Газрын тос дамжуулах хоолой барих боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Газрын тос дамжуулах хоолой барих боломжтой

Алтайн нуруугаар газрын тос дамжуулах хоолой барих боломжтой

Оросын төрийн мэдлийн “Газпром” компани Новосибирск хотноо “Алтайн хөгжлийн гарц” сэдвийн дор хэвлэлийн бага хурал зохиолоо. Ингэхдээ Алтайн нуруугаар дамжуулан газрын тос тээвэрлэх хоолой байгуулах асуудлыг онцлон авч үзсэн юм. Хэдийгээр үүнийг Хятадын тал дэмжиж байгаа боловч илүү нарийвчилсан мэдээлэл өгөхөөс татгалзсан хэвээр байгаа аж. Түүнчлэн газрын тос тээвэрлэх хоолойг хаана байгуулах тухай хэд хэдэн хувилбарыг дахин судлах хэрэгтэй гэдгийг “Газпром”-ын төлөөлөгчид онцолжээ. Петровс­кийн шинжлэх ухаан, урлаг судлалын академын мэргэжилтэн, 1998 онд хийсэн эрчим хүчний тухай  судалгаагаараа шагнал хүр­тэж байсан Владимир Гетма­нов “Алтайн хөгжлийн гарц” хэвлэлийн бага хурлын үеэр дараах мэдээллийг өгчээ. Тэрбээр “Манай Петровскийн академид нийт 150 гаруй мэргэжилтэн бий. Бид энэ асуудалтай холбоотой шилдэг төслүүдийг судалж үзэж байгаа. Алтайн нуруугаар түлш дамжуулах төслийг ч мөн адил нарийвлан судлаж байгаа. Энэ төсөлд авууштай зүйл их байна. Хүн бүрийн анхаарлыг татаж буй нэг чухал асуулт бол “Яагаад тойруу замыг сонгон байгалийн хий, газрын тос тээвэрлэх хоолой байгуулах гэж байна вэ. Монголын Алтайн нурууны (2.600м) өндөрлөгөөр зам хийж товчлох боломж байна” гэдэг асуулт урган гарч ирсэн гэжээ. Энэ талаар Монгол улсын Засгийн газар болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд захиа илгээж болох талаар олон шинэ санаа дэвшүүлсэн төсөл байгааг тэрбээр нуусангүй.

Владимир Гетмановын үзэж буйгаар түүний дэмжиж буй санаа нь ОХУ-ын цаашдын ашиг сонирхолд нийцэхгүй байгаа аж. Учир нь Монголын Алтайн уулсаар дамжин түлш тээвэрлэвэл “Газпром”-ын хувьд ашигтай мэт санагдавч ОХУ-ын хувьд Монголд баримталж буй бодлогод нийцэхгүй байгаа аж. Гэхдээ улс төрийн бодлогын цаана ямар нэг нэмэх, хасах зүйл байж л байдаг. Харин эцсийн дүндээ улс төрийн бодлого улсын ирээдүйг зөв чиглүүлэх л үүрэгтэй байдаг.

Гэхдээ Хятадын түнш байгуул­лага, заавал Монгол Улсаар дамжуу­лан түлш тээвэрлэх тал дээр өөр байр суурьтай байгаа ч юм билүү. Энэ талаар хэн нэгэн нь тодорхой алхам хийгээгүй байсаар өдийг хүрчээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын бодлого, Хятадын “Газпром”-той хийсэн тохиролцоо, Монголын түлшний хомсдол зэргийг харилцан ашиг­тай хэлэлцээр байгуулах замаар шийдвэрлэж болох юм гэх хувил­бар ч байгаа юм. Тээврийн замаа товчилсны үр дүнд Монголын нутаг дэвсгэрийг ашиглан түлшний худал­дааг илүү ашигтай хийж болно гэсэн санаа эндээс гарч ирнэ. Нөгөө тал нь ОХУ-ын төр засгийн бодлого эдгээр түншлэлтэй нийцэж байж илүү хялбар арга замыг нээх, гарц бий болгох тал дээр анхаарал хандуулах аж. Харин Хятадын зүгээс аль ч замыг сонгоход бэлэн байгаа бололтой. Ерөнхийдөө тэд Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хийн хоолой байгуулах саналыг дэмжиж байгаа боловч үүнийгээ ил тод илэрхийлэхгүй байна. Үнэхээр Монголтой холбоо­той баримталж байгаа ОХУ-ын  бодлого хүчтэй нөлөөлөхүйц байж болох юм. Монгол Улсын хувьд ч энэ тал дээр бууж өгсөн байр суурийг илэрхийлэх болов уу.

Хэрвээ Монгол уүлсаар эдгээр түлш дамжуулах хоолойг суури­луулах юм бол хэчнээн цаг зав, мөнгө хэмнэх бол. Алтай нуруугаар 200 километр шугам татахад л мөнгийг тэрбум тэрбумаар нь хэмнэх боломжтой. Хятадын талаас ч дэмжсэн шалтгаан нь тодорхой. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятадын баруун хойд хэсгээс түлш нийлүүлж эхлэх аваас “Газпром”-оос ирж байгаа түлшний үнэ ч буурах боломжтой талаар тооцоолсон биз.

Энэ талаар гүн ухааны доктор, Алтай нурууг судлаач, профессор Андрей Иванов “Бид Хятад улс руу түлш нийлүүлэх боломжтой гурван хувилбараас хамгийн мууг нь сонгосонд харамсаж байна. Учир нь нөгөө хоёр сонголт хоорондоо төстэй боловч ашиг нь хамаагүй их гэдгийг ойлгох хэрэгтэй байсан юм. Казахстан улсаар дамжуулах ч юм уу, Монгол Улсаар дамжуулсан бол дээр байсан юм” гэжээ. Мөн тэрбээр “Хэрэв  эдгээр хоёр сонголтыг арай илүүд үзсэн бол Алтай нурууны болон Зүүн Казахстаны ойр орчим түлшээр хангагдах боломжтой. Энэ нь цаад утгаараа “Газпром” болон ОХУ-д ашигтай гэдгийг уг нь мэдмээр юм” гэсэн нь манай улсын хувьд нэг ч гэсэн таатай мэдээ болов уу.

Уг нь 1998 онд ЮНЕСКО Алтай нурууг “Алтан Алтай нурууд” хэмээн өргөмжилсөн. Харин одоо Алтай нуруунд үйл ажиллагаа явуулах гэхээр ОХУ чимээгүй, болчих юм. Энэ бол маш том асуудал. Хэрвээ Алтай нуруунд гарц нээвэл наад зах нь ОХУ-ын аялал жуулчлал Алтай нурууг даган хөгжиж, цаашлаад Байгаль нууранд ирэх жуулчдийн тоо нэмэгдэх бүрэн боломжтой. Аливаа нэг улсын уул уурхайн сонирхол бодлого бусад орнуудад нэр төрийг нь унагах нөлөөтэй байдаг аж. “Сибирийн баруун хэсэг болон төв Азийг Монголын Алтай таван богдыг ашиглан Европтой холбосон шинэ гарц нээх нь хэн хэндээ ашигтай” хэмээн ихэнхи эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм. Профессор А.Иванов “Ер нь ирээдүйн ашигтай гарцыг ганц улсын бодлого сонирхлоос болж боомилно гэдэг утгагүй асуудал. Энэ талаар сүүлийн тав гаруй жил ярилцсаар ирсэн. Сүүлдээ “Үр дүнгээ өгнө” гэж найдаад ч хэрэггүй мэт санагдах юм” гэсэн нь олон улсын ажиглагчдын анхаарлыг ихэд татсан билээ.

Өнөөдөр Москва хотоос эхлээд уул уурхай, улс төр, газарзүй, геополитик судалдаг ихэнхи их дээд сургуулиудын багш оюутнууд “Алтай нурууны шинэ гарц”-ыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа. Тэр ч бүү хэл Алтай нурууны орчимд амьдардаг иргэдийн амьдралыг сонирхож эхэлсэн билээ. Харин “Газпром”-ын удирдах зөвлөлийн гишүүд энэ бүгдийг чимээгүйхэн зохицуулах бодолтой байгаа бололтой.

Б.БААТАР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж