Терроризмын эсрэг амьд хөшөө

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Терроризмын эсрэг амьд хөшөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг даган АНУ-ын гурван хотоор явлаа.  Америк  нөгөө л байдгаараа л. Танил дотно гайхалтай хэвээрээ. АНУ-ын нийслэл Вашингтон хотод  ердөө л 600 мянган хүн амьдардаг бол  Улаанбаатарт  нэг сая 500 мянган  хүн  оршин суудаг. Улаанбаатар манай улсын нийслэл бөгөөд төр захиргааны байгууллагууд  нь  төвлөрдөг бас Монголын хөгжлийн үзүүлэлтийг  эндээс л харж болдог. Харин Вашингтон бол өөр. Хэдийгээр АНУ-ын засаг захиргааны байгууллагууд нь энэ хотод төвлөрсөн ч харьцангуй цөөхөн хүн амтай.  Бусад хотуудаа бодвол  костюм өмсдөг хүн энд олон. Үнэтэй костюм өмссөн атлаа пүүз угалсан ноёдыг хаа сайгүй харж болно. Гэхдээ надад бол Вашингтон  уйтгартай хот мэт санагддаг юм.  Өмнө нь очиход тийм л байсан  сая  өнөөх  л хэвээрээ.  Хөгшин Европийг санагдуулам загвартай байшин барилгууд нь ийм сэтгэгдэл төрүүлдэг ч байж магадгүй. Зарим талаараа Стокольмтой жишиж болохоор,  тэндхийн гуравдугаар сарын бүрхэг тэнгэрийг санагдуулам Вашингтон D.C гэж.  Аль эрт одсон анд нөхрөө дурсмаар, он цагийн тоосонд дарагдсан хуучны дурдатгалаа сэргээж гунигламаар, бас сэмхэн шүүрс алдмаар хэзээний танил Вашингтон. Дэлхийн сая сая жуулчдыг татдаг Цагаан ордон, зургаан талт Пентагон,  харандаа хэлбэрийн өндөр цамхаг, Блейр хаус  гээд үзэх юм элбэгтэй ч бороо шиврээд л дүнсгэрдүү.  Айлчлалын оргил хэсэг энэ хотод өрнөсөн талаар өмнөх сурвалжлагадаа нэгэнт өгүүлсэн болохоор одоо сэтгүүлчийн нүдээр харсанаа тэмдэглэх боломж олдож байна. Өмнө нь нэгэнтээ  очиж Үндэсний музейг нь хүртэл үзчихсэн болохоор энэ удаа сонирхуулах  юмаар хомсхон санагдана. Уучлаарай,   хэрвээ уншигч та  надтай санал нийлэхгүй бол 2009 оны арваннэгдүгээр сард бичиж байсан “Америк тивээр арван мянган бээр аяласан минь” хэмээх аян замын тэмдэглэлийг минь нөхөн уншихыг санал болгоё. Ингээд АНУ-ын нийслэлийг орхиж  энэ улсын хамгийн том хот болох  Нью-Йорк руу бушуухан ниссүгэй.  

АЛДАРТ БРОДВЭЙ

Вашингтоноос Нью-Йорк рүү Ерөнхийлөгч бид хэд тусгай үүргийн онгоцоор ердөө 30- хан минут нисээд л буучихлаа. Арван есөн сая хүнтэй хот. Өдөрт хоёр сая хүн орж гардаг байнгын урсгалтай. Дэлхийн эдийн засгийн төв цэг. Бидний амьдарч буй  ертөнцийн бүх мөнгөний тал хувь нь энэ хотод эргэлдэж байдаг. Энд ямар ч том тоо ярьсан  хэн ч гайхахгүй. Зөвхөн Нью-Йоркод л солиором тоо хэлж, ямар ч агуу хэлэлцээрийг баталж болдог. Тэнд хэдхэн зуун сая ам.долларын бонд энэ тэрхэн  ярьвал онигоо болно. Тэрбум тэрбумаар нь ярьж   өгөө аваа үүсгэдэг. Яагаад гэвэл энэ чинь Нью-Йорк шүү дээ. Дэлхийн эдийн засгийн төв цэг маань мөн л зөөлөн бороо шиврүүлсээр угтлаа. Ер нь Америкийн   борооны улирал эхэлсэн бололтой. Дэлхийн том хотод ирсний хэрэг юу билээ,  алдарт Бродвэйн гудамжаар алхахгүй бол алдас болно гэсэн бодол шөнийн 00 цаг өнгөрч байхад л  Бродвэй тийш хөтөллөө. Вашингтонд өдөржин албан ёсны арга хэмжээтэй гүйж тэндээсээ шууд нисч ирсэн ч ядрахыг мартан гараад өглөө дөө. Дэлхийн тэргүүлэгч гүрэн Америкийг би хоёрхон зүйлээр мэдрэхийг хүсдэг байлаа. Нэгдүгээрт, Гранд каняон, хоёрдугаарт, Бродвэй.  Америкийг энэ хоёроор л төсөөлдөг очиж үзэхийг мөрөөддөг байсан сан.  Хоёр жилийн өмнө Гранд каняоныг үзсэн бол энэ удаа Ерөнхийлөгчийн айлчлалын багт орсноор Бродвэйгээр алхах аз тохиолоо. 1800-аад оноос алдартай энэ гудамжинд тухайн цаг үеийн хамгийн гоё ганган хүмүүс шинэ хувцасандаа салхи оруулах л гэж  зорьж очдог байжээ. Алт мөнгө, шүр сувд, ганган чамин хийцтэй торго дурдан хувцасны загвар энд л тодорхойлогдож,  хамгийн алдартай жүжиг шийг  зөвхөн тэнд л тоглодог байсан гэдэг.  Бродвэйгээр алхаж гэмээнэ тэр хүн дээдсийн  эгнээнд хөл тавьсанд тооцогдож зэрэг зиндаагаа тодорхойлдог байжээ.  Ганган бүрх малгай тавьж гартаа торон бээлий өмссөн хээнцэр хатагтай нарын торгон даашинзны бөмбөгөр хормой шүргэлцэж, зандан таяг гартаа барьж сүйжин шил донжтой зүүсэн ноёд ихэмсэгээр алхдаг байсан Бродвэй. Энд жүжиг үзье гэвэл бараг хагас сарын өмнөөс захиалгаа өгөх учиртай гэнэ.  Бродвэйн нэг чимэг бол дэгжин сүйх тэрэг. Орчин үеийн загвар бүрийн машин давхилдсан гудамжинд  морин тэрэг хөллөж эгээ л XIX зууныг санагдуулам хувцасласан залуус жуулчдын нүдийг хужирлана. Сүйх тэргээр Бродвэйг тойроход 60 ам.доллар. Өөрийнхөө зургийг харандаагаар  30 минутад зуруулья гэвэл  мөн 60 ам.доллар. За тэгээд үхэр, тахианы махан шорлог хаа сайгүй.  Биднийг очсон өдөр баасан гариг байсан болоод тэр үү сэтгэлийн хэм нь өндөрссөн залуус энэ тэндгүй орилж хашгиран хөөрцгөөнө. Эсвэл дандаа ч ийм байдаг юм уу. Этгээд чамин хувцас өмссөн залуус хөгжмөө чангалж байгаад бүжиглэж дэвхцэнэ.  Секси хувцасласан хар арьстан бүсгүйчүүд  “Би шүү” л гэсэн янзтай дээгүүр харан чанга чанга хөхрөлдөнө. Шөнө нь өдөр шиг гэх бөгөөд 24 цагийн турш ийнхүү хөл хөдөлгөөн тасрахгүй шуугилдах бололтой юм.  Шөнийн 03 цаг гэхэд доргиж л байх жишээний. Гэхдээ домогт Бродвэй л гэж бодоод алхаад байхаас Лас Вегасын хажууд бол инээдтэй л дээ. Ер нь Лас Вегаст очихоосоо өмнө  Брдовэйг үзэхийг зөвлөе. Тэгэхгүй бол харьцуулж дүгнээд нэг их ойшоохгүй шинжтэй юм билээ шүү. Өчнөөн жилийн мөрөөдөл болгож олон номноос уншиж сэтгэлдээ ургуулж байсан Бродвэйгээ үл тоох сэтгэл төрсөнөө Вегасын нөлөө гэж цайруулаад ирлээ дээ.  

9 САРЫН 11

Нью-Йоркийн бэлгэдэл гэх нь хаашаа юм бэ гэхдээ энд ирсэн хүн болгон чимээгүйхэн зорьдог нэг газар бий. Тэр бол 2001 оны 9 сарын 11-ний өдөр Аль-Кайдагийн дайралтад өртөж нурсан Олон улсын худалдааны ихэр цамхагийн туурь. Хоёр цамхагийн буурин дээр дөрвөн цамхаг барьж байна. Барилгын ажил ид дундаа ёстой л бужигнаж байсан. Харин түүний хажууд  тэрхүү аймшигт  өдөр  юу болсон тухай музей байгуулжээ. Нээлт нь энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр болох ч манай Ерөнхийлөгчид зориулан үзүүлсэн юм. Тэгэхээр  анхны  үзэгч нь бид боллоо.  Музей тэр чигээрээ сэтгэл ширхийм   үзмэрүүдтэй. Дэлхий нийтийг цочоосон тэр өдөр саяхан мэт санагдавч хэдийнэ 10 жил өнгөрсөн байх юм. Террористуудын хадлагад өртсөн 3000 хүний ард хичнээн мянган зүрх уйлж гуниг харууслаар дүүрэн хоцорсны бодит агаад гашуун түүхийг  эл музей өгүүлж байна.   2001 оны 9 сарын 10 өдөр ээждээ бичсэн  Жон хэмээх залуугийн захиа байсан. “Сайн уу ээж ээ, хүү нь ажил дээрээ байна. Одоо шөнийн 00 цаг өнгөрч байна. Одоо гараад гэртээ очоод усанд ороод сайхан амарна. Маргааш өдөр хүү нь утсаар ярина. Тандаа хайртай шүү Жон чинь 2011.9.10”. Харин маргааш нь хүү нь  ярьсангүй. Одоо хэзээ ч ярихгүй. Бас 11-ний урд өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хосын гэрлэлтийн баталгаа байна. Албан ёсоор гэр бүл болоод ганцхан хоноод л …. Хос залуус ажлынхаа байранд байж байгаад цугтаа тэнгэрт оджээ. Ажил хэрэгч ээжийн шүүгээнд охиндоо авсан барби нь гэмтэж бэртэлгүй хоцорчээ. Харин ээж охиндоо эргэж хэзээ ч очихгүй. Бяцхан охиных нь ээжийнхээ зурагны  дор цэцэг зураад “Ээж ээ, би таныг маш их санаж байна. Таныг хэзээ ч мартахгүй. Би тандаа хайртай үнсэе ээж ээ Маргарита чинь” гэх  нулимсны толботой ил зурвас тавигджээ… Ер нь музейн хана шалнаас авахуулаад тааз хүртлээ тэр өдөр амь үрэгдсэн хүмүүсийн гэрэл зураг эдлэж хэрэглэж байсан юмных нь хэлтэрхий, ар гэрийнхнийх нь, хайртай бүхнийх нь зурвасаар “чимэглэгдсэн” байсан. Аврагч нарын өмсөж байсан хувцас, барилгын ган цутгуур хэрхэн хайлж базсан цаас шиг болсон зэрэг зүрх зүсэм үзмэрүүд. Тэндээс  ямар ч хатуу сэтгэлтэй хүний нүд чийгтэлгүй гарна гэж байхгүй ээ. Яасан гэж энэ гэмгүй олон хүний амь насыг авч одно вэ. Тэд исламын ертөнцөд ямар гай тарьсан гэж энэ вэ.  Осама Бин  Ладеныг алагдахад америкчууд гудамжиндаа бүжиглэж, оргилуун дарс буудуулан баярлаж байсны учрыг тэнд л оллоо. Америкчуудын зөв юм байна гэж өөрийн эрхгүй бодсон шүү.  Музейн гадна талд  ихэр  цамхагийн туурьнаас хүмүүсийн амийг аврахын тулд амиа золиослосон аврагчдын зургийг тавьжээ. Өдөр шөнөгүй энд амь цэцэг тасардаггүй. Америк хүн бүр энэ гудамжаар алхахдаа дуугаа хурааж гүн хүндэтгэлтэйгээр явж өнгөрдөг гэсэн. Тэнд бас нэг гайхалтай юм сонссон. 9 сарын 11-нд нөхрөө алдсан эхнэрүүд  нийлэн холбоо байгуулжээ. Тэд терроризмыг бүр уг үндсээр нь таслан зогсоохыг зорьж байгаа гэнэ. Нэг бүсгүй бүр Иракд очиж сургууль  байгуулжээ. Исламын ертөнц дэх хүүхдүүдэд  бүр жаахнаас нь терроризмыг үзэн ядах сэтгэлээ суулгахын тулд энэ замыг сонгосон гэнэ. Хадгаламжин дахь мөнгөө, байраа, машинаа юу байдгаа бүгдийг нь зараад сургууль байгуулан ажиллаж байгаа гэсэн. Энэ гунигтай аймшигтай атлаа ихэмсэг түүхийн өмнө тэргүүн бөхийж америкчуудын  улам нягтарсан тэр хар өдрийг эргэн санасаар бид тэндээс хөдөллөө. Дэлхийн терроризмын эсрэг сүндэрлэх  амьд хөшөө болсон Нью-Йоркийн тэр гудамж, ихэр цамхагийн туурь, музей, хэзээ ч үл тасрах амь цэцгүүд  сэтгэлийн гуниг хөндсөөр Эрх чөлөөний хөшөө тийш усан онгоцоор хөвлөө…  

Нью–Йорк баяртай. Ерөөсөө Америк баяртай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал ийнхүү төгслөө. Омогшил, ухаарал, гуниг дагуулсан айлчлал өндөрлөж нутгийн зүг лавтай 20 цаг ниснэ. Айлчлалын багийг хүлээн авч  бүхнийг зохицуулахын төлөө өдөр шөнөгүй ажилласан АНУ дахь Монголын Элчин сайд Х.Бэхбат, НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, байнгын төлөөлөгч О.Энхцэцэг, Байнгын төлөөлөгчийн зөвлөх С.Ганхуяг, Вашингтон дахь консулын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Чулуунхүү нартаа  талархал илэрхийлэх зөв байх. Учир нь төрийн хэмжээний ямар ч ажил  Монголоо гэсэн чин сэтгэл өвөрлөн харьд суугаа тэдний хичээл зүтгэлээр бүтэж байдаг билээ.

Л.МӨНХБАЯСГАЛАН

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж