Украин Улсад Төрийн айлчлал хийж буй Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаа нар Львов хотод төрөлх сургуульдаа саатан зочилсон үйл ажиллагааг Украины 50 орчим сэтгүүлч сурвалжиллаа. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, асуулт тавих боломж олгохыг хүссэний дагуу Петр Сагайдачнийгийн нэрэмжит Львовын Хуурай замын цэргийн Академийн хурлын танхимд хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
23 жилийн дараа төрөлх сургуульдаа ирсэн Ерөнхийлөгчийн сэтгэгдэл хэвлэлийнхний сонирхлыг хамгийн их татаж байсан.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал, хоёр улсын харилцаа, Львовт өнгөрүүлсэн жилүүдтэй холбоотой дурсамж, сэтгүүлч Ц.Элбэгдоржийн хийж байсан ажлууд, Ерөнхийлөгчийн намтар, гэр бүл, багш нар гээд олон сэдвээр украины сэтгүүлчид асуулт асууж байлаа.