Суурь инфляци өсөж байгаа нь аюултай юу

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Суурь инфляци өсөж байгаа нь аюултай юу

Суурь инфляци түгшүүр төрүүлж эхэлснийг Монгол­банкныхан нуусангүй. Инф­ляци нам тогтвортой байгаад тайвширч болохгүй гэж ОУВС-ийнхан анхааруулж бай­сан. Гэтэл тэр багийг нь хуу­лахаар, өөрөөр хэлбэл Зас­гийн газраас арга хэмжээ аваад тогтоож байсан өргөн хэрэг­лээний бараа, үйлчилгээг ха­сахаар цаана нь бодит байдал ямархан харагдаж буйг тэд мэдсээр, сануулсаар байсан хэрэг. Тэгвэл суурь инфляци гэж юу вэ.

Ардчилсан хувьсгал ялж, Монгол Улс чөлөөт зах зээлийн нийгэмд нэг их удаан шилжээгүй юү. Яг тэр үед төв банкныхан мөнгөний бод­логын арга барилаа өөр­чилж, үнийн тогтвортой байдлыг гол зорилгоо болгон ажил­лаж байв. Инфляцийг урь­даас таамаглан, эдийн зас­гийн зохистой түвшинд байл­гахыг зорьж байсан тэр үеэс монголчууд инфляци гэдэг үгтэй танилцсан. Учир нь “Инфляци өссөн учраас” хэмээн тайлбарлах Ерөнхий сайд асан П.Жасрай гуайн гунигт мэдээлэл ёстой л түүний хэлсэнчлэн “Саарал ордны зүг аврал эрсэн харцаар харж байсан” ард түмэнд аянга мэт санагддаг байлаа. Ингээд төр засгийнхан ч, ард түмэн ч инфляци гэгч “мангаа”-д онцгой ач холбогдол өгч эхлэв. Төв банкныхан хэрэглээний үнийн индексээр тооцсон инфляцийн бодлого гэгчийг арга барилдаа нэвтрүүлж хэрэндээ л өнөөх “мангаа”-тай тэмцэж эхлэв.

Гэтэл энэ арга нь бодлогын шийдвэр гаргаж хэрэгжүүлэхэд учир дутаг­далтай болоод явчихаж. Ин­гээд “суурь инфляци” гэдэг ойл­голт бий болсон. Энэ нь инфляцийн хүлээлт, эрэлтийн хүчин зүйлсийг илүү бодитой илэрхийлдэг нийлүүлэлтийн огцом өсөлтийн цочролоос ангид үзүүлэлт юм. Улирлын чанартай үнэ нь огцом өсөж, буурдаг, эсвэл түр зуурын фак­торуудаас шалтгаалан хэт хэл­бэлздэг бүтээгдэхүүн, үйл­чилгээг хэрэглээний сагс­наас хасч тооцохоор дунд болон урт хугацаанд үнийн өөрч­лөлтийг нь бодитойгоор тоо­цож болдог. Үүнийг л суурь инфляци гээд байгаа юм.

Жишээ нь одоогийн байд­лаар инфляци нийслэлд 2.8 хувь, улсын хэмжээнд 4.2 хувьтай байна. Гэтэл суурь инфляци нь 9.8 хувьтай бай­гаа. Өөрөөр хэлбэл, хэрэг­лээний үнийн индексийг тооцдог сагснаас улирлын ча­нар­тай хэлбэлздэг гол 29 нэ­рийн бара, үйлчилгээг хаса­хаар инфляци цэврээрээ хэдэн хувийн өсөлттэй байгаа нь “илчлэгдээд” гараад ирж байгаа хэрэг л дээ. Үүнд Засгийн газар нөөцийн махыг худалдаанд гаргасан учраас инфляцид дарамт учруулаагүй махны үнэ, Атрын III аяныг амжилттай зохион байгуулсан тул үнийг хөөрөгдөөгүй хүнсний ногоо, улаанбуудай зэргийг хасаад тооцохоор байнга дарамт учруулж байдаг инфляци нь хэд байна вэ гэдэг нь бодитоороо гараад ирж байгаа хэрэг. Хоёр оронтой тоонд очиход бэлэн байгаа биз.

Тэгэхээр инфляци хоёр оронтой тоонд хүрэхээр хаалга тогшиж байгаа нь тодорхой боллоо. Одоо яах вэ. Төсвийн тэлэлтийг хумихаас өөр арга байхгүй. Ингэхээр улстөрчид боож үхэх шахдаг. Саяхан Сангийн сайд С.Баярцогт “Хүний хөгжил сан”-ийн мөнгөөр банкны өр дарахад зориулан гаргаж болохгүй” гэж хэлээд УИХ-ын даргад зад загнуулсан. “Засгийн газрын гишүүн УИХ-ын шийдвэрийг ингэж эсэргүүцдэг юм уу” гэж ирээд догширсон Д.Дэмбэрэл дарга эх оронч хүн бус улстөрч юм гэдгээ л харуулж буйн нэг жишээ. Зүгээр ч үгүй 10 хувийн алдагдалтай төсөв баталсан парламентын дарга гэж байгаа. Уг нь энэ тохиолдолд Сангийн сайд “Ийм алдагдалтай төсөв батлах юм бол би Сангийн сайдаар чинь ажиллаж чадахгүй” гээд ажлаа өгчих ёстой байсан юм. Дэлхийн олон улс орон ийм жишгээр ажилладаг. Гэтэл Грекийн Сангийн сайдаас ч хүнд төсөв хүлээж авчихаад, хууль хэрэгжүүлэх гэж тархиа гашилгаж байгаа нь өрөвдмөөр. С.Баярцогт муудаа биш л дээ. Юу юугүй тэсрэх гэж буй мина хүлээж авна гэдэг хэрийн улстөрчөөс гарахгүй зориг. Түүнчлэн саяхан УИХ-ын гишүүн “Төсвийн” Ч.Улаан хэвлэлд ярихдаа “Нэг хувийн инфляци ч иргэдэд дарамт учруулдаг. Мөнгөний нийлүүлэлт бүхэн сайн зүйл биш” гэхчлэн ярьжээ. Гагцхүү тэр л ингэж ярьж чадах биз. Учир нь тэрбээр инфляци 320 хувьд хүрч, “гипперинфляци” гэгч болоод аюул нүүрлээд байх үеийн төсөвчин шүү дээ. Маш хүнд үе гэхээс өөр юу гэх вэ. Тэр үед төрийн ордны гадна эмч, багш, жирийн иргэд бараг өдөр бүр жагсч, “Цалин нэмж өгөөч. Амьдрал сүйрлээ” хэмээн шаардаж байв. Гэвч төр бол төр. “Бүсээ чангал” л гэхээс өөр хариу олдоогүй. Бүсээ чангалж, төсвөө тэлэхгүй байсны хүчинд эдийн засгаа аварсан.

Гэтэл өнөөдөр инфляци нь тогтвортой, нам түвшинд байна. Амьжиргааны чадавх сайжирсан гэсэн дүн мэдээтэй. Өрх бүр машин, бараг толгойтой бүхэн дор хаяж нэг гар утастай байхад яагаад төсвөө сул тавьчихаад байна вэ. Мөнгө тарааж болно оо. Баялагтай орны иргэд гэдгээрээ бид вьетнамуудыг бодвол төрийн халаасыг тэмтрэх эрхтэй гэж аархаж болно. Гэхдээ хүн амын тооллогын дүнгээс яг хэдэн хүнийг төр тэжээхээс аргагүй байна вэ гэдгийг тоолоод тэдэнд зориулж сан байгуулаад, төрийн бодлогын хэмжээнд зохицуулаад явах ёстой байсан. Гэтэл хүн бүрт гээд хавтгайруулчихсан нь алдаа болоогүй гэж үү. Сангийн сайд ч үүнд дөжирч төсвийн орлого ч инфляцитай, зарлага ч инфляцитай болохоор санаа зовнихоо болио юу даа. Цаашид ийм байдлаар олон жил явбал эдийн засаг халаад, “шатаад”, товчхондоо сүйрнэ.

Тэгэхээр өнөөдрийн арван хувьд хүрч ядан байгаа суурь инфляцийг тогтоох шаардлага тулгарч байна. Суурь инфляци гэнэт гарч ирээгүй. Олон жилийн алдагдалтай төсөв, төсвийн хэт зардлаас үүдэлтэй “хур” алдаа гэх үү дээ. Үүнийг үгүй хийх арга нь мөн л урт удаан хугацааны үйл ажиллагаа шаардана. Мэдээж бий болоход нь шалтгаан байсан шиг багасгах арга зам бишгүй бий.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2008 оны наймдугаар сард шатахууны үнэ 34.8 хувиар огцом өссөн. Тэр үед Монголбанкны мэргэжилтнүүд “Энэ өсөлт жилийн болон суурь инфляцид 4-5 сарын дараа хүчтэй нөлөөлнө” гэсэн. Тэдний таамаглал батлагдсан. Яг одоогийнх шиг оросууд “Роснефть”-ийн шатахуун түгээх 100 станцаа оруулах санал бүхий захиа хүргүүлж байсныг санаж байна уу. Ерөөсөө 2007 оны долдугаар сараас 2008 оны дөрөвдүгээр сар хүртэл инфляци 34 хувь хүртлээ өссөн тэр хямрал чинь хүнсний үнийн өсөлт, шатахуунаас үүдэлтэй байв. Мэдээж түр зуурын өсөлт байсан. Тэгмэгц Монголбанкныхан хүнсний  бүтээгдэхүүн, шатахууны үнээ хасаад инфляциа тооцож үзэхэд 2008 оны тавдугаар сараас эхлэн суурь инфляци өсөх хандлагатай байгааг тогтоов. Эдийн засгийн хоёрдахь үеийн нөлөө үүсч, инфляци инерцээрээ нэмэгдэж харьцуулах үнийн зохицуулалт аяндаа хийгдэж эхэллээ. Хамгийн аймшигтай нь “Цаашид үнэ өснө” гэсэн хүлээлт буй болж эхэлсэн юм. Жишээ нь төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэрээ зарламагц инфляци өсдөгийг Монголбанкны судалгаа нотолсон. Өнөө жилийн хувьд “Бэлэн мөнгө тарааж байгаа юм чинь”, “Шатахууны үнэ өссөн учраас” гэсэн шалтгаанаар өргөн хэрэглээний үнэ нэмэгдэж буйг бид харж байна.  “АИ-92” хомсдлоо, үнэ нь нэмэгдлээ гээд такси 600-700 төгрөгөөр, дизель түлш ховордсон гэсэн шалтгаанаар автобус 400 төгрөгөөр үйлчилж эхэлсэн. Ингэж түр зуурын шалтгаанаар үүсч буй инфляци нь өнөөх суурь инфляцитайгаа давхацвал аюултай байдалд хүрдэг. Урьд нь шатахуунын үнийн өсөлт 4-6 сарын дараа инфляцид нөлөөлнө гэсэн таамаглал батлагдаж байсан нь энэ удаад давтагдвал энэ намар инфляци 20 хувь хүрвэл гайхах хэрэггүй байгаа биз. Дээр нь намрын улиралд үнэ нь өсдөг бараа үйлчилгээ гэж бий. Тухайлбал оюутны сургалтын төлбөрийг дурьдаж болно. Мөн л түр зуурын өсөлт буюу хэрэглээний үнийн индексийн сагсанд  “данстай” 287 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалтад багт­даг шүү дээ. Энэ тохиолдолд Зас­гийн газар арга хэмжээ авч, зохицуулалт хийх учиртай. Жишээ нь шатахууны үнэ огцом өссөн 2008 оны намар Засгийн газраас шатахуун импортлогч компаниудад үнийн зөрүүгээр нөхөн олговор олгох, хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд гурил, улаанбуудайн гаалийн болон НӨАТ-т хөнгөлөлт үзүүлж, нөөцийн махыг хавар, зуны улиралд тодорхой хуваарийн дагуу худалдаанд гаргаж байсан нь үр дүнгээ өгч байсан. Төсвөө танахыг уриалсан улстөрчдийн “хуурамч” ч атугай уриалга таатай л санагдаж, албан байгууллага, айл өрхүүд хүртэл хэсэгхэн хугацаанд хэмнэлттэй аж төрж чадсаны дүнд инфляцийн таатай орчныг авчирсан билээ.

Төгрөгийн ханш 0.6 хувиар буурч, суурь инфляци хоёр оронтой тоонд ойртон, улсын төсөв 10 хувийн алдагдалтай батлагдчихаад байхад яагаад дахин төсвөө хэмнэж болохгүй гэж. Хэдийгээр улстөрчид “үеийн үед” ард түмэнд таалагдахын тул халамжаар хахсан, хэт тэлсэн төсөв баталдаг ч түүний дарамтыг бууруулах гэж Монголбанкныхан нарийвчилсан тооцоо судалгаа, бодлогын арга хэрэгслээ агсан “тэмцдэг”. Яг л сад тавьсан үерийн усыг тогтоох мэт “далан” болж, иргэдэд очих дарамтыг багасгах арга хайж, үүний л төлөө ажилладаг. Гэхээ ашиглах арга барил нь улстөрчдөөс хараат бус байх учиртай. УИХ тэдэнд “Яагаад ийм арга авч байгаа юм бэ” гэсэн асуулт тавих ч эрхгүй билээ, уг нь. Энэхүү хараат бус зарчим, төв банкны үнэт зүйл алдагдсанаас болж, тодорхой арга хэрэгслээ мэргэжлийн хэмжээнд авч хэрэгжүүлэх гэхээр дарамт шахалттай тулгардаг болоод байгаа нь сүүлийн жилүүдээс ажиглагдах болсон. Хэзээ, хэрхэн гэдгийг нь хэлүүлэлтгүй мэдэх тул нуршаад яах вэ.

Ямартай ч суурь инфляци хоёр оронтой тоонд дөхөж буй нь тоглоом биш . Дуулиан, шоу ч биш. Иргэн бүрийн амьдралд нөлөөлөөд эхэлчихсэн бараан сүүдэр юм. Бага дээр нь цаламдахыг цаг хугацаа шаардаж байна. Өндөр инфляцитай орноос бараа, бүтээгдэхүүн импор­толж, тэнгэрт хадсан үнэтэй шата­хуунаар тээвэрлэн, цалин нэмсэн, бэлэн мөнгө тараасан орчинд ху­дал­даж байхад “Инфляци нам түв­шинд байна. Айх аюулгүй” гэсэн мө­рөөдлийн мэдээлэл өгөхөө л бо­лих хэрэгтэй. Инфляци бол хуурч бо­лох амлалт биш. Иргэний нүдэн дээр болж өрнөж буй амьдралын, ду­сал хөлс бүрийн үнэ цэнэ учраас шууд мэдрэгддэг. Тэр мэдрэмж эзнээ хуурдаггүй билээ.

У.ОРГИЛМАА
 
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж