
Төдөлгүй Ларри Кингийн ярилцлагуудыг тэр чигээр нь орчуулаад сонинд хэвлэдэг болсон. Ийнхүү “Ларри”-тай сонины дугаар захиалагчдын сонирхлыг татаж эхэлсэн. Цацаа шинэ, өөр ертөнцийн хаалга татах дуртай бүсгүй гэдгийг бүр тэр үеэс олон уншигч анзаарсан биз ээ. Түүнд утга зохиолын орчуулгын нандин мэдрэмж заяасныг үргэлж анзаардаг байлаа. Зөөлөн салхи мэт түүний орчуулга уншвартай атлаа хүйтэн ус цацах мэт гэнэтийн, үгийн сонголт нь торгон туузаар илбээд оддог. Сэтгэл гижигдсэн тэр туузны араас дагамаар санагддаг. Утга зохиолын орчуулга гэдэг асар хөдөлмөр, тэвчээр, хэлний өндөр мэдлэг, үгийн тансаг шаардсан ажил.
Цацаа Делигийн Их сургуулийн утга зохиолын англи хэлний ангид сэтгэлийн дуудлагаараа сурсан юм. Их сургуулийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн бидний ижил бүсгүйд хос чадвар заяасан нь юутай сайн. Мастерийн сургалтад явах үед охин Саруул, хүү Тэнүүн хоёр нь жаахан байсан, бас Делийн Их сургуулийн өндөр ачаалал хүнд байсан, гэхдээ Цацаа бүгдийг даваад гарсан. Одоо Цацаа уран бүтээлийн ажилдаа шамджээ. Жүжгийн сонгодог зохиолууд орчуулсан байна. Саяхан шинэ номоо хэвлэлтээс авсан.
Michael Walters-ийн анхны бүтээл нь Монголын тухай байсан гэдэг. Гэхдээ бүр Монгол орны өнөөгийн амьдрал, уул уурхай дагасан баялгийн өрсөлдөөн, гэмт хэргийн гинжин замууд, яг л өнөөгийн эрээн барааныг 2007 онд үзэглэн бичжээ. The Shadow Walker буюу “Сүүдрээр алхагч” ном нь дөрөв дэх удаагийнхаа хэвлэлтээр ийнхүү Монголын уншигчдын хүртээлд цагаа олон очиж байна. Албан ёсны орчуулгын эрхийг сэтгүүлч Б.Цацрал мөн л албан журмаар нь зохиогчоос нь авсан аж. Цөөнгүй жилийн өмнө “Өнөөдөр” сонинд хамт ажиллаж асан үед Цацаагийн хэсэгчлэн тавьж байсан тэрхүү бүтээл ажгуу. Шимтэн уншаарай.
Б.Цацралын уран бүтээлийн цуврал орчуулгын ном, жүжгээр үл хязгаарлагдана гэдэгт итгэдэг. Урлагийнхны гэр бүлд өсч хүмүүжсэн Цацаа энэ салбарт шинэ, өөр зүйл олныг хийж чадна. Бас сэтгүүл зүйдээ хайртай хэвээр байх биз ээ.
Оюутны ширээний ард тохой залган суусан, дараа нь нэг редакцийн хаалгыг хэдэнтээ татсан, хамт жаргал зовлонгоо ярьж сурсан Цацаадаа өөрийнхөө замаар, өөрийн чаддаг, хайртай зүйлээ өөрийнхөөрөө босгосоор яваарай хэмээн ерөөе.