Увсад “Дэглий цагаан” нисэх буудал нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Увсад “Дэглий цагаан” нисэх буудал нээлтээ хийлээ

Увс аймагт урьд өмнө нь хийгдэж байгаагүй томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Дэглий цагаан” олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орлоо. Зуун хувь дотоодын төсвийн хөрөнгөөр, тодруулбал, 17 тэрбум төгрөгийн өртөг бүхий олон улсын нисэх онгоцны буудал энэ сарын 24-нд анхны зорчигчдоо Улаангомд хүлээн авлаа.

Энэхүү шинэ онгоцны буудал нь Монголдоо олон улсын “Чингис хаан” нисэх буудлын дараа орох хоёр дахь томоохон нисэх буудал болж байгаа юм. Цаашид тус нисэх буудалд олон улсын нислэгийн статус нээхээр төлөвлөж байгаа гэнэ. Нисэх буудал хоёр талаасаа хөөрч буух болон хүнд даацын том онгоц хүлээн авах боломжтой. “Дэглий цагаан” нисэх буудал нь нэг цагт 100 зорчигчийг хүлээн авч бүртгэх хүчин чадалтай, инженерийн бие даасан бүтэцтэй барилга байгууламжтай юм.

“Дэглий цагаан” нисэх буудлын нээлтэд Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн, аймгийн удирдлагууд, Зам тээвэр, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, ИНЕГ-ын дарга С.Батмөнх, буудлыг барьж байгуулсан “Үүрэг трейд” ХХК-ийн захирал О.Баяр нар оролцсон юм.

Шинэ нисэх буудалд “Изинис Эйрвэйз” ХХК-ий дөрвөн тийрэлт хөдөлгүүр бүхий  “Авро Ар Жей 85” хэмээх байлдааны зориулалттай онгоц Улаанбаатараас Улаангом чиглэлд 93 хүн тээвэрлэж, анхны буулт  хийсэн нь Увс аймгийн хувьд тэмдэглэлт үйл явдал байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж