Үерийн аюултай нөхцөл байдлын тухай

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Үерийн аюултай нөхцөл байдлын тухай

 Үерийн аюултай нөхцөл байдлын тухай          

 
Энэ оны 6 дугаар сарын 22-ны байдлаар Улаанбаатар хот орчмын бүс нутагт хур бороо элбэгтэй, харьцангуй дулаан болж байгаагаас зуншлага сайн байна.

Зуны хур борооны улирал олон жилийн дунджаас арай эрт эхэлж, дуу цахилгаантай усархаг ширүүн аадар бороо орох, аянга буух, өндрийн бага даралтын орон шилжин ирж байгаатай холбоотой үргэлжилсэн  их бороо орох  нөхцөл байдал үүсч цаашид ч 7 дугаар сарыг дуустал хугацаанд үе үе давтагдах төлөвтэй байна.

Дээрхи нөхцөл байдлын улмаас зарим газарт аянга бууснаас гал түймрийн аюул нэмэгдэх, түр зуурын хүчтэй аадар борооны улмаас зарим дүүрэгт  үер усны далан сэтэрч албан байгууллага ард иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учруулах нөхцөл бүрдэж байна.

Иймд нийслэл хотын хүн амыг байгаль цаг агаарын болзошгүй аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд бий болсон нөхцөл байдалд дүгнэлт хийж, үерийн аман дээр буусан айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авах, үерийн усыг зайлуулах хамгаалалтын далан, шуудууны байдалд үзлэг шалгалт хийж, холбогдох арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.    

2011 оны 06 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн нутгийн зарим, төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи говь, талын нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, зүүн зүгийн нутгийн баруун, говийн хойд хэсгээр 24-29 градус, говийн өмнөд болон Дорнод Монголын тал нутгаар  28-33 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

2011 оны 06-р сарын 29-нээс 07-р сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд ихэнх нутгаар, 30-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 1-нд баруун, төв, говийн нутгаар, 2-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, говь талын нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж