Сонгуулийн хуулийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Болд, Р.Амаржаргал, Б.Батбаяр, Д.Кекюшүзан Батбаяр, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Л.Гүндалай, Э.Мөнх-Очир, Ц.Сэдванчиг, Х.Тэмүүжин, П.Алтангэрэл, Д.Балдан-Очир, Ш.Сайхансамбуу нарын санаачилсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төслийг УИХ-ын даргад өнөөдөр өргөн барилаа. Шинэ төслийн талаар эрхэм гишүүн Л.Болдоос тодрууллаа.

-Шинэ төслийн гол онцлог юу вэ?

-Энэ хуулийн гол зарчим гэвэл Монгол Улсын Үндсэн хуулийг мөрдөж байгаа. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнийг шууд сонгох зарчимтай. Дээр нь пропорциональ зарчим буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор парламентыг бүрдүүлэх дэлхий нийтэд үйлчилж байгаа зарчмыг шингээж өгсөн. Олон тойрог бүхий олон мандаттай, хувь тэнцүүлсэн сонгуулийн систем гэж товчоор хэлж болно.

-Хэдэн тойрогтой байх вэ. Сонгогчид ямар зарчмаар саналаа өгөх вэ?

-Томсгосон тойрогтой байна. УИХ тойргийн тоог тогтооно. Сонгуулийн газар зүй гэсэн олон улсын сонгуулийн эрх зүйд зайлшгүй байдаг ойлголтыг оруулж ирнэ.Ингэснээр наймаас 10 тойрог байх бололцоотой. 76 мандат хэвээрээ байгаа. Сонгогчид хөтөлбөрийг нь дэмжсэн тодорхой намдаа санал өгнө. Дээр нь тухайн нам дотроосоо нэр дэвшсэн нэг хүнд мөн санал өгнө.  Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч тодорхой тойрогтой байна. Нөгөө талаас парламент сонгогчдын саналын хувиар бүрдэнэ. Энэ нь Үндсэн хуулийн зарчмыг хангаж байгаа. Мөн хувь тэнцүүлэх зарчмыг давхар хангах бололцоог олгож байна. ХБНГУ зэрэг нэлээд хэдэн улсад сүүлийн 60 гаруй жил хэрэгжиж, парламентын төлөөлөл тогтвортой ажиллах, ард түмний төлөөллийг үнэн зөв бүрдүүлэх, парламентын гишүүд аль аль талдаа хариуцлагаа ухамсарлаж ажиллах зарчмыг хангасан зарчим юм. Өнөөдөр шүүмжлээд байгаа гишүүдэд тодорхой зардал мөнгө холбогддог, сум, аймгийн депутат гэсэн харьяалал оногдоод байдаг эдгээ дутагдлыг засах бололцоотой тогтолцоо юм.

-Намд босго байх уу?

-Тухайн тойрогт авсан саналын нэг мандатад ногдох дундаж саналаар босгыг тодорхойлно.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж