргэлжлэх бол?
-Иргэд их хэмжээгээр шатахуун авч, нөөцлөөд байвал цаашид ч энэ янзаар олгохоос өөр арга байхгүй.