Урт удаан хугацааны цонхоор ажилладгийг сануулав | News.MN

Урт удаан хугацааны цонхоор ажилладгийг сануулав

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Урт удаан хугацааны цонхоор ажилладгийг сануулав

Чилийн улс  банк санхүүгийн хүндрэлийг “Чилийн сан”-гийнхаа хүчээр төвөггүйхэн давсан гэдгийг хэн хүнгүй л сонсч байсан. Харин энэхүү санг хэрхэн байгуулсан, хөрөнгө мөнгийг хаанаас төвлөрүүлж, хэрхэн зарцуулсан талаарх мэдээлэл тийм ч элбэг биш. Энэ талын мэдээллийг бүрэн дүүрэн авах боломжийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар олгосон юм. Тэд “Чилийн сан”-гийн Компанийн хөгжлийг хариуцсан захирал В.Марселог урин видео хуралдаан  зохион байгууллаа. Хуралдаанд Монголын талаас Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Үндэсний шинэтгэлийн хорооны мэргэжилтнүүд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцов. Видео хуралдаан Улаанбаатарын цагаар өглөөний 08.00 цагт эхэлж, гурван цаг үргэлжлэн манай ажлын цаг жигдэрсэн бол Чилид үдшийн 23.00 цаг өнгөрч, ноён В.Марселогийн амралтын цагаас багагүй хумслахад хүрсэн юм.
Гадагш гаргасан болгондоо нэмүү өртөг шингээж чаддаггүй гэв
Анх 1974 онд байгуулагдсанаасаа хойш 76 компанийг үүсгэн байгуулсан, хамгийн гол нь улс орноо дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралаас авран хамгаалж чадсан энэхүү сангийн тухай монголчууд бид олонтаа сонсч байсан. Чили улс байгалийн нөөц баялгаа экспортлон, уул уурхайн салбараа түлхүү хөгжүүлдгээрээ манайхтай төстэй. Гэвч тэд баялгаа худалдаж олсон мөнгөө ард олондоо тараагаад өгчихдөггүйгээрээ биднээс ондоо. Үүнээс илүү мэдээлэлтэй нь бидний дунд цөөн. Тогтворжилтын сангаа баяжуулахын тулд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн түлхүү  үйлдвэрлэдэг байх даа гэх хар таамаг төдийхөн очсон миний хувьд ноён В.Марселогийн “Бид олборлосон баялаг болгондоо нэмүү өртөг шингээж чаддаггүй. Тиймээс боловсруулж буй зэсийн хэмжээг чамлан, нэмүү өртөг үйлдвэрлэсэнгүй гэж зэмлэх эдийн засагч цөөнгүй байдаг. Манай улс катодын зэс, электрон бүтээгдэхүүн, электрон чип ч үйлдвэрлэдэггүй. Модыг ч мөн гуалингаар нь экспортолж байна. Ойн аж ахуйгаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл маш их өртөг шаардахын дээр мебель тавилгыг бид бусадтай өрсөлдөхүйц хэмжээнд үйлдвэрлэж чадахгүй. Тиймээс түүхий эдээрээ өрсөлдөх нь бидэнд ашигтай” гэсэн тайлбар сонирхолтой санагдаж байлаа.
Тэгээд тэр баян санг хэрхэн бүрдүүлж, барагтайд гар сунгадаггүй америкчуудын алгыг тэнийлгэж, ганцхан “ВНР” компаниас л гэхэд  40 сая ам.долларыг гаргуулж боловсрол, хүний хөгжлийн салбартаа зориулж чадсан нь гайхалтай биш гэж үү. Энэ гайхамшгийг урт удаан жилийн турш бүтээсэн бөгөөд зөвхөн уул уурхайн салбараас нэмүү өртөг бий болгох бус бусад баялагтаа түшиглэн нэмүү өртгийг бий болгож чадсанд хамаг учир байгаа аж. Тус улс зэсээс гадна загас, жимс, мод ба цаасан бүтээгдэхүүнүүд, дарс зэргийг гадаадад түлхүү экспортолдог байна. Жимс, загас гэхчилэн удаан хугацааны хадгалалт тээвэрлэлт даахдаа муу, эмзэг бүтээгдэхүүнийг гадаадынханд шинэхэн, амттай чигээр нь хүргэхийн тулд шинэ санаа, шинэ технологийг ихээхэн дэмжиж ажиллажээ.  Дээр тодотгосончлон хоёр өөр ертөнцийнхөн эвсэн нэгдэх гол гогцоо нь ч  шинэ санаа, шинэ технологи байжээ. Чили улсад 1973 онд гарсан Пиночетийн цэргийн засаглал нь АНУ-ын үндэстэн дамнасан томоохон корпорациудын өмч хөрөнгийг улсдаа татах бодлогыг барьж байжээ. Гэвч тэд гадаадынханд хөрөнгийг нь буцаан олгосон бөгөөд олгосон мөнгөө Чили улсад хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулахыг шаарджээ.
Энэхүү ухаалаг алхмын нэг жишээ нь Чилийн Засгийн газар, Америкийн Олон улсын харилцаа, холбоо /ОУХХ/-ны  компанийн хамтран байгуулсан гэрээний дагуу бий болсон Чилийн сан юм. Сан өдгөө дэлхийд тэргүүлэгч компанийн нэг ВНР-тэй түншлээд амжсан төдийгүй захирлуудын зөвлөлийн гишүүдийн тал хувь нь Засгийн газраас, тал хувь нь хувийн хэвшлийнхнээс бүрддэг байна. Өөрөөр хэлбэл тус сангийн гол уриа нь өнөө жилээс манай төрийнхний амны уншлага болоод байгаа “Төр хувийн хэвшлийн түншлэл” юм байна. Тэгэхдээ гол тулгуур нь компаниудын өөрсдийн бүтээлч санаачлага гэдгийг ноён В.Марсело  дахин дахин хэлж байсан шүү.
“Коделько”-г хувьчлах уу?
Өнөөдөр Чилид уул уурхайн компаниудын гурван загвар байдаг ажээ. Зуун хувь төрийн өмчит ганцхан компани байдаг нь “Коделко”. Далаад оны үед АНУ-ын компанийг нийгэмчлэх үеэр улсын мэдэлд ирсэн “Коделко”-г хувьчлах хэрэгтэй гэж үзэх хүмүүс тус улсын эдийн засагч, улстөрчдийн дунд цөөнгүй гэнэ. Одоогоор хамгийн томд тооцогдож буй уг компанийг “Коделько нь ВНР компаниас ч үр дүн муутай ажилладаг, төсвийн мөнгөнөөс багагүй хувийг “Коделко”-д зориулдаг” гэхчлэн шалтгааныг  хувьчлах үзэлтнүүд хэлдэг байна. Гэвч “Коделко”-гоос улсын төсөвт чамгүй хөрөнгө төвлөрдөг гэдгийг Чилийн сангийн тэргүүн хэлэхээ мартаагүй. Тус улс уул уурайн салбартаа ВНР, Рио тинто зэрэг “акулууд”-тай тодорхой томъёолсон татварын бүтцийн дагуу бас ажилладаг ажээ. Харин гурав дахь хэлбэр нь Чилийн Засгийн газар үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлийнхний хамтарсан компани юм. Тус улс хувийн хэвшлийнхэндээ ихээхэн итгэл үзүүлдэг бөгөөд өдгөө тус улсын шоронг хүртэл хувийн компаниуд нь гэрээний дагуу ажиллуулдаг ажээ.
Шинэтгэл хийх нь покер тоглохтой адил
Энэ оны хоёрдугаар сарын дүнгээр Чили улсын хүн ам 17 саяд хүрчээ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ нь 8350 ам.доллар. 1976 онд тус улсын ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ манай улсын 2004 оныхтой дүйж байжээ. “Гэвч манай улсын тэр үеийн байдал одоогийн Монгол Улсынхтай адилтгах аргагүй. Манай улсын хувьд тухайн үед улстөр, эдийн засгийн байдал сайнгүй байсны дээр одоогийнх шиг интернэт гэж байсангүй. Тэгэхээр Монголд ДНБ-ээ нэмэгдүүлэх боломж илүү их байгаа” гэж Чилийн сангийн компанийн хөгжлийн газрын тэргүүн сэтгэл засна лээ. Чилийн санг хөл дээр нь босгосон хөдөлгөгч хүч нь шинэтгэл байжээ. Гэвч шинэтгэлийн зам шулуун дардан байгаагүйн адил тус сангаас санхүүжүүлсэн төсөл болгон ашгаа өгч, компани болгон хөлөө олсон хэрэг биш гэнэ.Үүнийг батлах нэг жишээ бол тус сангийн хөрөнгөөр байгуулсан 76 компаниас өдгөө 22 нь л улсдаа бүртгэлтэй хэвийн үйл ажиллагаа явуулж байдаг аж.  Эрсдэлтэй алхам олныг хийж, багагүй ч эрсдэл хүлээж байж өнөөгийн төвшинд хүрсэн байна. Аливаад шинэтгэл хийнэ гэдэг шатар биш покер тоглохтой адил гэж Чилийн нэртэй эдийн засагч хэлсэн байна. Шатрын нүүдлийг урьдчилан тооцоолж болно. Тэр бүү хэл хожил, хожигдлоо  ч таамаглах боломжтой. Гэтэл покерт хожих эсэхээ мэдэхгүйгээр бооцоо тавьдаг. Покерийн үйлдэл бүр эрсдэл дагуулж байдаг. Шинэтгэл хийнэ гэдэг бол үүнтэй адил гэсэн эдийн засагчийн зүйрлэлийг ноён В.Марсело зүгээр ч нэг дурдаагүй нь лавтай. Шинэтгэлийг хийх тогтсон дүрэм гэж байхгүйн дээр улс орон бүрт тохирсон  загвар гэж үгүй ажээ.  Үндэстэн бүр өөрсдийн онцлогтоо тохируулан шинэтгэлийг хийх хэрэгтэйг онцолсон. Манай улсын тухайд хоёр том гүрний дунд оршдог онцлогоо мартаж болохгүйг бас сануулсан юм. Ялангуяа Хятад улс глобал зах зээл дээр тоглолтын дүрмээ тогтоож буй энэ цаг үед монголчууд мэдээлэл, мэдлэг, мэдрэмжтэй байх нь чухал гэсэн үг анхаарал татаж байлаа.
Чилийн сангийн захирлын манай улсад хамаатуулж хэлсэн бас нэгэн үг бол “Уул уурхайн компаниуд урт удаан хугацааны цонхоор харж ажилладаг. Тэдэнд удаан хугацааны тогтвортой байдал юу юунаас чухал” гэсэн үг байлаа.

Д.Цээпил

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж