Фүкүшимагийн иргэдээс цацраг илрэв

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Фүкүшимагийн иргэдээс цацраг илрэв

Мэргэжилтнүүд Японы Фүкүшима Даичигийн атомын цахилгаан станцын ойр орчимд оршин суудаг 4-77 настай 15 иргэнд цацраг идэвхжлийн шинжилгээ хийхэд шинжилгээнд хамрагдсан бүх хүний биед цацраг идэвх илэрчээ. Шинжилгээг Хирошимагийн их сургуулийн анагаах ухаан, биологийн цацраг идэвхит бодис судлалын хүрээлэнгийн судлаач эрдэмтэн Нанао Камада хийсэн бөгөөд иргэдийн биеэс сезиум хэмээх химийн элемент илэрсэн байна. Ноён Камадагийн мэдэгдэж байгаагаар иргэдийн биед илэрсэн химийн элемент нь хүний эрүүл мэндэд хор учруулахгүй хэмжээнд байна гэж мэдэгджээ. Шинжилгээнд хамрагдсан иргэд нь атомын цахилгаан станцаас 40 км-ийн зайд орших Кавамата, Итатэ суурингуудын оршин суугчид ажээ.

Түүнчлэн тэдгээр иргэдээс цацраг идэвхт иод байгаа эсэхийг илрүүлэхээр шээсний шинжилгээг давхар авахад зургаагийнх нь биед илэрсэн байна. Судлаачид иргэдийн биеэс цацраг идэвх илэрсэн шалтгааныг хориг тогтоохоос өмнө хүнсэндээ хэрэглэж байсан ногоо, мөөг зэрэг хүнсний бүтээгдэхүүн мөн хортой агаартай холбож тайлбарлаж байна. Шинжилгээний хариу сөрөг гарсан нь цаашид атомын цахилгаан станцын ойр орчимд хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлтийг өгсөн бөгөөд энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Каваматагаас 7,500 орчим иргэдийг нүүлгэн шилжүүлсэн ч, Итатэ нутгийн иргэд одоог хүртэл сууриндаа амьдарсаар байгаа аж. Эхний шинжилгээний хариу өнгөрсөн тавдугаар сарын таванд, дараагийнх нь тавдугаар сарын сүүлээр гарсан бөгөөд нэгтгэсэн хариуг зургадугаар сарын 19-нд иргэдэд албан ёсоор танилцуулсан байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж