Бидний шаардлагыг зөвшөөрвөл Ардын намтай нэгдэж болно

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Бидний шаардлагыг зөвшөөрвөл Ардын намтай нэгдэж болно

МАХН-ын гишүүд, дэмжигчид намынхаа үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж байгаа тухай зараа өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдлээ. Хуралд оролцохоор МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал болон хамтран зүтгэгчид нь хүрэлцэн ирсэн юм.  Мэдээллийн танхимд хөл гишгэх зай олдохгүй их хүн цугласан байлаа. Энд сэтгүүлчдээс гадна МАХН-ыг дэмжигчид хүрэлцэн ирж, дээрх хүмүүст баяр хүргэж байснаас гадна Ардын намын хэвлэлийн албаныхан ч хүрэлцэн ирсэн байсан нь сонирхолтой харагдаж байв. МАХН-ынхан хурлын эхэнд улс төрийн намууд, иргэний хөдөлгөөн болон хэвлэл, мэдээллйн байгууллагуудад хандан уриалга гаргаснаа танилцуулсан. Харин үүний дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ямар хариулт өгснийг сонирхуулж байна.

-МАХН хэмээх нэртэй нам бүртгүүлэх гэж зургаан сар зарцуулсны эцэст та бүхэн санасандаа хүрлээ. Өнгөрсөн үйл явцыг та юу гэж дүгнэж байна вэ?

-Намын нэрийг бүртгэхтэй холбоотой асуудал удаан дуншсан. Ямар учиртайг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Намын нэр бүртгэх нь техникийн шинж чанартай асуудал юм. Хара­мсалтай нь Ардын намынхан үүнийг улс төрийн шинж чанар­тай болгож, маш олон саад бэрхшээл учруулж, цаг алдуулсан. Гэсэн ч бид энэ хугацаанд идэвхтэй ажиллаж ирсэн. Харин эцэст нь шударга ёс ялж, Улсын дээд шүүх хуулийн дагуу МАХН хэмээх нэртэй намыг бүртгэж, үйл ажиллагаагаа явуулах эрхийг нь нээлээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн бид улам эрчимтэй ажиллах болно. Гэхдээ ганцаараа биш бусад улс төрийн хүчнүүд болон Монгол Улсынхаа төлөө гэсэн хүн бүхэнтэй хамтарч ажиллах болно. Тиймээс эх орныхоо төлөө гэсэн хүн болгоныг манай намтай хамтарч ажиллах уриалга гаргаснаа сая танилцууллаа.

-Ардын намынхан та бүхнийг шинэ байгуулагдсан нам гэж нэрлэж байгаа ч өмчийн маргаан дэгдээж магадгүй гэсэн болгоомжлолтой байх шиг байсан. Үнэхээр тийм маргаан дэгдээх гэж байгаа юм уу
?

-Өмчийн маргааны талаарх асуудлаар яривал их зүйл ярьж болно. Гэхдээ бидэнд ямар нэгэн намын өмчийг булаацалдахаас илүүтэйгээр Монгол хүн болгоныг өмчтэй болгох бодлогыг хэрэгжүүлэх нь чухал байна. Үүний нэг илрэл нь Тавантолгойн ордыг Монголын ард түмэнд 100 хувь өмчлүүлэх асуудал юм. Харин Ардын намынхан намын өмчийг асуудал болгон тавиад ард түмнийгээ өмчтэй болгох асуудлаа мартаад байх шиг байна. Тэд биднийг Тусгаар тогтнолын ордонг булаацалдана гэж бодоод байх шиг байгаа юм. Энэ ордонг барихад хэдэн хүн нэг тэрбумаас дээш төгрөгийн хандив өгч байгааг хууль хяналтын байгууллагынхан болон сэтгүүлчид ч чихнийхээ хажуугаар өнгөрөөж байгаа нь нууц биш. Намын байр барихад зориулж их хэмжээний мөнгө өгнө гэдэг тэр намынхнаас шууд болон шууд бус утгаар тодорхой хэмжээний дэмжлэг авсны үндсэн дээр л хийдэг зүйл. Тэгэж яривал энэ байрыг бид биш Монголын ард түмэн булаацалдах эрхтэй байх шүү.

-Тавантолгойг ард түмэнд 100 хувь эзэмшүүлэх зорилготой байгаа гэлээ. Харин Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ талаар олон зүйл нурших хэрэггүй байх. Энэ гэрээний ачаар Монголын ард түмэн газар доорх баялгийнхаа бодлогод нөлөөтэй оролцож, зохицуулах эрхгүй болсон. Учир нь Монголын ард түмэн энэ төслийн 34-өөс дээш хувийг эзэмшихгүй гэсэн босго тогтоосон нь буруу гэж үзэж байгаа. Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа үүнийг засаж, залруулах бололцоотой гэж үзэж байсан. Тиймээс намайг Ерөнхийлөгч байхад Монголын тал хэзээ нэгэн цагт 51 хувийг эзэмших боломжтой гэсэн гэрээг аман байдлаар хийсэн байсан. Харамсалтай нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар ямар ч боломжгүй мэт ойлгуулж, зүтгэсээр байгаад алдаатай гэрээ байгуулсан. Ийм том ордынхоо дөнгөж 34 хувийг эзэмших, тэр дундаа дээрх хувиа эзэмшихийн тулд зээл хэлбэрээр авах гэрээ байгуулсан нь байж болохгүй алдаа. За яах вэ энэ гэрээг юу ч мэдэхгүй нэг залуу хийх гэж байсан байж болно. Харин үүнийг Монгол Улсын төр засаг засах боломжтой байсан. Тиймээс энэ гэрээ бол Монголын төрийн санаатай гаргасан том алдаа. Үүнийг нэн дариу засах ёстой.

-МАХН хэмээх товчлолыг бүртгэсэнтэй холбоотойгоор Ар­дын намынхан Улсын дээд шүүхэд хандахаа мэдэгдсэн. Тэдэнд ийм эрх зүйн орчин бий юу?

-Ардын нам гэсэн нэртэй нам 1992-2006 он хүртэл байсан. Тухайн намын нэр 2006 онд бүртгэлээс хасагдсан байдаг. Харин өнөөдөр Ардын нам тэр нэрийг нь авчихсан байна. Энэ нь тухайн намын нэрийг үргэлжлүүлэн хэрэглээгүй, шинээр хэрэглэж байгаа тохиолдол. МАХН гэдэг нэрийг үүнтэй ижилхэн замаар л бид авсан. Харин Ардын нам бидний эсрэг зүйл ярьж байгаа бол өөрийнхөө одоогийн нэрийг ч буруу авсан л гэсэн үг. Хэрэв өөрийнхөө нэрийг зөв авсан бол бид ч гэсэн намынхаа нэрийг зөв л авсан. Тиймээс намын нэр авах тал дээр хэн нэгний ямар нэгэн оролцоо байна гэж хардах нь утгагүй. Хуулийн орчин хэдийнэ бүрдсэн байсан. Харин үүнийг сунжруулсан нь бидний буруу биш Ардын намын буруу. Ардын намынхан энэ хугацаанд МАХН гэсэн товчлолтой нэрийг бидэнд өгөхгүй гэж их хичээсэн. Тухайлбал, МАХН гэсэн товчлол бүхий 60-70 нэрийг халаасалж үзсэн. Яагаад чи ингэж байгаа юм гэхээр “Н.Энхбаяр, Ц.Шинэбаярт өгөхгүйн төлөө авсан юм. Ха ха ха” гэсэн яриалцлага хүртэл өгч байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь намын бусад өндөр албан тушаалтнуудтайгаа нийлж хуулийг өөртөө тохируулж, “Хуулиндаа ингээд заачихсан учир МАХН нэрийг өгөх боломжгүй” гэж дураараа тайлбарлаж ч байсан. Хуулийн зүйл заалтууд хоорондоо уялдаатай байдгийг мартаад ганцхан нэг зүйл заалтыг өөртөө ашигтайгаар тайлбарлаж намын нэрийг бүртгэх асуудлыг улсын чанартай том асуудал болгож хувиргаж байсан  луйвар нь илэрлээ. Үүнээс гадна нэрийг нь хэлээд яах вэ. Бидэнтэй хамтарч байсан хүмүүсийг айлган сүрдүүлж, заримд нь албан тушаал амлаж байж тогтоосон шүү дээ. Намын дотоод зөрчлийг наймааны хэрэгсэл болгож ажиллаж байсан нь Ардын намынхны увайгүй явдал байсан.

-“МАХН хэмээх нэрийн дор өрнөсөн 90 жилийн түүх одоогийн Ардын намын түүх” хэмээн Ардын намынхан мэдэгдсэн. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ардын намынхны зүгээс гаргаж байгаа мэдэгдлийг бид увайгүй үйл ажиллагаа. ёс суртахуунгүй мэдэгдэл гэж дүгнэж байгаа. 90 жилийн түүх бол Монголын ард түмний түүх. Харин аль нэг нам түүхийг өмчлөх эрхгүй. Ямар нэгэн намын дарга “Өнгөрсөн 90 жилийн түүх манай намд л хамаатай. Бусдад хамаагүй” гэж ярьж байгаа бол тэр хүн ард түмнийхээ төлөө биш гэсэн үг. Тиймээс өнгөрсөн 90 жилийн түүхийг Монголын ард түмэн өмчлөх ёстой. Үүнийхээ дараа түүхийнхээ алдааг засаж, оноог нь арвижуулах хэрэгтэй. Үүнээс гадна Ардын намынхан “МАХН бол 18 дугаарт бичигдэх нам. Харин манай нам нэгдүгээрт бичигдэх ёстой нам” гэсэн утгатай мэдэгдэл хийж байсан. Харин миний хувьд ард түмнийхээ зүрх сэтгэлд хэддүгээрт бичигдэх нь чухал болохоос саналын хуудсанд бичигдэх дэс дараалал хамаагүй гэж бодож байна. Тиймээс манай нам ард түмнийхээ зүрхэнд нэгдүгээрт оршихын тулд ажиллах болно гэдгээ хэлмээр байна.

-Эрх баригч хоёр нам Сон­гуулийн тогтолцоон дээр нэлээд маргаантай байгаа. Харин та улстөрчийнхөө хувьд сонгуулийн тогтолцоог ямар байгаасай гэж хүсч байна вэ?

-Урд нь би зүүн төвийн үзэл баримтлалтай болон барууны үзэлтэй хоёр том улс төрийн хүчин хоорондоо эрүүлээр өрсөлдөж, тэр дундаас хамгийн сайныг нь тухайн үед Монголын ард түмэн сонгож, засгийн эрхийг өгч байж Монгол Улс хөгжинө гэсэн үзэл баримтлалтай байсан. Үүндээ ч нийцүүлж, хууль тогтоох, хэрэгжүүлэх бодлогыг явуулахын төлөө ажилладаг байлаа. Гэтэл эргээд харсан чинь яг надтай ижил бодолтой байсан нөхөд маань ичихгүйгээр нэг хөнжилд ороод, нэгнийгээ хянах чадваргүй болж, улайм цайм хуйвалдаж ард түмний эсрэг шийдвэр гаргаж байгаа энэ нөхцөлд ийм улс төрийн хүчнийг төлөвшүүлэх сонгуулийн тогтолцоо байж болохгүй гэж боддог болсон. Энэ хоёр улс төрийн хүчний явуулж буй үйл ажиллагаа нь Монголын ард түмэнд ямар ч ашиг авчраагүй. Магад тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан бол бие биедээ хяналт тавиад арай л дээр байх байсан биз. Тэдний буруу ажиллаж байгаагийн хамгийн наад захын жишээ нь, долоодугаар сарын 1-ний гэм буруутан олдоогүй байна. Оюутолгойн алдаатай гэрээг яаран байгуулсан. Тавантолгойг ард түмэндээ өгөхгүй цөөн хэдэн хүн хэт баяжих хэрэгсэл болгон ашиглаж байна. Тиймээс том нэртэй атлаа цөөхөн хүнд үйлчилдэг улс төрийн намуудаас гадна “гудамжинд байгаа” улс төрийн хүчнүүдийг төрийн үйл хэрэгт оруулж байж алдагдсан хяналтыг сэргээх  сонгуулийн тогтолцоо нь зөв юм байна гэж үзэх болсон. Намайг ингэж ярихаар улс төрчид гайхах байх. Ер нь хүн гэдэг байнга өөрчлөгдөж байдаг эд, эс. Яг л ургамал шиг. Гэхдээ өөрчлөгдөхдөө нүүр буруулж, ёс суртахуунгүй алдаа хийж өөрчлөгдөх нь буруу. Харамсалтай нь надтай ажиллаж байсан олон хүн буруу өөрчлөгдөж байна. Болж өгвөл хүн зөв өөрчлөгдөх ёстой. Харин юм боддоггүй бол байдгаараа л байх биз. Яг л чулуу шиг.

-МАХН нэрээ бүртгүүлсний дараа УИХ дахь Ардын намын гишүүдээс танай намтай нэгдэх ямар нэгэн санал ирсэн үү?

-МАХН нэрийн дор 2008 оны сонгуульд нэр дэвшсэн хүмүүс ёс суртахуунтай, ард түмнийхээ өмнөөс харах нүүртэй л юм бол МАХН-д элсэх ёстой. МАХН гэдэг нэрийн дор дахиад ард түмэнтэйгээ уулзах ёстой гэж бодож байна. Тэгэх ч байх гэж найдаж байгаа. Гэхдээ нэг, хоёроороо биш бүгдээрээ шүү.

-Хэрэв Ардын нам та бүхэнтэй нэгдэх санал тавибал яах вэ?

-Аль нам ямар санал тавихыг би урьдчилж тааж чадахгүй юм. Тиймээс урьдчилаад тэгнэ, ингэнэ гэж хэлэх боломжгүй. Гэхдээ “Тавантолгойг ард түмэндээ 100 хувь өгье, Оюутолгойн Хөрөнгө оруу­лалтын гэрээг засъя, луйврын сонгууль явуулахаа больё, долоо­дугаар сарын 1-ний буруутныг тодруулъя, сонгуулийн амлалтаа биелүүлье” хэмээн санал нэгдвэл хэн ч байсан бид хамтран ажиллахад бэлэн байгаа.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг баривчилсныг таньтай холбож тайлбарлаж байна. Та үүнд ямар нэгэн тайлбар хийх үү?

-Б.Хурцын асуудал улсын нууцтай холбоотой учир би нэг их юм ярьмааргүй байна. Харин өнөөгийн Засгийн газар улсын нууцыг санаа­тайгаар задалсан. Монголын Засгийн газар Монгол Улсад ч ашиг­гүй, Лондонд саатуулагдаад бай­гаа Б.Хурцад ч ашиггүй мэдэгдэл гаргачихаад ичих ч үгүй байна. Би “Хэнд ч ашиггүй байхад улсынхаа нууцыг задлаад сууж байж болдог юм уу” гэж өнөөгийн төр, засгийн удирдагчдаас асуусан. Б.Хурцад туслах гээд байна уу, хорлох гээд байна уу гэдгээ тодруулах ёстойг ч тэдэнд хэлсэн. Харин миний хувьд Б.Хурц гэдэг хүнийг нутагт нь авчрахын төлөө өнөөгийн төр, засгийн тэргүүн бүх л боломжоо ашиглах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ  талаар үүнээс илүү зүйл ярих хэрэггүй байх.

Р.САРАНГОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж