Т.Ганди анхны парламентын тухай дурслаа

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Т.Ганди анхны парламентын тухай дурслаа

УИХ дотор цөөн байдаг эмэгтэйчүүдийн нэг нь НХХ-ийн сайд Т.Ганди. Тус яамныхан өнгөрөгч бямба гаригт сэтгүүлчидтэй зангиагүй уулзаж, санал бодлоо хуваалцлаа. Т.Ганди сайд наргианч нэгэн гэдгээ харуулж, анхны парламентын гишүүдийн тухай хөгжилтэй дурсамжаа сэтгүүлчидтэй хуваалцлаа.

Гучин нас дөнгөж хүрч байсан залуу улстөрч эмэгтэй УИХ-ын танхимд ороод  буурал үстэй гишүүдийг харж ямар мундаг хүмүүс вэ хэмээн харахын сацуу өмссөн зүүснийг нь анзаарч суудаг  байжээ. УИХ-ын гишүүн М.Зэндээ агсан том биендээ багадсан гэмээр adidas гэсэн бичигтэй малгай өмсөөд, цагаан цамцан дээр хар зангиа зүүгээд, цав цагаан пүүз өмссөн байсан нь Т.Гандид их сонин содон харагдаж байсан гэдэг. Мөн нэгэн гишүүн табако гэсэн бичигтэй хар савхин хүрэм өмссөнийг хараад ямар гоё бичигтэй юм бэ гэж бодож сууснаа нуусангүй. Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди тухайн үед УИХ-ын дарга байж. Гишүүд хуулийн төсөлтэй танилцаад санал хэлэх үедээ нэрээ өгч, заалны голд ганцхан байдаг микрофондоо дугаарладаг байж. \Тэр үеийг дурсан ярихад зарим нэг залуу сэтгүүлчид УИХ-ын танхим тийм байсан гэж үү хэмээн итгэж ядан байсан\ Өдгөө Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж хожимдоод гишүүдийн хамгийн хойно очоод зогсч байгааг харсан дарга нь өнөөдөр эхнээсээ биш хойноосоо саналаа хэлье гэж гэнэ. Ж.Бямбадорж гишүүн юу хэлэлцэж байгаа билээ хэмээхэд гишүүд зориуд хэлэхгүй түүнийг багагүй сандаргасан аж.

Б.Намхайнямбуу баатарыг танихгүй хүн бараг үгүй. Төр түшилцсэн цөөн малчны нэг, хөдөлмөрийн баатар  энэ хүн амьдралын асар их туршлагатай нэгэн байснаас гадна хэлж буй үг нь санаа авахуйц зүйлээр дүүрэн байдгийг тэр үеийн гишүүд одоо ч дурсан ярьж байна. Баатар маань нэгэн амралтын өдөр долоон буудлын автобусанд хүүхдүүдээ дагуулж ороод нийтийн тээврээр үнэгүй зорчино гэсэн УИХ-ын гишүүний үнэмлэхээ үзүүлжээ. Гэтэл кондуктор Ардын их хурлын депутат гэж байдгаас гишүүн гэж ийм ямар юм байдаг юм бэ гээд үнэмлэхийг нь хураагаад авчихаж. Ингээд УИХ-ын Тамгын газраас  Автобус бааз руу утасдан байж  эрхэм гишүүний үнэмлэхийг нь авч байжээ.

Ажил ярихын хажуугаар гишүүд тэр бүр яриад байдаггүй дурсамжаа хуваалцсан нь олон хүнд инээд бэлэглэлээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж