Энэ шоу шударга болоосой

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Энэ шоу шударга болоосой

“Холливудад зорчих тасалбар” реалити шоуны талаарх шинэ мэдээллийг хүргэж байна. Уг шоуны талаар бид цувралаар мэдээлж байгаа билээ.
“Холливуудад зорчих тасалбар” ганцхан байгаа. Харин одоогоор тэр эрхийн төлөө долоон баг өрсөлдөж байна. Өнгөрсөн  долоо хоногт шүүгчдээс өрсөлдөгчдийн дунд өгсөн даалгавар бол хошин төрөл. Найруулагчид бүгд л хүн инээлгэх хамгийн хэцүү гэж байгаа ч ялахын төлөө ганзага хоосонгүй бүтээлүүдтэйгээ уулзацгаасан.
Холливуудын тасалбарт өрсөлдөж буй хоёрхон эмэгтэй найруулагчын нэг  “A-Artist” продакшны найруулагч Т.Алтантуяатай хэсэг хором ярилцлаа.

-Эмэгтэй хүн найруулагч байх амаргүй байх. Энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ?
-Найруулагч  бол хэцүү мэргэжлийн тоонд ордог. Анх намайг найруулагч мэргэжлийг сонгоод сургуульд орж байхад манай багш “Чи жүжигчин байж яагаад заавал найруулагч мэргэжлийг сонгох гээд байгаа юм бэ? Найруулагч гэдэг чинь арын албанд үлддэг мэргэжил . Сайн кино юм уу, сайн уран бүтээл болоход хүмүүст жүжигчид  нь түрүүлж нэр алдарт хүрдэг, яг найруулагчийг нь дараа нь  бүгд мартчихдаг, яагаад ийм хэцүү мэргэжил сонгоод байгаа юм бэ?”  гэж хэлж байсан. Тэр үгийг би одоо хүртэл боддог. Ер нь бол үнэн, гэхдээ найруулагч гэдэг бол амьдралаас өөрөө олж авдаг мэргэжил. Хүн болгоныг багаас нь дууны авъяастай юм байна, хөөрхөн дуучин болох юм байна гэхээс биш  найруулах авъяастай, сайн найруулагч болох юм байна даа гэж хэлдэггүй шүү дээ. Тэгэхээр найруулагчийн мэдрэмж туршлагыг хүн  өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр өөрөө олж түүн дээрээ авъяас, хүч, бололцоо,  сэтгэмж  бүх юмаа нэгтгэн  маш их хөдөлмөрийн үр дүнд бий болгодог. Би хэцүү юманд дуртай.
– Энэ шоунд оролцох болсон хамгийн том зорилго?
-Өөрийгөө хаана нь явааг мэдэх. Ер нь манай нийгэмд байгаа түгээмэл сөрөг үзэгдлийн нэг бол арав хорин жилийн өмнө нэг мэргэжил эзэмшчихээд өөрийгөө болсон мэтээр бодоод цааш нь хөгжүүлэхгүй яваад байдаг. Найруулагч хүн бол өдөр бүр сурч нийгэмтэйгээ хөл зэрэгцэж байх ёстой.
-Холливуудын киноноос таны  хамгийн үзэх дуртай кино?
-Миний хамгийн дуртай кино бол “Хөөрхөн хүүхэн”. Хүмүүс хуучинсаг гэж бодож болох юм гэхдээ сонин тоо баримт хэлбэл  хамгийн сүүлийн үеийн интернэтийн судалгаагаар дэлхий нийтийн үзэгчдийн хамгийн их татаж үзсэн киноны нэгдүгээр байрыг “Хөөрхөн хүүхэн” хоёрт  “Однаждый в Америка” гуравт  “Титаник”  кинонууд  эзэлж байсан. Хүн бодит болоод үнсгэлжингийн үлгэрт  дуртай байдаг. Энэ киног анх гарч эхэлсэн үеэс  үзэх болсон одоо ч гэсэн суваг сольж  байгаад гарч л таарах юм бол үздэг.
-Холливуудын найруулагчдаас хэнийг хүндэлж явдаг вэ?
-Мэдээж төрөл төрлөөсөө шалтгаалаад өөр. Mel Gibson үнэхээр агуу найруулагч. Тэр хүний бодож байгаа сэтгэж байгаа өвөрмөц ертөнцийг үзүүлж байгаа. Түүний хийсэн омгийхны амьдралын тухай кино бол үнэхээр гайхалтай. Хэрвээ тэр кино байгаагүй бол бид тийм ертөнц байдгийг мэдэхгүй өнгөрөх л байсан. Бас James Cameron. Тэрээр үнсгэлжингийн үлгэрийг өөр төрлөөр орчин үеийн болгож харуулсан.
-Шоуны зохион байгуулалтын талаар сэтгэгдэл хэр байна вэ?
– Найруулагчдын дунд ийм тэмцээн болж байгаа нь сайшаалтай. Найруулагч хүн гэдэг бол бүх юмны донжыг тааруулж, санаанд хүрсэн бодол шийдлийг олж, зураг авалтаа сайн хийж,  обьект,  жүжигчдээ зөв сонгох,  багаа удирдах гээд ганц хүний бүтээл биш хамтын,  багын бүтээл байдаг. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд телевиз студийг нэг дор өрсөлдүүлнэ гэдэг зөв шийдэл биш гэж бодож байна. Яагаад гэвэл телевиз гэдэг чинь өөрөө ямар агуу том, ямар хүмүүстэй билээ?  гэтэл хувийн студи продакшнууд чинь ямар төвшинд байгаа билээ?  Энэ тэмцээнд оролцож байгаа багуудад цаанаас нь зардал, мөнгө өгөхгүй байна.   Бид уран бүтээлчид болохоор өөрсдөө жүжигчдийг олно, обьектоо сонгоно,  машин тэрэгний асуудал шийднэ,  мэдээж микроавтобусанд суугаад гэрэл камераа бариад явахгүй нь ойлгомжтой. Тэгээд бидэнд бэлэн дүрс гэж юм байхгүй. Гэтэл телевизод өчнөөн төрлөөрөө фондод нь байна. Мэргэжлийн зураач ч байна, бэлэн дүрс гээд л, гэтэл хувийн студид ийм зүйлс алга. Өрсөлдөөнд бор зүрхээрээ л өөрсдөө бүгдийг хийгээд орж байгаа. Энэ утгаараа хүмүүс үнэнийг мэдэж байх хэрэгтэй байх.
-Шүүгчид хэр шударга шүүж байна вэ?
-Шүүгчид гурван өөр үзэл бодолтой, энэ салбартаа туршлагатай хүмүүс байгаа болохоор шүүлт шударга болох байх л гэж бодож байгаа. Манайд ийм төрлийн тэмцээн уралдаан хэрэгтэй. Яагаад гэвэл телевиз гэдэг чинь асар хүчтэй сурталчилгааны хэрэгсэл. Телевизийн студи продакшнууд нэг алхмын өмнө явж байж арт түмэнд гоё юмыг үзүүлж байж ер нь энэ чинь асар их ач холбогдолтой, тэр хүмүүсийг өндөр төвшинд байлгана гэдэг чинь сайн гэхдээ нэг бодлын осолтой хэрвээ энэ тэмцээн шударга бус болбол дахиад энд хэн ч оролцохгүй. Одоо жишээ татахад “Universe best songs” уралдаан анх явагдаад шударга болсон болохоор нэр хүнд нь өсөөд энэ жил ямар их хүүхэд оролцож байна. Гэтэл манайд болдог бусад уралдаанууд дандаа худлаа болдог. Тэгээд нэр хүнд нь унаад нэг удаа хийгээд л алга болдог. Би урьд нь уралдаануудыг харж байсан ч хэзээ ч оролцож байгаагүй. Энэ шоу  шударга биш болоод битгий л  устчихаасай  гэж их бодож байгаа.
-Өрсөлдөгчдийнхөө талаар ямар бодолтой байгаа вэ?
-Би даруухан байх дуртай. Манай найруулагч нар зэрэгцэн оршиж чаддаггүй. Бүгдээрээ “би”-гийн өвчин тусчихсан. Уг нь шинэ залуу найруулагчид  бол “бид” гээд, гоё бие биеэ хүлээн зөвшөөрдөг зэрэгцэн оршиж чаддаг байх нь ирээдүйд хэрэгтэй. Тэмцээний гол утга учир нь үүнд төлөвшүүлэхэд байгаа байх аа гэж боддог. Тэгэхгүй зарим найруулагчид нэг нэгнээ тэр “мияа” бүгдээрээ л  ер нь муу, би ганцаараа мундаг гээд л. Надаас нэвтрүүлгийн талаар хөтлөгчид ирж санал асуухдаа танайхыг сайн гэж байна. Өөрсдийгөө юу гэж бодож байна гээд л асуудаг. Манай багш  ”Хэрвээ чи хүнээс бүр илүү байя гэж бодож байвал хүний хийгээгүй  юмыг л хий  тэгвэл чи үнэхээр мундаг” гэдэг байсан.  Ер нь зэрэгцэн оршиж сурах хэрэгтэй. Шүүгчид гээд гурвын гурван хүн шүүж байна аа. Дээрээс нь үзэгчид гээд бүр мундаг хүмүүс сууж байхад давхар өөрсдөө шүүх гээд хэрэггүй байх аа л гэж бодож байна. Тэр миний өрсөлдөгч гэж нэр цохож хэлэхгүй ээ. Хэлэхэд ч эрт байна. Ер нь яг найруулагчдыг нь өрсөлдүүлбэл  болох юм. Дээрээс нь Монголд мундаг мундаг студиудууд байдаг ч тэд бид ийм мундаг юм хийчихсэн юм чинь гэж боддог байх л даа. Багаар гэхээр ганц хүний биш хамтын бүтээл болохоор өрсөлдүүлэхэд амаргүй ээ. Энд ороогүй олон студи продакшнууд байгаа болохоор өнөөдрийн энэ төвшнөөр өрсөлдөгчөө тодорхойлно гэдэг хэцүү.
-Шоуны даалгаврууд ямар санагдаж байна? Энэ долоо хоногт өгсөн хошин төрлийн даалгаврыг танайд хамгийн ойр хялбар байна гэж яригдаж байсан.
-Студи ажил ихтэй байдаг.  Ажлынхаа хажуугаар ямар ч зардалгүй, богино хугацаанд ийм хүнд даалгавар гүйцэтгэх амаргүй. Мэдээж инээдмийн төрөл бол үнэхээр хэцүү. Хүн чинь их сонин. Ээжийгээ явах гэхэд хүүхэд нь зуураад уйлаад байхад ямар ч хүн уяраад нулимс дусаадаг. Харин хүн инээдмийн юм үзээд инээхгүй бол шууд уур нь хүрдэг. Би өөрөө инээдмийн төрлийг марзагнаж ч юм уу,  хошигнох гэж ядсан хэн ч харсан болимоор юм гэсэн юм хийх дургүй. Цаанаа хошин аястай юм бодогдуулахаар аливаа нэг сэдвийг хөндөх дуртай. Инээдмийн төрөлд хийсэн юманд хүн нэг хоёр ч удаа хамаагүй инээж байх ёстой. Манайх тэр шаардлагыг хангасан гэж бодож байна. Шүүгчид энэ даалгаврыг өгөхдөө үг орохгүй, киноны хэлээр кино зохиол болгон хий гэсэн.  Манайх яг энэ талыг нь л барьж хийсэн. Гэтэл хүмүүс хооронд нь яриулаад драмчилсан юм хийсэн. Хэрвээ тийм юм болох байсан бол манайх нэг үзэгдлээсээ тоглоод орж болох байсан байна л даа. Манайх жижигхэн онигоог дүрсжүүлдэг байсан ч түүнээсээ хийе гэж бодоогүй ээ.
Таньд амжилт хүсье
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж